Хонзонгийн тогоонд буцлах Н.Энхбаяр

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

Хонзонгийн тогоонд буцлах Н.Энхбаяр

Бурууг бусдаас эрж, өс зангидах нь мөхөхийн цондон гэдэг. Монгол төрийн бүхий л албан тушаалуудыг дараалан хашиж, тэр хэрээрээ улс Монгол, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой атлаа өөрийн ужид хүслийг гол болгож дээлээ нөмөрсөн Н.Энхбаяр МАН-д өс санаж, хараар будах болсон нь нэгэнт ил болжээ.

Тэр МАН-д өс санах бус харин ч нэгэн насаараа талархаж явбал зохилтой. Түүнийг чухам л энэ нам өлгийдөн авч, өсгөж бойжуулан төрөөр тоглуулсан билээ. Зуу шахам жилийн түүхтэй, түүхийн нугачаанд алдахаасаа оносон нь их энэ нам түүний гэр бүлийн хувийн өмч болоогүйд л хонзогнолын гол утга учир оршиж байгаа билээ. Түүний гэр бүлд бохир улс төрөө хийж, өөрийгөө хамгаалах боломжийг нь МАХН гэдэг нэрийг өгснөөр дахин бүрдүүлсэн.

Хэрэвзээ МАНам гэсэн нэрийг сэргээгээгүй бол Н.Энхбаярын гэр бүлийн нам уг нэрийг авах л байсан. Хулгайлсан мөнгөөрөө авсан хилийн чанад дахь орд харшаасаа шүлс үсчүүлсэн нэвтрүүлэг цацуулж, эх орноо санасан хүүгийн дүрээр морилож, төр булшилсан шигээ зугаацаж явна.

МАН-ынхан цагаан байраа өөрсдөө шатаасан ч гэх шиг, уугуул намынхаа лидерүүдийг шороотой хутгаж, доромжилсон шигээ аж төрж буй энэ хүн өшөөгөө улс орноо хөгжүүлж авах гэнэ. Тэр өс хонзон гэдэг үгийг олонтаа дуугарав. Бас өс санаагүй гэлээ. Өс хонзон гэдэг үг хэлж байна гэмээнэ өс санасны л шинж. Тэр ард түмэн, олон нийт, түмний минь хүсэл гэдэг үгийг сав л хийвэл амнаасаа гаргах юм. Тэгвэл түмэн олон түүнийг юу гэж үзэж байна вэ.

Түмэн олны нэг хэсэг нь интернетээр сэтгэгдлээ илэрхийлдэг. Үүнд Н.Энхбаяр шиг өс санадаг ч нь бий, сэтгэцийн өвчтэй ч хүн бий, нэрээ нууцлан бусдыг доромжилдог адгийн шаарууд ч бий. Гэхдээ зөв зүйтэйгээр нэр усаа бичиж байгаад нүцгэн үнэнийг өгүүлдэг нь бийг ч мартаж болохгүй. Иймээс интернетийн хэдэн мянган сэтгэгдлээс үнэнд нийцэх, авууштай, сургамжтай зүйлсийг нь багцлахыг зорилоо.

Тэр хөлсний бичээчийн тухай ямагт ярих болжээ. Интернетээр сэтгэгдлээ бичигсэд хөлс мөнгө өгч бичүүлдэг хүмүүс биш учраас үүнийг бичиглэхээр шийдсэн юм. Түүний баривчилгааны талаар хэдэн мянган сэтгэгдэл орсон байдаг. Хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй, бас үүрэгтэй учраас дуудсан цагт нь очих л ёстой. Тэр үеэр Ганбаяр гэгч хүн ийн бичжээ. “…өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгч энэ шүү дээ, Гүндалайг баривчлаад галуу шиг чирээд явж л байсан, Бат-Үүлийг бариад 40 хоног тарвага шиг хорьж л байсан. Яагаад Наамбарваанийг мэлхий шиг сарвалзуулаад явж болохгүй гэж, Монгол төр өөрийн сүр хүчээ үзүүлж авлигачдыг хойч үедээ сайн хашрааж өгөх хэрэгтэй” гэжээ. Ийм сэтгэгдлүүд мянга мянгаараа бийг дахин сануулъя.

Монголд ирэхийнхээ өмнө тэр Солонгосын телевизээр улс төрийн орогнол гуйсан мэтээр мэдээлэл цацуулсан. Үүнийг тэр өөрөө л хийсэн. Түүний хулгайлж авсан “ТВ-9” телевизийн захирал нь Солонгос хүн болсон юм гээ биз дээ. Түүнийг гүтгэх шаардлага хэнд ч байхгүй. Ийм бохир PR-ийг зөвхөн тэр л хийж чадна. Н.Энхбаяр шоронд байхдаа маш өндөр төлбөр төлж гадаадын хэвлэлүүдээр Монголын нэр нүүрийг мөн ч их барсан даа. Нэгэн сэтгэгдэл бичигч сонирхолтой түүхийг өгүүлжээ. “…Сократыг шоронд цаазын ялаа хүлээж суухад шавь нар нь эргэж очжээ. Шавь нар нь шүүгч нар нь шударга бус, хуулийн заалт нь буруу байсан учраас таныг оргуулна гэжээ. Хариуд нь суутан ингэж хэлэв. Тиймээ муу хууль гээд би нулимах юм бол хуулийг хэн дагах вэ, энэ жишгээр хүн бүр хууль дагахгүй юм бол Афин юу болох вэ, Афин сөнөвөл бидний аугаа ололт болох иргэншил маань эцэс болох бус уу гэжээ. 2500 жилийн өмнө ийм л жишиг тогтсон байж. Харин XXI зуунд суутны оронд сумтай хийтэй хууль ёсыг уландаа гишгэлэгч авлигач л бидэнд заяажээ” гэсэн байх юм. Энэ үг ганцхан Н.Энхбаярт ч хамаатай бус, хууль завхруулагч хэн бүхэнд зориулагдсан нь ухаарууштай.

Мөн Н.Энхбаярыг төр барьсан 10 гаруй жилд гаалийн төлбөргүйгээр хил нэвтэрдэг ногоон гэрлийн машинууд бий болж, ашигт малтмалын лицензийн 70 гаруй хувь тараагдсан тухай бизнес эрхэлдэг бололтой хүмүүс тун ч баттайгаар өгүүлсэн байна. Тэрээр хэлмэгдсэн хүний дүрд тоглож, манай намын хуучин нэрийг авснаар парламентад суудалтай болж, төр барилцаж байна. Гэвч энэ гэр бүлийн нам хол явахгүй нь бололтой. Манкурт боол шиг байж, Н.Энхбаярын гэр бүлийн төлөө төрсөн эхээ ч хөнөөхөөс буцахгүй зүтгээгүйнх нь төлөө Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Цог, Ц.Чулуунбат нарыг өнөөдөр газар доогуур ортол нь зүхэх боллоо.

Энэхүү дарамтыг үл тэсвэрлэсэн Д.Тэрбишдагва “Өдрийн сонин”-д Н.Энхбаярын талаар ний нуугүй ярилцлага өгсөн бол удаад нь Л.Цог “ETB” телевизэд гал асаасан яриа өрнүүлж, Н.Энхбаярын гэр бүлийн дарамтын талаар олонд дэлгэв. Чулуунбат ч мөн сонин хэвлэлд Н.Энхбаяртай үзэл бодол таарахгүй болсон тухайгаа илэн далангүй өгүүлжээ. Энэ талаар үй олон сэтгэгдэл орсон байх юм. Эдэн дундаас ихийг мэдэж, цөөнийг өгүүлсэн нэгэн сэтгэгдлийг онцолъё.

“…Энэ нам Монголд хэрэгтэй юмуу, түүний гэр бүл болоод эргэн тойрных нь авлигачдад л хэрэгтэй, Улаан, Тэрбишдагва нар Энхбаярыг дагаж МАХН байгуулж, намаасаа гарсан явдал маш буруу боллоо. Бид том алдаа хийсэн байна. Энэ Цолмон гэж балай авгай дандаа гай тарих юм гэж ярьж байхыг нь чихээрээ сонсов” гэжээ. Сонссон эсэхийг нь ч мэдэхгүй ч ортой л зүйл.

Н.Энхбаярыг “ТВ-9”-ийг хулгайлж, Улаанбаатар сонины байрыг идэж, “Өргөө” зочид буудлыг “уусан” гэх яльгүй асуудлаар шоронд явуулсан гэж цөөнгүй хүн үздэг. Гэвч хулгайлсан хөрөнгө нь хэдэн зуун сая долларт хүрсэнийг хэн хүнгүй л мэддэг шүү дээ. Энд нэгэн коммент бичигч хэвлэлээр гарсан зүйлийг нүдээр үзсэнээ баталгаажуулсан байх юм.

“…Москва хотын Кутузовын өргөн чөлөөнд сая шахам долларын үнэтэй байрыг Н.Энхбаярын дүү эзэмшиж байгаад хэл амнаас айхдаа зарсныг мэднэ” гэжээ. Үүнийг би ч мэднэ. Оросын олигархи Альфа группийн Фридман “Хаан банк”-ийг хувьчилж авахын тулд энэ байрыг “Женко” Баттулгаар дамжуулж өгсөнийг харин ч баталж чадна шүү.

Коммент бичигч цааш нь “…Бээжинд түүний дүү Н.Энхтуяагийн нэр дээр сая доллараар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэйг илчилж, АНУ-д байх гурван хаусынх нь заримыг нь баримттайгаар өгүүлье. АНУ-ын Калифорни мужийн Геркулес хотын Топаз-ийн 124 124 Topaz Court, Hercules CA 94547 хаяганд 4 давхар хаустай. Энэ хаус нь унтлагын 4 өрөө, ариун цэвэрийн 3 өрөөтэй, 2060 ам дөрвөлжин фийт буюу 630 кв.м хэмжээтэй хааны ордон шиг л саруулхан өргөөтэй. Би харсан” гэжээ.

Үнээн. Дахиад хоёр ч ийм хаус бий. Мөн Лондонд эхнэрийнх нь нэр дээр поп од Мадоннагийн ойролцоо тансаг харш бийг ч мэднэ. Түүгээр ч үл барам учир мэдэх нэгэн ээжийнх нь дүү 70 гарсан хөгшний нэр дээр алт, газрын ховор элементийн таван лиценз байгааг баримттайгаар өгүүлжээ.

Үнэхээр ч энэ лицензийн асуудал сөхөгдсөн боловч ээжийнх нь дүүгийн нэр дээр байсан учраас хуулийнхан хүчин мөхөсдсөн билээ. Энэ мэт түүнийг буруушаасан сэтгэгдэл хэдэн мянгаараа бий. Үүнийг бичиглэхийн учир нь тэр ямагт олон түмний нэр барьж, бас хөлсний бичээч гэх нэр томъёог хэрэглэх болсоноос үүдэлтэй юм. Хөлсний бичээчийн тухай өгүүлэх нь хөлсний бичээчтэй гэсэн үг. Үнэхээр ч МАХН-ын байранд коммент бичдэг залуусыг цалинжуулан ажиллуулж байгааг мэддэг хүн цөөнгүй.

Өвгөн бичээч би зөвхөн намынхаа төлөө бус улс Монголынхоо хувь заяанд санаа зовнисондоо ийн зориглов. Н.Энхбаяр ард түмний нэрийг барих бус манай гэр бүл, би ингэж үзэж байна гэж яривал зохилтой. Тэр төрийн эрхэнд эргэж гарахыг хүсэж байна.

Тиймдээ ч ардчилсан намын экс дарга Н.Алтанхуягтай 2021 он хүртэлх бүхий л сонгуульд хамтран оролцож, МАН-ыг газрын хөрснөөс арчих хар гэрээ байгуулсан байх. Гэвч энэ гэрээ нь нэгэнт хүчингүй болсон. Тэр монгол улсаа хөгжүүлж, өс хонзонгоо авах гэнэ шүү. Энэ нь дахин төрийн толгойд гарч монголын ард түмнээс өс авна гэсэн заналхийлэл юмаа.

Г.САНЖАА

/МАХН-ын 1969 оны, МАН-ын
2010 оны гишүүн, ахмад сэхээтэн/

Эх сурвалж: www.bataar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж