Обама болон Путины мэдэгдэл

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Обама болон Путины мэдэгдэл

Фото: Валерий Матыцин / ТАСС

 

Өнгөрсөн долоо хоногт (XII сарын 15-21) Оросын түүхэнд чухал өдрүүд тохиолоо.  Оросууд  долоо хоногийн эхний өдрийг "Саарал даваа" гариг, дараагийн өдрийг "Хар мягмар" гариг хэмээн нэрийдлээ. Орос оронд нүүрлээд буй санхүүгийн хямралд эргэлзэж байсан хүмүүс мягмар гаригийн өглөө ханшийн самбар хараад үүнийгээ гээсэн биз ээ.

Эдийн засаг, санхүүгийн хямрал өдгөө нэгэнт Оросыг эзэлжээ. Тиймээс өнгөрсөн пүрэв гаригт хийсэн ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн бага хурал олны анхаарлын төвд байсан нь мэдээж. Гэхдээ төрийн тэргүүн мэдээлэл хийхдээ "дайсан"-уудаа занаж чичилсэнгүй, харин нефтийн хамаарлаас оросуудыг салгаж, эдийн засгийн бүтцээ  шинэчлэх тухайгаа амлаж, хоёр жил магадгүй түүнээс ч бага хугацаанд энэ байдлаас гарах тул тэвчээртэй хандахыг ард түмэндээ уриалав. Ерөнхийлөгч Путин энэ удаа хямралаас гарна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч хямралаас гарах төлөвлөгөөгөө танилцуулсангүй. Магадгүй түүнд нарийн төлөвлөгөө байхгүй байсан ч байж болох.

Ийн Оросын ерөнхийлөгч ард түмэндээ хандан үгээ хэлэх зуур АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама мөн жилийн тайлангаа тавилаа.  Ерөнхийлөгч Обама "АНУ дахин дэлхийн лидер боллоо" хэмээн бардамнажээ. Тэрээр ард иргэддээ хандсан тайлангийнхаа үеэр найман эмэгтэй сурвалжлагчийн асуултад хариулж, дараа нь Хавайд зул сарын баяраа тэмдэглэхээр яаран оджээ.

Орос, Америкийн ерөнхийлөгч нарын “сонсгол" өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал байлаа.

 

Обама ба эмэгтэйчүүдийн асуултууд

REUTERS/Larry Downing

 

АНУ-ын ерөнхийлөгч  Барак Обама Оросын ерөнхийлөгч шиг жилийн эцсийн дүнгийн хэвлэлийн бага хурал хийхдээ Оросыг дахин Эбола, “Исламын улс”-тай зэрэгцүүлэн үзлээ. Обама Путины адил жилийн эцэст ийн хэвлэлийн хурал хийдэг ч  энэ цар хүрээгээр арай бага, үүрэг нь ч өөр юм. Оросын лидерийн хувьд энэ арга хэмжээ нь өөрийгөө танилцуулах аргын нэг бол АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд  хийсэн ажлынх нь тайлан байдаг.

Энэ удаа Америкийн лидер тун сайхан зантай байсныг хэвлэлүүд онцолж байна. “Зул сараар миний хүсэх ганц хүсэл бол та нарын асуулт” гэсэн үгээр тэр яриагаа эхэлжээ. Ярианы нилээд хэсгийг нь эдийн засгийн сэдэв эзэлсэн бөгөөд Америкийн эдийн засгийн нөхцөл байдал сайн байгааг тэмдэглэжээ. АНУ жилд 11 сая ажлын байр шинээр бий болгосон, нефть, хийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзлэх болсныг Обама  онцлов. Америкийн автын аж үйлдвэр дахин сэргэлээ. Энэ салбарт 500 мянган ажлын байр шинээр бий болгосон байна гэдгийг тэрээр мөн хэлжээ.

Путины адил Обама 2008 оны хямралыг ярианда дурьджээ. Гэхдээ даяарчлалын хямралаас  АНУ амжилттай гарч, 51 сарын турш эдийн засгийн өсөлттэй байгааг онцолсон байв. Мөн тэрээр Путин шиг гадаад бодлогынхоо талаар бага ярьсан бөгөөд АНУ гол үүрэг гүйцэтгэж байгаа гэх  дэлхийн хэмжээний асуудлыг дурьдаад өнгөрчээ. Түүний  хэлснээр, Эбола вирус, “Исламын улс” бүлэглэл, Оросын Украинд хийж буй  түрэмгийэлийг барихад АНУ  үлгэрлэж яваа аж. Кубатай дипломат  харилцаа тогтоох болсон тухайгаа ч  тэр дурьдахаа мартсангүй. Хоёр долоо хоногийн дараа цэргээ гаргах Афганийн талаар ч  үгээ  байр сууриа илэрхийллээ.

 

Түүнд ирсэн эхний асуулт “Ярилцлага” киногоо прокатаас татсан "Sony Pictures" компанийн шийдвэрийн талаар байв. Обама компанийн шийдвэрийг дэмжсэнгүй. “Хэзээ нэгэн цагт, ямар нэгэн дарангуйлагч АНУ-д цензур тогтооно гэсэн санаархал байх ёсгүй” хэмээн хэлжээ. "Та тэр киног та үзэх үү?" гэсэн асуултад тэрээр "Би өөрийн заавал үзэх киноны жагсаалтыг гаргадаг. Гол нь би кинонд тоглосон жүжигчдийн авьяасыг  биширдэг" гэж хариулжээ.

 

Обамагийн  хэвлэлийн хурал нэг цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Энэ үеэр зөвхөн найман сэтгүүлч л асуулт тавьж чадлаа. Асуултад хариулахдаа тэр Кубатай харилцаагаа хэвийн болгосон ч  тийшээ очихгүй гэв. Мөн тэрээр Хууль зүйн яамнаасаа  африк гаралтай америкчуудад шоронд хэрхэн хандаж байгаа илтгэлийг хүлээж байна гэсэн юм. АНУ, Канад хоёрыг холбосон хоолой барихыг тэр шүүмжлэв. Энэ удаа ерөнхийлөгч эмэгтэй сурвалжлагч нарын асуултад хариулжээ. Хатагтай нар Обамад хурц асуудал тавиагүйг эрчүүд дараа нь өөрсдийн твиттерт бичив. Наад зах нь шоронд сэжигтнүүдийг  тамлан байцааж байсан дуулианы талаар эмэгтэйчүүд чимээгүй өнгөрчээ.

 

Обамагийн энэ жилийн уулзалт бүтэн жилийн доторх хамгийн шилдэг нь байлаа гэж Washington Post сонины тоймч Крисс Силизза нэрлээд саяхан нам нь сонгуульд ялагдснаас хойш Обамагийн  хандлага, өнгө аяс огт өөр болсныг тэмдэглэжээ. Сонгуульд нам нь ялагдснаас хош тэрээр Хятадтай агаар мандлын хийн хаягдлыг хязгаарлах талаар тохиролцов. Кубатай харилцаагаа хэвийн болгохоор шийдлээ. Эцэст нь хууль бус цагаачдын  хүүхдүүдэд АНУ-д амьдрах боломжийг өгсөн зарлигт гарын үсэг зурсан юм. Энэ сүүлийн сар Обамагийн хүссэнээр явагдлаа гэж болно хэмээн шинжээчид дүгнэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж