Эрчим хүчний салбарыг улс төрөөс ангид байлгая

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарыг улс төрөөс ангид байлгая

Ази тивийн төв хэсэгт оршдог улсуудын эрчим хүчний сал­барынхан  эрчим хүч, цахилгааны асуудлаа   хэрхэн шийдэх, яаж боловс­ронгуй, байгаль орчинд аюулгүй ашиглах вэ гэдгийг хэлэлцэж байна. Энэхүү олон улсын уулзалт, зөвлөлгөөнийг Монгол Улсад Азийн хөгжлийн банк болон Эрдэс баялаг, эрчим хүчний яам хамтран зохион байгуулж буй юм. Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны улсуудын хөтөлбөрийн эрчим хүчний хорооныхон өнгөрөгч гуравдугаар сард чуулж байжээ. Харин энэ удаад Монгол Улсын нийслэл Улаанбаатарт чуулсан нь энэ юм. Уг байгууллагад нийт найман улс гишүүнчлэлтэй байдаг. Энэ удаагийн хуралдаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу Афганистан, Азербейжан, Хятад, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргизийн болон манай улсын эрчим хүчний салбарынхан оролцож байна. Тэд гурван өдрийн турш цахилгаан, эрчим хүчний салбарын асуудлаар санал солилцоно. Ингээд уг үйл ажиллагааны хоёрдахь өдрийн хуралдааны үеэр манай улстай холбогдох зарим зүйлсийг сонирхлоо.
Хуралдааны танхимд олон улсын төлөөлөгчид бие биенийхээ илтгэлийг сонсч, асуулт асууж, үзэл бодлоо хэлж байв. Манай улсын цахилгаан, эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг боломжийн хэмжээнд явж буй хэмээн олон улсын төлөөлөгчид үнэлдэг юм байна. Олон улсын эрчим хүчний салбарынхан хөрш болон бусад орнуудаасаа ийн  туршлага солилцож, хэлэлцэж, сонсч буй нь ихээхэн ач холбогдолтой хэмээн дүгнэж байгаа аж. Хуралдааны үеэр Эрчим хүчний газрын Ерөнхий хэлтсийн дарга Д.Чимиддоржоос төлөөлөгчид шинэ санаачилга гарган хэрэгжүүлж буй талаар болон хөрш орнуудаасаа туршлага солилцож  байгааг асууцгаасан. Жилийн ихэнх үед нартай байдаг Монгол Улс нарны эрчим хүчийг ашиглан дулааны эх үүсвэрээ шийдэх боломжтой. Энэ тал дээр төлөвлөсөн юм байна уу гэсэн асуултад түүнээс хариулт авлаа. Тэрбээр “Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны улсуудын хөтөлбөрийн эрчим хүчний хорооны таван жилийн хөтөлбөрт тусгагдсан нарны коллекторыг ашиглах төслийг хэрэгжүүлж эхэлсэн.  Яг одоогийн байдлаар нарны эрчим хүчийг хөдөөгийн жижиг суурин болон аж ахуйн нэгж, өрхүүд ашиглаж байгаа” хэмээн хариулав. Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны улсуудын төлөөлөгчид манай улсын эрчим хүчний салбарынхныг бусад улс орны туршлагаас суралцаж, нэвтрүүлээсэй хэмээн хүсдэг бололтой.
Хуралдааны үеэр анхаарал татсан нэг асуудал нь монголд одоо ашиглаж буй эрчим хүчний нөөц бололцоо хийгээд цаашид ихээр нэмэгдэх хэрэгцээний асуудал байлаа. Манай улсын эрчим хүчний суурь хүчин чадал одоо 800 мвт байлаа гэж бодоход одоогоос хоёр гурван жилийн дараа үүнээс хэд дахин илүү эрчим хүчний эх  үүсвэрийг шаардах болно хэмээн Дөрөвдүгээр цахилгаан станцын гүйцэтгэх захирал Д.Цэвээн онцлов. Хэд дахин нэмэгдэх хэрэгцээг  нарны болон салхины үүсвэрийг ашиглан  нөхнө гэдэг боломжгүй асуудал аж. Тэгэхээр шинээр цахилгаан станц барих шаардлага урган гарна. Эрчим хүчний хэрэгцээг хангах тав дахь эх үүсвэрийг нийслэлд барихаар төлөвлөөд буй ч одоог хүртэл энэ ажлыг эхлүүлээгүй байгаа билээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хэрвээ өнөөдрөөс эхлэн тавдугаар цахилгаан станцыг барьж эхэллээ гэж бодоход ашиглалтад ортлоо 5-6 жилийн нүүрийг үзнэ гэнэ. Учир нь бүхэл бүтэн эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан станцыг барих нь тийм ч амар ажил биш ажээ. Мөн  одоогийн байдлаар ярианы гол сэдэв болоод буй говийн Оюутолгой, Тавантолгойн уурхайг даган гарах эрчим хүчний асуудлыг хурлын үеэр ярьцгаав. Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан Шивээ овоогийн уурхайд түшиглэн 4000 мвт хүчин чадалтай станцыг Хятадын хөрөнгө оруулалтаар барих ажлыг одоогийн байдлаар тал талаас нь хэлэлцэж буйг дуулгав. Тэгэхээр төлөвлөгөө, яриан дунд “баригдаж” буй цахилгаан станцуудыг амьдрал дээр барих хүртэл хэрэгтэй эх үүсвэрээ ондоо газраас хайхаас өөр замгүй болох цаг удахгүй ирэх нь ээ.
Манай улсын Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаадынханд тохиолддог нэг бэрхшээлтэй зүйл нь тухайн салбарын үйл ажиллагааны дүрэм, зарчим нь тодорхой бус байдаг явдал гэнэ. Зарчмын хувьд Эрчим хүчний зохицуулалтын асуудал маш тодорхой, нээлттэй байх ёстой аж. Мөн эрчим хүчний бие даасан зохицуулалт маш чухал хэмээн онцолсон. Уг салбар ямар нэгэн улс төрийн хүчнээс ангид байх юм бол энэ салбарт хөрөнгө оруулагч татах боломж их хэмээн оролцогчид ярьж байлаа.
-Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв:
-Бүс нутгийн хамтын ажиллагаатай улсууд энэ удаад харилцан туршлага солилцож байна. Манай улс бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох байр суурьтай байх ёстой. Энэ ч утгаараа хамтран ажиллаж, ойрын жилүүдэд ямар ажил хийх талаар санал солилцож байна. Манай эрчим хүчний салбарынхны хувьд өөрсдийнхөө боломж бололцоо, нөхцөл байдлыг танилцуулж, байр суурийг илэрхийлж, дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байгаа. Тавантолгойн цахилгаан станц, Өмнөговийн эрчим хүчний асуудлаар ЭБЭХЯ тодорхой судалгаа, тооцоо хийн ажиллаж байна. Одоогийн байдлаар 220 киловаттын шугам бариад тодорхой  хэмжээгээр асуудлыг шийдвэрлэе. Үүний дараа тэр бүс нутагт эрчим хүчний эх үүсвэрийг шинээр барья гэж ярьж байна. Ингэснээр Тавантолгой, Нарийн сухайт, Цагаан толгой, Оюутолгой гээд олон уурхайн цахилгааны эх үүсвэр шийдэгдэх юм.  Харин Тавантолгойн асуудлыг УИХ-аар эцэслэн шийдээгүй байгаа болохоор хэлэлцэж дууссаны дараа илүү тодорхой яригдах байх.
-“Energy Servise LTD”-ийн Техник үйлчилгээний дарга  Томас Линч:
-Би эрчим хүчний салбарын оношилгоо судалгаан дээр ажиллаж байгаа. Бидний гол цуглуулж байгаа мэдээлэл нь уг салбарт өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн төсөл, оролцогч орнуудын эрчим хүчний ачаалал, хэрэгцээний тухай юм. Ачааллын хувьд бид улс орон бүр дээр илүүдэл юу байна дутагдал юу байна гэдгийг улирлаар нь, өдрөөр нь, тодорхой цагаар нь нарийвчилж буй. Өмнө юу хийсэн гэдгээс гадна гишүүн орнуудынхаа ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд, дэд бүтцийн асуудлыг ч орхигдуулахгүй. Бусад улс орнууд төдийгүй Монгол Улсын хувьд ч гэсэн энэ тал дээр анхааран ажиллах хэрэгтэй.

Т.Урангэрэл.

Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм”.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж