Энэтхэгийн ерөнхий сайд хамгийн их санал авав

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн ерөнхий сайд хамгийн их санал авав

Нэр хүндтэй Time сэтгүүлийн уншигчид Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модийг "Оны хүн" гэж тодруулсан байна. Энэ нь гэхдээ зөвхөн уншигчдийн саналаар тодруулж буй “Оны хүн” бөгөөд тус сэтгүүл нүүр хуудсандаа залах жинхэнэ “Оны хүн”-ийг өнөөдөр тодруулах юм.

 

 

Сэтгүүлийн таван сая орчим уншигчдын интернэтээр ирүүлсэн саналаар уг жагсаалтыг гаргасан бөгөөд Моди тэдний 16,2 хувий саналыг авав. Хоёрдугаарт нь Америкийн Фергюсон хотын эсэргүүцэгчид (9,2), гуравт нь Хонконгийн эсэргүүцлийн идэвхтэй оролцогч Жошуа Вонг (7) тус тус оров.

 

Дөрөвт, хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзаи (4,9), тавд Эбола вирусийн өдөөсөн өвчинтэй тэмцэж байгаа эмч, сувилагч нар (4,5), зургаад нь  Владимир Путин 4,3 хувийн саналтайгаар тус тус бичигдлээ.

 

Time сэтгүүлийн сэтгүүлчид интернэтийн санал асуулгад энэтхэгчууд идэвхтэй оролцсон нь Модийг тодрууллаа гэж үзэв. Сэтгүүлийн үзснээр, санал асуулгад 225 орны уншигчид оролцсоны 37 хувь нь америкчууд, 17 хувь нь энэтхэгчүүд, 12 хувь нь оросууд байжээ.

 

Санал өгөгчдийн гуравны хоёр нь суурин компьютераар, 35 хувь нь хөдөлгөөнт төхөөрөмжөөр, 4,5 нь таблетаар саналаа аөгсөн байна.

 

Өнгөрсөн жилийн уншигчид тэр үед Египетийн Батлан хамгаалах яамны сайд байсан генерал Абдель Фаттах ас-Сисийг “Оны хүн” гэж тодруулсан билээ.

 

Time анх удаагаа “Оны хүн”-ийг 1927 онд тодруулсан юм. Тэр хүн нь Атлантын далайг  агаараар  туулан ганцаараа ниссэн америк нисгэгч Чарльз Линдберг байлаа. Хожим энэ хүндтэй цолыг Бага Жорж Буш, Ромын хамба II Иоанн Павел, Уинстон Черчилль, Иосиф Сталин, Адольф Гитлер нар авч байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж