Гацууртыг стратегийн ордод оруулах гэж яарахын учир

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Гацууртыг стратегийн ордод оруулах гэж яарахын учир

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь Гацууртыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтаах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гээд толгой дохичихлоо. Байнгын хорооны гишүүд толгой дохисон учраас УИХ энэ асуудлыг удахгүй хэлэлцэж шийдвэрээ гаргана гэсэн үг. Энэ ордын лицензийг Канадын "Сентерра гоулд" компани эзэмшдэг. Эдийн засгийн ашигтай нөөцөөрөө Оюу толгойн алтны дараа орох орд. Алтны ашигтай нөөц нь 50 тонн. Бороогийн ордын дайны алт бий гээд багцаалдчихаж болно. Технологи, нөхцөл байдал өнөөдрийнхөөс сайжирвал дахиад 20 гаруй тонныг олборлох боломжтой гэж хөрөнгө оруулагчид нь онцолдог. Уул уурхайн яамныхны хувьд Гацууртын нөөц одоо яригдаж байгаагаасаа ч өсөх ирээдүйтэй гэсэн тайлбарыг өгдөг. Ингээд Гацууртын ордыг стратегийн болгохоор яарах болсон шалтгаан, энэ ордыгтойрсон мэдээллүүдийг багцлан хүргэе.

-КАНАДЫН КОМПАНИ ДУРТАЙДАА ХУВИА ӨГЬЕ ГЭЖ ДУУГАРСАН УУ?-

Засгийн газрын бүр анх ярьж байсан төслөөр бол ганц Гацуурт ч биш нүүрсний хоёр орд, газрын ховор элементийн дөрвөн ордын хувь заяа их хурлын түвшинд яригдах байлаа. Тодруулж хэлбэл Хөшөөт, Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, Халзан бүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегид багтааж төр хувь эзэмшинэ гэж байсан юм. Энэ үед Хөшөөтийн хөрөнгө оруулагчид аль хэдийнэ нүүрсээ тээвэрлэх замаа барьж, баяжуулах үйлдвэрээ худалдаад авчихсан байсан юм. Тэд лицензийг нь эзэмшдэг ордоо стратегийн ордод оруулахгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон. Дээр нь орон нутагтайгаа ойлголцчихсон учраас төрд стратегийн ордод оруулна гэж зүтгэх шалтгаан үлдээгүй. Харин Цайдам нуурын лиценз эзэмшигч "Төр хувь эзэмшсэнийхээ хэрээр хөрөнгө оруулалт хийвэл ашгаа хуваая" гэж дуугарсан. Төрд мөнгө байхгүй учраас энэ саналд толгой дохиогүй. Засаг хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол зээл авахад батлан даалт гаргаж өг гэсэн санал нь ч Засгийн газартай аятайхан санагдаагүй учраас Цайдам нуурыг стратегид оруулна гэж дуугарсангүй. Газрын ховор элементийн ордуудын хувьд нөөц нь, баяжуулж боловсруулах арга нь тодорхойгүй учраас төр стратегийн ордын жагсаалтад оруулах санаанаасаа буцжээ. Гацуурт ганцаараа торойж үлдсэн шалтгаан нь энэ. Гэхдээ Уул уурхайн сайдын тайлбарласан шиг "Стратегийн ач холбогдолтой ордод багтъя. Манай төслийн төчнөөн хувийг үнэгүй эзэмш" энэ тэр гэж өөрсдөө бичиг сачиг барьж гүйгээгүй л дээ. Гацуурт шиг алтны анхаарал татахаар нөөцтэй орд дээр хэрэгжиж буй төслийн нэг хувь гэхэд л өчнөөн үнэтэй. Ямар ч хөрөнгө оруулагч төрд хувиа өгье гэж гүйхгүй. Төр хуулиараа гарцаагүй шахаанд оруулсан учраас "Сентерра гоулд"-д үүнээс өөр сонголт үлдээгүй гэсэн гаргалгааг учир мэдэх хэн ч хийчихнэ. Учир нь Урт нэртэй хуулийн хэрэгжих хүрээнд Гацууртын орд багтаад байгаа юм. Урт нэртээс "бултах" ганцхан гарц байсан нь Стратегийн орд болох. Хүдэр зөөх замаа тавьж, өчнөөн хөрөнгө оруулалт хийчихсэн төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд төслөө ямар ч үнээр хамаагүй явуулах нь л чухал. Тэгж байж оруулсан мөнгөө олж авна, бас тодорхой хэмжээний ашиг хүртэх учраас. "Сентерра гоулд" дуулгавартай гэгч нь стратегид орох гээд байгаагийн шалтгаан нь ердөө л энэ.

-МОНГОЛ БАНКИНД ТУШААХ АЛТНЫ ХЭМЖЭЭ ТАВАН ТОННООР НЭМЭГДЭНЭ-

Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдоод хэлсэн үгэндээ "Бэлэн болсон жижиг дунд төслүүдээ явуулна" гэж дуугарсан. Бас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. Гацууртын ордын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүний онилоод буй бэлэн болсон төслүүдийн нэг. Замаа барьчихсан, техник технологи, туршлага нь бэлэн учраас хэрэгжлээ л бол жилийн дотор ашгаа өгөөд эхлэх төсөл. Гацуурт ажиллаж эхэлснээр Монгол банкинд тушаах алтны хэмжээ жилд 4-5 тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. 250-300 сая ам.доллартай болчихно гэсэн үг. Доллар хомсдсон энэ үед алдах аргагүй боломж. Оюу толгой, Таван толгой зэрэг мега төслүүдээс гадна гадаадын хөрөнгө оруулалттай жижиг, дунд төслүүд өчнөөн бий. Гацуурт төсөл энэ хүрээний хөрөнгө оруулагчдад эерэг мессэж өгнө гэдгийг Ерөнхий сайд олоод харчихсан нь тодорхой. Гацууртаас ирэх хоёр жилийн хугацаанд гэхэд 200 гаруй сая долларын шууд хөрөнгө оруулалт хийгдэнэ гэдэг бага биш тоо.

"Гацуурт"-ыг яаран сандран стратегид оруулах гэж зүтгэх бас нэг шалтгаан төрд байж магадгүй. Уул уурхайн яамнаас өмнөх засгийн үед урт нэртэй хуулийг өөрчлөх санаагаа төсөл болгоод өргөн барьсан ч өнөө хэр парламентын түвшинд яригдаагүй. Хэрэв энэ төсөл хэлэлцүүлэгт ороод батлагдчихвал "Сентерра гоулд" мэтийн дажгүй төсөл хэрэгжүүлж байгаа, хариуцлагатай компаниудад боломж гараад ирэх юм. Засагт хувиа өгөх шаардлагагүйгээр асуудал шийдэгдчихнэ гэсэн үг. Урт нэртэй хуульд өөрчлөлт орохоос өмнө алтны гайгүй орддоо хувь эзэмшээд авъя гэсэн төрийн сонирхол өндөр байхыг үгүйсгэх аргагүй. Хууль өөрчлөгдөхөөс өмнө Гацуурт дахь төрийн эзэмшил тодорхой болчихвол ёстой "бандан тас" гээч л болно.

Жижиг, дунд хэмжээний төсөл хэрэгжүүлэх санаатай байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад   "Гацуурт" ажиллаж эхлэх нь эерэг дохио болно гэж өмнө хэлсэн. Гэхдээ эсрэгээрээ сөрөг мэссэж өгч ч мэднэ. Хөрөнгө оруулагчдад "Монголын засаг төр Гацуурт шиг гайгүй нөөцтэй ордуудаа стратегийн ордын жагсаалтад багтаагаад хувь эзэмшихээр дайрч мэдэх нь дээ" гэсэн болгоомжлол төрж магадгүй л юм. Гэхдээ засаг уул уурхайн төслүүддээ хувь эзэмшээд дэмий гэдэг дээр бат зогсдог хүн Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн нь тэдэнд найдлага төрүүлж эхэлсэн байх. О.Чулуунбат  зөвлөх саяхан телевизэд ярилцлага өгөхдөө "Бэлэн болж байгаа, геологи хайгуулын ажил нь эцсийн шатандаа орсон төслүүдийг бушуухан ашиглалтанд оруулах ёстой. Засгийн газар 20-30 хувийг нь авна гээд зогсоогоод байгаа нь зөв шийдэл биш. Гацууртын төслийг аваад үзье л дээ. Хэрэгжүүлж байгаа компани нь Канадын "Сентерра гоулд". Бороогийн төсөл дээр арав гаруй жил ажиллаад дуусч байна. Манайхан канадууд зөөгөөд аваад явчихлаа гэж бодоод байдаг. Балансыг нь, тоог нь харахад зуун хувь Канадын өмчлөлд байсан хэрнээ мөнгөнийх нь 60 хувь Монголд үлдсэн байдаг юм. Бид бүх төслүүдээ яг ийм тооцоотойгоор урагшлуулах хэрэгтэй. Засаг оролцох л юм бол бөөн авлига, арын хаалга, улстөрийн шахаанууд явагдана. Засгийн газрын оролцоотой бизнесүүдийг хараарай. Засгийн, төрийн өмчлөлтэй бүх компани алдагдалтай байгаа. Төрийн өмчтэй компаниуд хамгийн муу менежменттэй байгаа. Дарга нар нь ах дүү хамаатан садан найз нөхдөдөө бизнесээ шахсаар байгаад бүгд алдагдалд орчихсон. Тиймээс хувийн сайн менежменттэй оператор компаниуд нь төслийг хийж байх ёстой" гэж дуугарна лээ. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх ингэж дуугарч байна гэхээр гайгүй нөөцтэй орд бүрдээ хувь эзэмшинэ гэж дайрдаг засгийн хандлага өөрчлөгдөж мэдэх л юм. Магадгүй тэр санаагаа Гацууртын ордоор эхлэх ч юм билүү. Одоогоор асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Их хурал дээр Гацууртыг эдийн засаг талаас нь эрүүлээр харж байгаа гишүүд бий нь Эдийн засгийн байнгын хорооны хурлаас анзаарагдсан. Л.Энх-Амгалан гишүүн гэхэд л "Ер нь орд газрынхаа ашиглалтад төр энэ мэтээр ороод байхаад гадаадын хөрөнгө оруулагчид үргэх юм биш үү. Лиценз эзэмшигч нь зээл авахдаа засгаас баталгаа гаргуулъя гэвэл яах вэ. Төрийн эрсдэл оруулж болохгүй" гэж хэлнэ лээ. Чуулган руу энэ асуудал ороход ч ийм агуулгатай яриа хөөрөө үргэлжлэх байх.

-500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ-

Бороогийн уурхайгаас 45 км зайтай орших Гацууртын орд бол "Сентерра гоулд" корпорацийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол төслүүдийн нэг. "Сентерра гоулд Монголиа" компани 1997-2006 онд 50 сая гаруй ам.долларыг хайгуулд зарсан байдаг. Хайгуулын ажлынхаа хүрээнд нээж илрүүлсэн ордын нэг нь Гацуурт. Ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2007 онд хэлэлцэж баталсан. Өнгөрсөн оны сүүлээр нөөцийг нь шинэчилсэн. Гацууртын алтны үндсэн ордын хүдрийг ойрхон байрлах Бороогийн үйлдвэрт боловсруулах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж төсөл хэрэгжүүлэгчид нь үзэж байгаа. Бороогийн үйлдвэрийг 100 гаруй сая ам.доллараар барьж байжээ. Энэ ордыг Бороогийн үйлдвэртэй холбосон замыг 2009-2010 онд барьж дуусгасан.Гацууртын ордын хүдэр нь боловсруулахад төвөгтэй бүтэцтэй учраас Бороогийн боловсруулах үйлдвэрийн дэргэд биологийн исэлдүүлэлтийн байгууламж нэмж барих шаардлагатай юм билээ. Анхны хөрөнгө оруулалт нь 326 сая ам.доллар. Төслийг хэрэгжүүлэхэд 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо бий. Хөрөнгө оруулалтаа дөрвөн жил гаруйн хугацаанд нөхнө гэж байгаа ч алтны үнэ унавал хугацаа нь тэр хэрээр хойшилж таарна. Уул уурхайн сайдын хэлснээр улсын төсөвт жилд гурван их наяд төгрөг төвлөрүүлнэ. Төсөл хэрэгжиж эхэллээ л бол тавь гаруй компани ханган нийлүүлэгчээр нь ажиллана гэсэн тооцоо бий. Борлуулалтын орлогын 69 хувийг, нийт зардлын 81 хувийг Монголд зарцуулна гэж байгаа.

-"СЕНТЕРРА ГОУЛД" ГЭЖ ХЭН БЭ?-

"Сентерра гоулд" бол Канадын Торонто хотод төвтэй компани. Дэлхийн ашиглаагүй байгаа алтны нөөцийн 40 хувийг агуулсан Төв Ази болон хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өрнөдийн хамгийн том алт үйлдвэрлэгч. Киргизэд эзэмшдэг Кумторын алтны үндсэн орд нь гэхэд л Гацууртаас 12 дахин их нөөцтэй гэж яригддаг. Бэлэн мөнгөний тогтмол орлоготой, хамгийн бага өртгөөр олборлолт явуулдаг компани гэж онцлох нь бий. Хойд Америкийн зургаа дахь том алт үйлдвэрлэгч.Киргиз, Монгол, АНУ-ын Невада муж улсад анхаарал татахаар хайгуулын хэд хэдэн талбай эзэмшдэг. Энэ компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж (TSX) дээр СG тэмдэгтэйгээр арилжаалагддаг.

-ТӨР ГАЦУУРТЫН ОРДЫН 20 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙНА-

Гацууртыг стратегийн ордод хамруулах шийдвэр гарсаны дараа төр хэчнээн хувь эзэмших гэх мэт нарийн мэдээлэл тодорхой болно гэсэн тайлбарыг Уул уурхайн яамныхан Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өгсөн. Засгийн газрын хувьд хөрөнгө оруулагч талтай хэд хэдэн хувилбар дээр яриа хэлэлцээ өрнүүлж. Энэ бүхний эцэст Гацууртын алтны ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох нь тодорхой болоод болжээ. Монголын Засгийн газар Гацуурт төсөлд шаардлагатай хөрөнгөний 20 хувийг гаргана гэсэн үг. Энэ мөнгийг хөрөнгө оруулагч талаас зээлнэ. Гэхдээ ямар ч хүүгүйгээр. Хүүг нь хөрөнгө оруулагч компани хариуцна. Засгийн газар хөрөнгө оруулагчаас зээлсэн мөнгөө ногдол ашгаасаа төлөх хувилбар яригдаж байна. Монголын талд эрсдэлтэй зүйлс мэдээж бий. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ буувал ашгийн хэмжээ буурна. Эзэмших хувь багасахын хэрээр компанийн удирдах түвшний оролцоо багасах нь ойлгомжтой. Хэрвээ УИХ Гацууртыг стратегид багтааж, хувь хэмжээг нь тогтоочихвол хамтарсан компанийн дүрэм батлах, орд ашиглах гэрээ байгуулах гэх мэт яриа хэлэлцээ эхэлж таарна.

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж