&#34Ерөнхий сайд Оросын эзэнт улсад&#34 үзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

&#34Ерөнхий сайд Оросын эзэнт улсад&#34 үзэсгэлэн нээгдэв

"Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад" гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт болов

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн төрийн айлчлалын 100 жилийн ойд зориулсан "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад" гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун нарын зэрэг албаны хүмүүс, түүхч, судлаачид, лам хуврагууд, иргэдийн төлөөлөл, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Эрхэм хүндэт эрдэмтэд, хүндэт зочид оо,

Дэлхий дахины тухайн үеийн цагийн байдлыг зөв мэдэрсэн олон Монгол Богд хаанаар толгойлуулан үндэсний үзэл, тусгаар тогтнолынхоо төлөө эвлэлдэн нэгдэж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан зохион байгуулж буй "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн эх түүхээ эрхэмлэн дээдэлдэг, судлан шинжилдэг эрхмүүд, хүндэт зочид Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд монгол хэл, соёл, монголын түүхийн сургалт, судалгаанд анхаарч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажил өрнөж буйн нэг бол өнөөдөр Та бидний үзэж сонирхох энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн юм.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулах, дэлхийн их гүрнүүдтэй харилцах, эдийн засаг, цэрэг зэр зэвсгийн дэмжлэг авах, бүрэн эрхт элчин сайдаа Оросын нийслэлд суулгах зэрэг зорилгоор 1913-1914 оны зааг дээр Оросын эзэнт улсад төрийн айлчлал хийсэн юм. Уг айлчлал нь тусгаар тогтнолоо сэргээсний дараахь Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал, түүхэн үйл явдал байсан билээ.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнтэй холбоотой, Орос Холбооны улсын Москва, Санкт-Петербург, Эрхүүгийн түүхийн архив, Гадаад харилцааны яамны архив, Эрмитажийн музейн гэрэл зураг, дуу дүрсний архивын сан хөмрөгөөс цуглуулсан үнэт гэрэл зураг, дүрс бичлэг, өдөр тутмын сонин, хэвлэлийн мэдээлэл зэрэг маш чухал баримтаас бүрдсэн “Монгол Улсын анхны Ерөнхий Сайд Оросын эзэнт улсад” гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд өнөөдрөөс эхлэн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.

Их эрдэмтэн Инжаннашийн “Эрдэмтэн сайд угаа үл умартмуй”, “Монгол тоотон бүгдээр уг үндэс ба язгуур удмаа мэдтүгэй” хэмээсэн сургаал буй.

Эх түүхээ танин мэдэж, ухааран ойлгох тусам хүмүүний амьдрал утга учраар гийдэг. Түүхийн аргамжийн уртыг алдлан мэдэх, үнэнийг эрэн ухаарах бүр ирээдүй тэр хэрээр гэрэлтдэг учиртай.

Монголын түүх үнэн, Монголын ирээдүй цэлмэг байхын өлзийтэй ерөөл өргөн, үзэсгэлэнг нээж үг хэлнэ үү хэмээн Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг Таныг урьж байна” гэлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг эрж байна. Өнөөдөр бид Монголын түүхийн нэгэн чухал үйл явдлын түүхэн материалуудтай танилцахаар энд хуран цуглараад байна. Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн Оросын эзэнт улсад 1913-1914 онд айлчилсан төрийн айлчлалын түүхт 100 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн Оросын эзэнт улсад” үзэсгэлэн, түүх гэрэл зургийн номын нээлтэд оролцож байна.

XX зууны эхэнд Монголчууд төр улсын тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт, язгуурын улс Монголоо дэлхийн бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх, бие даасан улсын ёсоор харилцах, эдийн засаг-цэргийн хувьд бэхжих, өрнө дорнын иргэншлийн харилцаанд орох нөхцөл зөвхөн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд буй болсон билээ. Туурга тусгаар улсаа байгуулсны дараа умард хөрш Их Орос улстай улс төр-эдийн засгийн хувьд харилцаагаа өргөжүүлэх, тэднээр дамжуулан өрнө, дорнын улс орнуудтай харилцахыг ихэд чухалчилж эхэлжээ.

Энэ зорилгын улмаас Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн 1913 оны намар Оросын эзэнт улсад томоохон хэмжээний айлчлал хийсэн байна. Тэрээр XX зуунд умард хөршид айлчилсан анхны төр, засгийн тэргүүн юм. Түүний айлчлал хүнд хэцүү нөхцөл байдалд үргэлжилсэн ч улс Монголынхоо язгуур эрх ашгийг хамгаалж, өөрийн улсыг дэлхийн их гүрнүүд Франц, АНУ, Япон, Герман зэрэг улс оронд таниулахыг хичээж, Богд хааны албан захидлыг гардуулж, Оросын хаант улсын төрийн 10 яамны 7 яамных нь сайд, дэд сайд, 10 гаруй томоохон худалдаа, эдийн засаг, цэргийн дарга, эрхтнүүдтэй ажил хэргийн уулзалт хийж чадсан юм. Тэрээр Оросын сүүлчийн хаан Николай II хаантай хоёронтоо уулзаж, Крымд айлчилж, Төрийн Думын хуралд хүндэт зочноор орж, Ерөнхий сайд, Гадаад, Дотоод, Сан, Шүүх, Цэргийн яаманд биечлэн айлчилж Монголын тусгаар тогтнолоо баталгаажуулах, цэрэг зэр зэвсгийн тусламж хүртэх, эдийн засгийн дэмжлэг, зээл авах ажлуудыг хөөцөлдсөн юм. Нөхцөл байдал хүнд хэцүү, их гүрнүүдийн харилцааны асуудлаас саатаж байсан ч 35 настай Ерөнхий сайд маань огтхон ч халширч шантраагүй туйлын хянуур, няхуур, бодлогоосоо үл ухран ажилласан байдаг. Тэр үеэс эхэлсэн Монгол төрийн өмнө тулгарсан олон бэрх асуудлыг үе үеийн Ерөнхий сайд нар чин зүтгэл, уйгагүй хөдөлмөр, Монголоо гэсэн сэтгэлээрээ туулж өнөөгийн Монгол Улсыг та бидэнд хүлээлгэн өгсөн билээ.

Монгол төрийн анхны Ерөнхий сайдын энэ айлчлалын 100 жилийн ойд түүний айлчлалтай холбоотой, урд өмнө Монголын түүхэнд орж байгаагүй ховор гэрэл зураг, дүрс бичлэг, баримт эх хэрэглэгдэхүүнийг Оросын Түүхийн архив, Эрхүүгийн Улсын архив, Санкт-Петербургийн Гэрэл зураг, дуу дүрсний архив зэргээс шинээр илрүүлэн олж, судалгааны эргэлтэд оруулж, ном бүтээж, олон түмэндээ таниулан сурталчлах зорилгоор тусгай үзэсгэлэнг гаргаж буй Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, доктор С.Чулуун нарт талархал дэвшүүлж байна.

Бидний Монголчууд эх түүхээ дэмжиж, түүхээ хүндэтгэж, судалгаа шинжилгээг өргөжүүлж, олон түмэндээ үнэн зөвөөр таниулах нь оршин байхын үндэс, язгуур эрх ашиг юм.

Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён Намнансүрэнгийн айлчлалын 100 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд ирэх ондоо улам ихийг бүтээж, эрүүл энх байхыг хүсээд Монголын түүх үүний адил улам баяжин өргөжиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Монгол Улсын гал голомт улам бадран хөгжих болтугай” гэв.

Уг гэрэл зургийн үзэсгэлэнд урьд өмнө нийтэд үзүүлж байгаагүй шинэ гэрэл зургууд, дүрс бичлэг, тухайн үеийн Оросын сонин, хэвлэлийн мэдээ материалууд зэргийг анх удаа танилцуулж байгаа юм. Үзэсгэлэнд Сайн ноён хан Т.Намнансүрэн, хатан Магсаржав, хүү Авидынгэрэл нарын болон айлчлалын үйл явдлуудыг харуулсан 100 гаруй гэрэл зураг, Крым дэх Николай II хааны ордны өмнө, Улаан талбайд хийсэн хоёр дүрс бичлэг, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн өмсч байсан угалзтай монгол гутал, Ерөнхий сайд Т.Намнансүрэн, түүний гэргий “Алтан навчит, хошой хатан, Дара” Магсаржав нарт Оросоос бэлэглэсэн цайны хэрэглэл, гоёл зүүсгэлийн хайрцаг, бусад онц сонирхолтой материалыг дэлгэн үзүүлж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж