Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Орос улсад хийсэн айлчлалын 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал болов

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Орос улсад хийсэн айлчлалын 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал болов

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн Орос улсад хийсэн төрийн айлчлалын 100 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА хамтран Монгол Улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан цуврал арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь уг хэвлэлийн бага хурал юм.ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1913 оны 10 дугаар сараас 1914 оны 2 дугаар сар хүртэл Оросын хаант улсад хийсэн төрийн айлчлалын түүхээс сэтгүүлчдэд танилцууллаа.

Уг айлчлал нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах, Монголоос Оросын хаант улсад Бүрэн эрхт Элчин сайд суулгах, Оросоос эдийн засгийн хувьд тусламж, дэмжлэг авах, Өвөрмонголыг чөлөөлөх дайн болж байсан цаг үе тул зэр зэвсгийн тусламж авах, мөн Ерөнхий сайдын хувьд Оросын соёл, шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшилтэй танилцах, Монголд түүнээс нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн зорилгыг агуулж байжээ.

Айлчлалд зориулан энэ 12 дугаар сарын 24-нд Үндэсний түүхийн музейд нээх гэж буй гэрэл зургийн үзэсгэлэнд урьд өмнө нийтэд үзүүлж байгаагүй шинэ гэрэл зургууд, дүрс бичлэг, тухайн үеийн сонин, хэвлэлийн мэдээ материалууд зэргийг анх удаа танилцуулах гэж байна. Үзэсгэлэнд 100 гаруй гэрэл зураг, хоёр дүрс бичлэг, бусад материалыг дэлгэн үзүүлэхээр болжээ. Дүрс бичлэгийн нэгд Сайн ноён хан Т.Намнансүрэн Крымд Оросын II Николай хаантай уулзсан тухай, нөгөөд нь Монголын төлөөлөгчид Улаан талбайд зочилж байгааг харуулсан байна. Зорилгын зарим нь биелээгүй ч айлчлал ихээхэн амжилттай болсон талаар түүхэн сурвалжуудад дурджээ.

Сайн ноён хан Т.Намнансүрэн Оросын Төрийн Думд хүндэт зочноор уригдаж, Францын Элчин сайдаар дамжуулж Францад Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах тухай албан бичиг хүргүүлсэн. АНУ-ын Элчин сайд Петербург хотноо Ерөнхий сайд Т.Намнансүрэнтэй уулзсан. Японоос Петербургт сууж байсан сонины сурвалжлагчтай Ерөнхий сайд Т.Намнансүрэн уулзаж Оросын Гадаад яамаар дамжуулан Японы Эзэн хаанд Богд хааны албан захидлыг хүргүүлсэн зэрэг олон үйл явдал айлчлалын үеэр болсныг доктор С.Чулуун танилцууллаа.

Айлчлалын үед нийт 10 орчим улсад Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулах, 1913 онд Бээжинд болсон Орос, Хятадын тунхагийг эсэргүүцэж байгаагаа дэмжүүлэх зорилгоор Элчин сайд нарт нь ханджээ. Үүний дараа Хиагтад гурван улсын хэлэлцээр болж улс төрийн байдал өөрчлөгджээ. АНУ-д илгээсэн захидал Харвардын их сургуулийн номын санд,Японд илгээсэн захидал тус улсын Гадаад хэргийн яамны архивт өдгөө хадгалагдаж байгаа аж. Айлчлал хүнд нөхцөлд болсон ч Монголын тусгаар тогтнолыг баталгаажуулах талаар бүх бололцоог эрж хайж байсан нь түүхэнд үлджээ. Тэрээр Эрмитажид айлчилсан Монгол төрийн анхны зүтгэлтэн болсон байна. Мөн Эрхүү хотод суралцаж байсан монгол сурагчдыг эргэж очиход тэдний дунд хожмын Монголын төр,нийгмийн зүтгэлтэн болсон Х.Чойбалсан байжээ. Тухайн үед Оросын өдөр тутмын 30 орчим сонинд Монголын Ерөнхий сайдын айлчлалын талаарх мэдээг гаргажээ. Ерөнхий сайд Т.Намнансүрэн Оросын Төрийн Думд хүндэт зочноор уригдсаныхаа дараа Монголын парламентат ёсны эхлэл болсон Улсын Дээд, Доод Хурлыг байгуулах саналыг анх 1914 онд дэвшүүлсэн ажээ.

Уг төрийн айлчлалыг дагалдаж 20 гаруй хүн явсны дотор Т.Намнансүрэнгийн хатан, хүү, эмч, хатны тогооч, дагалдагч, мөн өндөр Гонгор, өндөр Нанзад нар бие хамгаалагч цэргээр явж байжээ. Крымд айлчлахдаа Оросын хаан II Николайд Чингис хааны одонг гардуулсныг Николай хаан өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Николай хаан Ерөнхий сайд Т.Намнансүрэнг мөн хариу шагнажээ.

Тус түүхэн айлчлалтай холбоотой каталог номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр, ЕТГ-тай хамтран ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс гаргаж байгааг доктор С.Чулуун дурдлаа. Түүнд Орост айлчилсан 3 сарын хугацаанд өдөр тутам юу хийсэн талаарх мэдээллийг багтаажээ. Мөн монголчуудын 19, 20 дугаар зууны зааг үеийн өмнө нь хэвлэгдэж байгаагүй 3000 гаруй гэрэл зураг, бусад материалаар нийт таван боть ном гаргахаар бэлтгэж байгааг хэллээ. Ном бүрийг гаргах үед холбогдох гэрэл зургийн үзэсгэлэнг гаргахаар болсон байна.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж