Аж үйлдвэрийн салбарынхан юу хүсэв?

Хуучирсан мэдээ: 2014.12.29-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн салбарынхан юу хүсэв?

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн бямба гаригт Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлага, мөн жижиг дунд үйлдвэр, хөнгөн үйлдвэр эрхлэгч, хүнд үйлдвэрлэлийн салбарынхныг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ шалдаа бууж, экспортод нөлөө үзүүлж чадахгүй болсон үед Монгол Улс жижиг, дунд үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, чадвал импортын гаралтай хямралаас ангид байх боломж бүрэн байгааг дээрх салбарынхан сайддаа уламжиллаа.

Ингэхийн тулд нэн тэргүүнд хэд, хэдэн асуудлыг цэгцлэх шаардлагатай аж. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүдийн хэлж буйгаар бол үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэхэд төр онцгой анхаарах ёстой. Өнгөрсөн хугацаанд төр төрийн албан хаагчдыг сургахад анхаарч, энэ чиглэл рүү хөрөнгө мөнгө хангалттай зарцуулж байснаас үйлдвэрлэгчдээ сургах, толгойг нь цэнэглэх талд учир дутагдалтай ажиллаж иржээ. Тиймээс нэн тэргүүнд хувийн хэвшлээ чадавхижуулахад анхаарах.

Салбар, салбартаа мэргэшсэн ахмадуудыг дайчлан, туршлагыг нь өвлөж авах. Худалдааны тухай хууль, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хуулийг УИХ-аар батлуулах. Ингэхдээ жижиг, дунд үйлдвэрийг халамжийн байдлаас нь гаргах. Дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа барааг гадаадаас импортоор худалдан авахгүй байх, түүнд татварын зохицуулалт хийж өгөх. Үндэсний үйлдвэрүүдийнхээ бараа бүтээгдэхүүнийг төр нь хамгийн тэргүүнд худалдан авдаг эрх зүйн зохицуулалттай болгох шаардлага бий гэнэ.

Жишээ татвал, Шинэчлэлийн Засгийн газрын үед ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг дотоодынхоо үйлдвэрүүдээр хийлгэж хэрэгцээг хангахаар ажилласан ч удалгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн ижил төрлийн бүтээгдэхүүнд цохиулсан байна. Хэрвээ татварын зохицуулалт байсан бол үндэсний үйлдвэрүүдийн урласан дүрэмт хувцсаар дунд сургуулийн сурагчдыг “хувцаслах” боломж байсан аж.

Мөн тендэр нэрийн дор гадаадын компаниуд цэрэг, хүчний байгууллагуудын цагаан хэрэглэл, дүрэмт хувцсыг нийлүүлдэг тогтолцоог өөрчлөхгүй бол хөнгөн үйлдвэрийн салбарынхан хөл дээрээ зогсох боломжгүй юм байна. Тус салбарынхан банкнаас зээл авч, үйлдвэрээ өргөтгөн дүрэмт хувцас үйлдвэрлэе гэхэд бүтээгдэхүүнийг нь авах зах зээлгүйгээс уналтад ордог. Хэрвээ энэ байдлыг өөрчилж, нийлүүлэгч нь дотоодын үйлдвэрлэгч болж хувирвал гадаад руу хэдэн тэрбумаар нь зарцуулж байгаа ам.долларын урсгал ч саарна.  Тиймээс эл асуудалд Аж үйлдвэрийн яамыг анхаарч бодлогоор дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Татвараар дэмжих ёстой бас нэгэн салбар нь хүнсний салбарынхны техник, технологийг нийлүүлэгч хэсэг аж. Импортоор оруулж ирдэг хүнсний технологийн эд ангийг татвараас чөлөөлдөг хэрнээ түүнийг дотооддоо үйлдвэрлэдэг хэсгийнхэн татвар төлдөг тэгш бус хууль үйлчилдэг байна. Тиймээс дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн төдийгүй техник хэрэгслийг татвараас чөлөөлдөг, ижил төрлийн импортын бараанаас хамгаалах нь чухал болохыг онцлов.

Уулзалтын төгсгөлд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат он гарангуут Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахаа онцлоод, тэр бүгдэд энэ асуудлыг тусгаж, салбар салбарынхаа хүрээнд нь зохицуулалтуудыг нарийн тусгах. Тэр дундаа хэн танил талтай нь тендэр авдаг, төсөлдөө хөрөнгө авдаг биш. Хэн нь хамгийн өрсөлдөх чадвартай төсөл бичив гэдгээс хамаарч ажлыг нь дэмжинэ. Үүний тулд амьд харилцаатай байж, ажлаа төлөвлөж, Аж үйлдвэрийн салбарыг босгоцгооё гэсэн юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж