Улсын онцгой комиссын 2015 оны анхны хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.08-нд нийтлэгдсэн

Улсын онцгой комиссын 2015 оны анхны хурал боллоо

Хурлын эхэнд Улсын онцгой комиссын шинэчлэгдсэн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үнэмлэхийг нь гардуулан өглөө. Энэ комисст 10 сайд, 1 дэд сайд, 2 Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон зайлшгүй шаардлагатай агентлагийн дарга нар багтдаг юм.

Бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан комиссын ажиллах журам, хийсэн ажлын талаар Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар танилцуулга хийлээ.

Монгол Улсын Шадар сайд комиссын даргаар ажиллах болсон 2009-2014 онд Улсын онцгой комисс 59, комиссын Ажлын хэсэг 21 удаа хуралдаж албан даалгавар 17, тогтоол 9, комиссын даргын тушаал 17-г гаргаж, Засгийн газрын 75 удаагийн хуралд асуудал хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын нөөц сангаас нийт 62,5 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргуулан хүн ам, мал амьтан, орчныг гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд зарцуулжээ.

Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн Д.Цогт-Очир мэдээлэл өглөө.

1,3 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0,5-1 хэмээр дулаан байх, 2 дугаар сард нутгийн баруун хагаст дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Шинэ он гарсаар баруун болон говийн аймгуудын цасгүй байгаа нутгуудаар өдөртөө нэмэх градус давж дулаарсан. Дулаан байгаагаас шалтгаалан хуурайшилт ихэсч түймэр гарах, цасан бүрхүүл багатайн улмаас мал, амьтан усгүйдэж болзошгүй. Түүнчлэн, томоохон голуудын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул баталгаатай зам, гүүрээр зорчих хэрэгтэйг иргэдэд анхаарууллаа.

Эдгээр мэдээлэл болон комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө.

Комиссын гишүүд үүрэн холбооны утсаа байнга нээлттэй байлгаж, хурал зарласан цагт шуурхай цуглах, аймаг, нийслэлийн Засаг дарга нар анхаарал хариуцлагаа өндөржүүлж ажиллах, шийдвэрлэх шаардлагатай хөрөнгийн асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг үүргийг холбогдох гишүүдэд даалгалаа. Түүнчлэн, эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажил хангалтгүй байгаад анхаарч, энэ ажлын тайланг танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж