“Хямралтай” шинэ жилийн ханш

Хуучирсан мэдээ: 2014.12.09-нд нийтлэгдсэн

“Хямралтай” шинэ жилийн ханш

Шинэ он, шинэ жил гарлаа гэж
Цасан охин надад хэллээ…
хэмээн хүн бүр дуу аялан гэгэлзэж суудаг энэ сар, энэ баярт хүн бүр дуртай. Жил жилийн шинэ жилийн баяр цастай, цасгүй, хямралтай, хямралгүй гээд янз бүр байдаг ч чухам энэ л баяр цоо шинээр эхлэх, ирээдүйн сайн сайхны төлөө тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг хүмүүст өгдөг гэдэгт итгэдэг.

Улс орны эдийн засаг сайнгүй байгаа талаар дээр дооргүй шуугиж, зарим нэг нь шинэ жил тэмдэглэхийг эсэргүүцэж байгаа энэ үед ч албан байгууллага, томоохон худалдааны төвүүд гадаа талбайдаа “Сүлд мод”-оо чимэглэцгээж, баярын уур амьсгал орсон байна. Нийслэлчүүдийн удаан хүлээсэн цас бударсан энэ өдөр гацуур модны үнэ ханш болоод худалдан авалт хэр байгаа талаар сонирхлоо.

 

Улаанбаатарчуудын дийлэнх нь үйлчлүүлдэг Олон улсын худалдааны төв амарч байгаа өдөр таарсан учраас бид бүхэн эхлээд “SKY” худалдааны төвөөр очлоо.

Үүдээр нь оронгуут бүрэн чимэглэлээ өлгөсөн гоёмсог гацуур шилэн хоргоны цаанаас нүд булаана. Үнэ ханшны хувьд нилээд үнэтэй байхыг гадарлаж байсан ч санаснаас нилээд үнэтэй бололтой. Тус дэлгүүрт хамгийн хямд гацуур 350 орчим мянга бол бүрэн чимэглэлтэй болоод ирэхээрээ энэ тоо бараг хоёр дахин нэмэгдэнэ. Мэдээж гацуурны үнэд нөлөөлдөг нэг гол зүйл нь түүний өндөр. 3,5 метрийн өндөртэй сүлд мод бүрэн чимэглэлтэйгээ дэлгүүрийн гол танхимд 2,7 сая гэсэн үнийн бичигтэй байгаа нь аль аль талаасаа сүрдмээр юм. Жирийн албан хаагч мань мэтэд нь энэ тоо өндөр санагдавч “эрэлт байгаа учраас нийлүүлэлт байдаг” зарчимаар түүнийг худалдан авах хүн байгаа нь тодорхой.  

Харин хүүхдийн ууттай бэлэг янз янзаараа лангуун дээр өрөөстэй. Мэдээж доторх амттаныхаа амт чанараас шалтгаалан үнэ нь ч өөр өөр. Ерөнхийдөө SKY-аас хүүхэддээ бэлэг авахаар бол та бүхэн 9250-49400 төгрөгийн үнэтэй бэлгүүдээс сонгож болох юм.

Гацуур мод 3, 4-р хорооллын худалдааны төвүүдийн гадна зарагдаж байгаа нь  харьцангуй хамд аж. Эндхийн гацуурууд мөн л өндрөөсөө хамаараад 30,0-300,0 мянгын хооронд хэлбэлзэж байна. Харин саа 1000-2500, шаар ширхэг нь 200 орчим төгрөгийн үнэтэй. Сүүлийн хэдэн жил “1000 нэрийн бараа” дэлгүүрийн гадаа худалдаа хийж байгаа Б-ийн хувьд өнгөрсөн жилийнхээс иргэдийн худалдан авалт эрс муу байгааг учирлаж байлаа. Гэхдээ шинэ жилийн гацуур, чимэглэлийн худалдаа 12-р сарын 15-наас уг нь бол нэмэгддэг байна. Үүний учир нь баярын уур амьсгал нилээд идэвхитэй болдог, хүмүүсийн цалин буудагтай холбон тэрээр тайлбарласан юм.

Харин Хархорин захын хувьд шинэ жилийн гацуурын худалдаа тийм ч их гараагүй бололтой. Энд тэнд ганц нэгхэн лангуун дээр байгаа гацуур, саа шаар нь худалдан авагчдынхаа түрийвчний хэмжээгээр чанартай нь харахад л илт байлаа. Энд бол 30 см /6000 төгрөг/-ээс 2 орчим метр /180.0 төгрөг/-ийн өндөртэй гацуур зарагдах аж. 

Шинэ жилийн баярын бас нэгэн гол зүйл бол баярын бялуу, оргилуун дарс байдаг. Гэхдээ энэ удаад харьцангуй эрт байгаа болоод ч тэрүү бялуу, дарсны худалдаа эхлээгүй байгаа нь ажиглагдана. 

Дээр хэлсэнчлэн “хямралтай” гэж цоллуулсан шинэ жилийн баяр ойртсоор байна. Гэхдээ монгол түмэн “амны билгээс ашдын билэг” хэмээн хэлэлцдэг учир өөр өөрсдийнхөө боломж бололцоод тааруулан айлчлан ирж буй шинэ угтаа баярлан угтах болно.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж