Шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2014.12.30-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээлийн эздийг тодрууллаа

“Монголын энтерпренёруудын нэгдсэн чуулган 2014” арга хэмжээний хүрээнд Аж үйлдвэрийн яамны Жижиг,  дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Энтрепренёр гэж хэн бэ” сэдэвт эссе бичлэгийн уралдаанийг зарласан юм байна.

Нийгэмд энтрепренёршипын үзэл санааг түгээх, залуу хойч үед бие даан бизнес эрхлэх энтрепренёрлэг сэтгэлгээг төлөвшүүлэх, энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг түгээх, ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү уралдаан шалгаруулалт өчигдөр дуусч тэргүүн байрын эздийг тодорхойлжээ.  

Уралдаанд 21 аймаг, есөн дүүргээс 43 эссэ ирсэн  байна. Тэдгээрээс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ерөнхий боловсролын сургуулийн 10а  ангийн сурагч А.Отголжий тэргүүн байранд шалгаран, МУИС-ийн Бизнесийн сургуулийн энтрепренёршипын богино хугацааны сургалтын эрхээр шагнууллаа.

Хоёрдугаар байранд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Орхон цогцолбор сургуулийн 9б  ангийн сурагч Э.Баяржаргал шалгарч өргөмжлөл, МУИС-ийн Бизнесийн сургуулийн энтрепренёршипын богино хугацааны сургалтын эрх, Гуравдугаар байранд нийслэлийн Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Г.Буяннасан нар тус тус шалгарлаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МУИС-Бизнесийн сургуулийн дэд захирал М.Должин, Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах газрын дарга Г.Билгүүн нар оролцлоо.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж