“Интернэт хэрэглэгчдийн тоо 320 хувиар өслөө”

Хуучирсан мэдээ: 2014.12.02-нд нийтлэгдсэн

“Интернэт хэрэглэгчдийн тоо 320 хувиар өслөө”

16:00

Яг одоо Туушин зочид буудалд “NEWS ФОРУМ” үргэлжилж байна. Тус форумын салхийг хагалж, УИХ-ын гишүүн Л.Болд “Онлайн эрх чөлөө бол хүний эрх чөлөө” сэдвээр илтгэл тавьж байгаа юм. Тэрбээр илтгэлдээ:

-Орчин үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зарчмыг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна Интернэтэд бас баримтлах ёстой гэсэн хөдөлгөөн дэлхий дахиныг хамарч эхлээд байгаа юм. Интернэт эрчимтэй хөгжин тархаж байгаа өнөө үед "кибер орчин» хэмээх мэдээллийн маш том ертөнц бий болсон. 1995 онд дэлхийн хүн амын дөнгөж нэг хувь нь Интернэтэд холбогдсон байсан бол одоо энэ тоо 40 хувь буюу 3 тэрбумд хүрээд байна. Монгол Улсад Интернэт хэрэглэгчдийн тоо сүүлийн 3 жилд 320 хувь өсч, 2013 оны байдлаар 841 мянгад хүрсэн байна. Энэ бол нийт хүн амын 30 гаруй хувь нь Интернэтэд холбогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай оронд Интернэт хэмээх сая шахам уншигчтай хэвлэл, мэдээллийн том орон зай болжээ.

Интернэтийн энэ өргөн уудам орон зайг зөвхөн мэдээллийн хэрэгсэл, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудлаар бас хязгаарлаж болохгүй. Энэ бол бизнесийн асар том бололцоо юм. АНУ-ын Санфранциско хотын жишээ Монголын хөгжлийн загвар гэж надад санагдсан. Тэнд маш үнэ цэнтэй олон аж ахуйн нэгж бүртгэлтэй, татвараа төлөөд явдаг ч ажлын байр нь зөвхөн тэнд байдаггүй. Дэлхийн өнцөг булан бүрээс тэдгээр компаниуд ажлаа явуулдаг. Монгол Улс онлайн эрх чөлөөг баталгаажуулж чадах юм бол, Монголын залууст өндөр технологи нь байхгүй ч эрх чөлөө, бололцоог нь нээгээд өгчих юм бол СанФранциско шиг хөгжлийн загвар байж болохоор харагдаж байна хэмээн өгүүллээ.


15:35

“NEWS ФОРУМ” эхэллээ

“Мэдээллийн эх сурвалж-news.mn” гэдэг хэлц үг гартал ажиллаж чадсан “News” агентлагийн 10 жилийн ойн баяр “NEWS ФОРУМ”-аар үргэлжилж байна. Өнөөдрийн форумд news.mn сайтын уран бүтээлчид болоод төр, засгийн төлөөлөгчид оролцож, олон чухал сэдвийг хөндсөн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Форумын эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд “Онлайн эрх чөлөө бол хүний эрх чөлөө” сэдвээр илтгэл тавьж байгаа юм. Түүний дараа  “Дижитал медиа” сэдвээр “Монгол Масс Медиа” группийн Ерөнхий захирал А.Амундра, “Онлайн сэтгүүл зүй уламжлалт сэтгүүл зүйн хандлагыг өөрчилж байна” сэдвээр “NEWS”агентлагийн Дэд захирал Д.Нарантуяа, “News vision” сэдвээр “NEWS” агентлагийн Гүйцэтгэх захирал Г.Анархүү  нар илтгэл тавьж байна.


14:18

ЮНЕСКО-гийн “Батламж” гардууллаа

“News” агентлагийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс сэтгүүлч уран бүтээлчдийн хамгийн эрхэм шагнал болох “Ган үзэгтэн” цол тэмдгээр “News”  агентлагийн улс төр, эдийн засгийн мэдээллийн албаны сэтгүүлч С.Отгонсүрэн, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр “News” агентлагийн тоймч Б.Энхмандах, зар сурталчилгааны албаны мэргэжилтэн М.Тунгалаг нарыг шагнаж урамшууллаа. Олимпийн хорооноос өөрийн хорооны дээд шагнал болох “Олимпийн алдар” медалиараа “News” агентлагийн дэд захирал Д.Нарантуяаг шагналаа. Түүнчлэн “News” агентлаг үүсэн байгуулагдсаны ойг тохиолдуулан ЮНЕСКО-гоос Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч “News” агентлагт “Батламж” гардууллаа.


14:01

“Туушин” зочид буудалд “News” агентлагийн 10 жилийн ойн хэвлэлийн бага хурал эхэллээ. Хэвлэлийн хурлын үеэр “Мэдээллийн урланд тавтай морил” онлайн гэрэл зургийн үзэсгэлэн гаргасны дээр  “News форум”, “Hit news” шагнал гардуулах ёслол болно.

“News Hit” шагналыг өнгөрсөн хугацаанд news.mn сайтын хамгийн олон хандалттай байсан эрхмүүд хүртэх юм. Шалгаруулалтыг ямар нэг санал асуулгаар биш цахим хуудсын гол давуу тал болох тоон статистикт тулгуурлан гаргаснаараа онцлог. Энэхүү нэр хүндтэй шагналд Б.Баабар, Б.Цэнддоо, Б.Ганчимэг нарын шилдэг нийтлэлч, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын улстөрч, Д.Оюунхорол, Д.Арвин, С.Оюун нарын эмэгтэй улстөрч, Д.Жаргалсайхан, Б.Лхагважав, С.Дэмбэрэл нарын эдийн засагч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, “Харанга” хамтлагын дуучин Х.Лхагвасүрэн, дуучин Д.Болд, топ модель Э.Одгэрэл нарын урлаг спортын од, уран бүтээлчид нэр дэвшээд байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж