Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2014.12.29-нд нийтлэгдсэн

Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож, Төрийн ордны хойд цэцэрлэг дэх Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ, Засгийн газрын гишүүд төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөхөд Хүндэт харуулж жагслаа.

Эл өдрийг ийн хүндэтгэж байгаа нь 103 жилийн өмнө монгол түмэн Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, таван яам бүхий анхны Засгийн газар байгуулагдаж, туурга тусгаар Монгол Улсыг сэргээснийг дэлхий дахинд тунхагласан байна. Тиймээс энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай болсон юм.

Монгол тамганы хөшөөний тухайд тодруулахад, Монгол төрийн үе үеийн тамганы дардсыг сийлсэн байдаг аж. Тухайлбал, нүүрэн талд нь Монгол Улсын далай хааны тамганы дүрслэл, баруун талд нь Богд хаант Монгол Улсын төрийн тамга, хойд талд нь 1924 онд Улсын анхдугаар их хурлаас баталсан БНМАУ-ын их хурлын тамга, зүүн талд нь ардчилсан тогтолцоог сонгосон өнөөгийн Монгол Улсын төрийн тамганы дардсыг сийлсэн байдаг аж. Тамганы бариул хэсгийг сууж буй бар хэлбэрээр хийж, сууринд нь нүүдэлчин овгуудын тамганы дүрсийг сийлжээ. Нүүрэн талд байрлах тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын далай хааны зарлиг, ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” хэмээн бичсэн байдаг юм.

Г.НАРАН

Гэрэл Э.ЭНХБАТ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж