Нийслэлийн хэмнэлд өөрчлөлт орох уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмнэлд өөрчлөлт орох уу?

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх сар болон цагийн хуваарьт багагүй өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Учир нь нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ирэх арванхоёрдугаар сарын эхний хуралдаанаар “Хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-21.00 цаг болгох, долоо, наймдугаар сард дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх” зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бадрал “Автомашины дугаарын хязгаарлалт одоо бол ажлын өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд үйлчилж байгаа. Үүнийг өөрчлөн 07.00-21.00 эсвэл 08.00-21.00 цаг хүртэл болгож өөрчлөх асуудлыг хэлэлцэх юм. Мөн хязгаарлалтын бүсэд өөрчлөлт оруулна. Тодруулбал, Баянхошууны Хувьсгалчдын зам болон Богд уулын арын замыг хязгаарлалтын бүсээс хасч магадгүй” гэж мэдэгдэж байна.

2012 оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэхүү шийдвэр  нийслэлийн автозамын түгжрэл 20 орчим хувиар буурсан гэдгийг нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдэгддэг. Гэхдээ зуны саруудад дугаарын хязгаарлалтын түр цуцалснаар замын ачаалалд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзэж байгаа гэнэ. Тодруулбал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс “Зуны саруудад нийслэлийн иргэдийн ихэнх нь амарсан байдаг тул долоо, наймдугаар саруудад дугаарын хязгаарлалтыг түр цуцлах. Цагийн хязгаарлалтын хоёр цагаар хасч 08.00-21.00 цаг болгох” саналтай байгаа гэдгээ НИТХ-ын хуралдаанаар илэрхийлж байсан юм.

Ямартай ч иргэдээс хязгаарлалтын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт, гомдол байнга ирүүлж байгаа тул энэхүү санал нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар дэмжигдэх өндөр магадлалтай байгаа бололтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж