Маргааш дэд сайдууд тодорно

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Маргааш дэд сайдууд тодорно

Шийдлийн Засгийн газар маргааш хуралдаж, дэд сайдуудын томилгоог хийхээр болжээ. Парламентад суудалтай намууд нэр дэвшигчдээ одоогоор тодруулаагүй байгаа гэх ч дэд сайдад томилогдох хүмүүсийн нэрс аль хэдийн тодорхой болсон гэдгийг ч улс төрийн хүрээнийхэн баталж байна. Тиймээс цаг алдалгүй дэд сайдуудын томилгоог хийхийн тулд Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Намтартаа “сайд” гэсэн нэр зүүх сонирхолтой хүмүүс намынхаа удирдлагуудын өрөө хавиар эргэлдэх болсоор удаж байгаа юм. 

МАН-ын Удирдах зөвлөл дэд сайдыг тодруулах асуудлаар өнөөдөр хуралдах аж. Тус нам горилогчдоос CV авч, тэдэнтэй биечлэн уулзсан гэнэ. Шийдлийн Засгийн газрын гол тулах багана болсон МАН дэд сайдад горилж байгаа 30 гаруй хүнээс хэнийг нь дэд сайдаар томилох вэ гэдгээ Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Тус намын Удирдах зөвлөлд 17 хүн багтдаг бөгөөд нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Цогзолмааг дэд сайд болох хамгийн өндөр шаанстай байгааг намынхан нь баталж байна. Мөн МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяад дэд сайдын нэг суудал оногдох болов уу гэсэн яриа байна. Үлдсэн таван суудалд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэнгийн нэр хүчтэй дуулдаж байгаа юм.  Тус намын Зүүний хүчнийх гэгддэг гадаад харилцааны дэд сайд асан Г.Тэнгэр буцаад яамандаа очих болов уу гэсэн таамаглал ч бий. Мөн намынх нь удирдлагаас CV бөглөхийг Сангийн сайд асан Ч.Ганхуягт санал болгосон ч богино зайн улстөр хийхгүй гэдгээ тэрбээр мэдэгдсэн гэх хов жив ч Тусгаар тогтнолын ордоноос сонсогдож байна. Түүний хувьд дэд сайдын алба хашиж болсон гэж үзсэн бололтой. Харин Хөрөнгийн биржээр овоглож ирсэн, элчин сайд Хангайн хүү Алтайд МАН дэд сайдын нэг суудал өгөхөөр зөвшилцсөн гэдэг мэдээлэл бий. Түүнийг С.Баярын хүн гэж намынхан нь хардаг.

МАН-ын зүгээс дэд сайдын суудлыг эмэгтэйчүүд болон цаашдаа намынхаа үйл ажиллагааг үргэжлүүлэн авч явах хүмүүсээ туршлагажуулах зорилгоор залуустаа боломж олгохоор тохиролцсон гэх.

Харин Ардчилсан намаас генсек Ц.Оюундарийн нэр сонсогдож байгаа ч, түүнийг ийм богино зайн улстөр хийхгүй гэж харах хүн байна. Ц.Оюундарьд дэд сайд гэхээсээ сайдын суудал авах боломж байсныг ч зарим хүн тодотгодог. Тэгвэл “Глобал удирдагч” сангийн тэргүүн Б.Отгонбат, ИХШХЕГ-ын Д.Пүрэвдорж, татан буугдахаар болсон ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр нарын нэр дуулдаж байна. Түүнчлэн Р.Бадамдамдингийн хүү Б.Баттүвшингийн нэр дуулдаж байгаа бол МАХН-ын дэд сайдаар Ч.Чимидсүрэн, Ж.Амарсанаа нарын нэр сонсогдож байгаа. Харин ИЗНН-д нэг суудал оногдож байгаа бөгөөт н.Ганхуяг, Түмэнжаргал нарын нэрс сонсогдож байна.

Ийнхүү намтартай сайд нэмэх гэсэн горилогчид дэд сайд гэх жижигхэн бялууны зүсэм дээр алалцаж байна. Дэд сайд гэдэг бол үнэндээ зүгээр л нэг “мануухай” төдийхөн. Сайд хэмжээний эрх хийгээд Төрийн нарийн бичгийн даргын хэмжээний яамаа атгах, орж гарч байгаа мөнгийг шийдвэрлэх мэдэл дэд сайдуудад байхгүй. Тэд зүгээр л нэг бэлгэдэл. Жил гаруйн хугацаатай бэлгэдлийн энэ суудал дээр хэн, хэн очих нь маргааш шийдэгдэнэ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж