Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болгов

Хуучирсан мэдээ: 2014.12.04-нд нийтлэгдсэн

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болгов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.12.04/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжлэг авсан дөрөв, дэмжигдээгүй таван саналаар санал хураалт явуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэснийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам гэж өөрчлөх, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Тахарын алба гэж нэмэх, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд буй МХЕГ-ыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх зэрэг саналууд олонхын дэмжлэг авсан. Харин Засгийн газрын бүтцийн тухай хуулийн төсөлд Соёл, спорт, аялал жуулчлалын яам гэж нэмэх, Монгол Улсын сайд гэснийг хасах, Засгийн газрын газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд Монгол Улсын Тэргүүн шадар сайд гэж нэмэх зэрэг саналууд гишүүдийн дэмжлэгийг авсангүй. Ийнхүү санал хураалт явуулж дуусан хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж