Хятадуудтай хамтарч малаа эмчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.26-нд нийтлэгдсэн

Хятадуудтай хамтарч малаа эмчилнэ

Монгол, Хятадын Хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны ажлын хэсгийн 6 дугаар хурал БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 24–ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хурлаар малын генетик нөөцийг сайжруулах, таримлын шинэ үр сорт гарган авах хоёр орны холбогдох байгууллага хооронд шууд хамтын ажиллагаа тогтоон хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх талаар ярилцсан байна.  Мөн Монгол Улсад малын гоц халдварт өвчнөөр тайван бүс бий болгох, хил дамнасан малын өвчинтэй тэмцэх хамтарсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн менежмент, технологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүд, фермерүүдийг Хятадад сургалтад хамруулахаар болжээ. Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцон хурлын протоколд гарын үсэг зурсан аж.

Уг хурал нь Монгол-Хятадын Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр болон Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, худалдааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон асуудлыг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой аж.

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж