Намын санхүүжилтийг “шилэн” болгоё

2015 оны 1 сарын 12

Төрийн байгууллагуудын данс тооцоо, төсвийн мөнгийг юунд зарцуулж байгааг олон нийтэд нээлттэй болгох Шилэн дансны хууль хэрэгжиж эхлээд хэдхэн хонож байна. Төсвийн мөнгөний зарцуулалтыг шилэн цонхоор харж буй мэт нээлттэй, ил тод болгох нь энэ хуулийн зорилт. Хууль сайн хэрэгжвэл төсвийн мөнгийг гарынхаа салаагаар урсгадаг байдал арилна гэж үзэж буй. Энэ талаар одоо дэлгэрэнгүй өгүүлэхээ азнаад олон жил ойлгомжгүй хаалттай явж ирсэн Улс төрийн намын санхүүжилтийн тухай хөндөе. Намдаа 10 саяас дээш төгрөг хандивласан бол нэр дэвших эрх үүсч, цаашлаад хэдий чинээ их мөнгө хандивлана тэр хэрээрээ албан тушаал, эрх мэдэлд очдог гэх ойлголт нэгэнт бий болжээ. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу намдаа тэрбум төгрөг хандивласнаа зарлахад олон нийт, хэвлэл мэдээлэл  эгдүүцэхээс өөрийг хийж чадаагүй. Түүний энэ үг үнэн худал эсэхээс  үл хамааран ямар нэг хариуцлага хүлээгээгүй өнөөдрийг хүрсэн. Цаашлаад намууд  хууль бусаар хандив нэрээр олсон мөнгөөрөө сонгуулиар ард түмнийг тархийг угааж, санал худалдаж авч байна гэх хардлага ч бий. Яагаад ийм нөхцөл байдалд хүрэв. Сонгуулийн Ерөнхий хорооноос гаргасан тооцоогоор 1992 онд  намууд сонгуульд 137 сая төгрөг зарцуулж байсан бол 2012 онд энэ тоо хэдэн арав дахин өсч 35 тэрбум 679 сая төгрөг болсон байх юм. Хэдийгээр намуудын сонгуульд зарцуулах мөнгө өсч байгаа ч ард түмний намуудад, улстөрчдөд итгэх итгэл харин буурсаар байгаа нь судалгаанаас харагдаж байна. Энэ нь намын санхүүжилт ил тод биш, хандив нэрээр хэн нэгнийг эрх мэдэл албан тушаалд хүргэдэг, санал худалдан авдаг, хууль бусаар компани дампууруулдаг  зэрэгтэй холбоотой байж болох юм.

Эрх зүйн  зохицуулалт туйлын хангалтгүй

Тэрбум тэрбумаар нь сонгуульд зарцуулж байгаа намуудын санхүүжилтийг юу бүрдүүлдэг вэ. Намын санхүүжилтийн талаар тусгасан цөөхөн хууль бий. 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуульд намын санхүүжилтийг гишүүнийн татвар,  хандив, төрөөс үзүүлж буй санхүүжилт гэж тусгасан байдаг. Гэхдээ эдгээр эх үүсвэр нь намуудын санхүүжилтийн өчүүхэн бага хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, намдаа хандив өгөх дээд хэмжээ иргэн нэг сая, хуулийн этгээд 10 сая, сонгуулийн бус жилүүдэд жилд хоёроос дээш удаа хандив өгөхгүй гэж заасан. Гэтэл албан бусаар 2008 онд намаас нэр дэвших эрхээ олж авахын тулд 20 сая, 2012 онд 50 сая төгрөгийн босго тогтсон байх жишээтэй. Энэ нь хүний сонгох сонгогдох эрхийг ноцтой  зөрчиж буй хэрэг гэж судлаачид  үзсэн нь бий. Улс төрийн намуудын тухай хуульд заасан бас нэг ойлголт бол төрийн санхүүжилт. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар хүчинтэй санал бүрийг 1000 төгрөгөөр тооцож, санхүүжилтийг төрөөс олгож байна. Гэхдээ энэ мөнгө хаана юунд зарцуулагдсан нь тодорхойгүй хэвээр. Намуудын санхүүжилт, түүний  зарцуулалтаар эргээд хяналт тавьдаггүй, тайлан гаргадаггүй. Тэр ч бүү хэл тухайн намын санхүүжилт, түүний зарцуулалт нууц байх ёстой гэх ташаа ойлголт бий. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар /Улс төрийн намуудын тухай хуулиар/ хууль зөрчсөн иргэнийг 40-60 мянга, намыг  200-250 мянган төгрөгөөр  торгоно гэж заажээ. Тэгэхээр хууль зөрччихөөд торгуулах нь ашигтай болж таарч байна. Түүнээс гадна энэхүү хуульд гишүүний хандивын тухай ойлголт байхгүй. Нээлттэй нийгэм форумаас 2014 онд Сант Марал сангаар хийлгэсэн судалгаагаар намууд хандивлагчдынхаа мэдээлэл, хандивын хэмжээг нууцлахад амархан байгаа нь харагдаж байна. МУИС-ийн Орчин үеийн судалгааны төвөөс 2011-2012 онд загвар орнуудын намуудын санхүүжилтийн хэлбэрийг судлахад Германы намуудын санхүүжилтийн 85-90 хувийг иргэдийн хандив бүрдүүлдэг, санхүүжилт, тайлан нь ил тод нээлттэй байсан гэнэ.

“Цоожтой авдар”буюу  намуудын санхүүжилт

Өнөөдрийн байдлаар Улсын Дээд шүүхэд 23 нам, эвсэл бүртгэлтэй, 2012 оны сонгуульд 13 нам, хоёр эвсэл сонгуульд оролцсон байдаг.  Харин эдгээр намын санхүүжилтийн ил тод байдлыг “Цоожтой авдар”-тай зүйрлэж болохоор хаалттай, нуугдмал. Энэ хэрээрээр олон нийтийн мэдлэг,  ойлголт хангалтгүй байна. Нээлттэй нийгэм форум, “Сант Марал” сангаас 2014 оны 11-р сард 1200 хүнийг хамарсан намын санхүүжилтийн ил тод байдлын талаар санал асуулга явуулжээ. Санал асуулгад  оролцогчдын 67 хувь нь намын санхүүжилт ил тод биш, 71 хувь нь хандивлагчид нэрээ нууцлахад амархан, 80 хувь нь хандив авч өгч байгаа арга зам нь ил тод биш гэжээ. Түүнчлэн намуудын сонгуулийн бус үеийн тайланг 89-91 хувь нь огт үзээгүй гэсэн бол ердөө 3-5 хувь нь сонгуулийн үеийн тайланг олж үзсэн гэж хариулсан байна. Эндээс олон нийт нүдэнд харагдсаар байгаа цоожтой авдарны дотор юу байгааг  хүссэн ч харж чадахгүй хүлээсэнд байгааг төвөггүй харж болно. Тэд цоожтой авдранд юу байгааг олж мэдэх  хүсэлтэй байгаа нь санал асуулгад оролцогч 1200 иргэний 87.6 хувь нь намуудын санхүүгийн тайланг тухай бүр нь ил тод болгох  хэрэгтэй, 55 хувь нь намд хандивлагчдын нэрийг бүгдийг нь ил болгох хэрэгтэй гэж үзсэнээс илэрхий байна. Түүнчлэн олон жил цоожтой авдар мэт явж ирсэн намын санхүүжилтийн хаалттай байдал нь намууд өөрсдөө санхүүжилтээ ил тод болгох хүсэл зориггүй байгаатай холбоотой гэж 52.1 хувь нь хариулжээ. Мөн намуудад хариуцлага тооцдоггүй, хуулиар заасан хориг хязгаарлалтууд нь санхүүгийн тайланг худлаа гаргахад хүргэдэг,  хариуцлага нь үр нөлөөгүй зэрэг өөр шалтгаанууд байгаа нь санал асуулгаас харагдсан байна.

“Цоожтой авдар”-ыг нээх  гарц

Өнөөдөр УИХ-д суудалтай АН, МАН, Иргэний зориг Ногоон нам зэрэг нам бүгд гишүүний татвар, хандив, төрийн санхүүжилт гэсэн хэлбэрээр санхүүжиж байгаа. Эдгээр санхүүжилтийг ил болгоход ямар гарц байгаа талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Мөнхбат “Намын босоо бүтцэд шууд нөлөөлдөг санхүүжилтийн механизмыг хуулиар өөрчлөх. Өөрөөр хэлбэл, намууд цөөн тооны хүмүүсийн хандивласан их мөнгөөс хамаарах хамаарлыг хязгаарлаж төрийн санхүүжилт, иргэд, оролцогчдын дэмжлэгт суурилсан нээлттэй бүтэц зохион байгуулалтыг хуульчлах” гэж үзжээ. Мөн түүний гаргалгаанд Намын тухай хууль, Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг тусад нь боловсруулах, намын санхүүжилтийн ил тод байдлыг хуульчилж, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгож хэрэгжүүлдэг болох зэрэг санаанууд тусгагдсан байна.

Дэлхийн зарим улс орон намын санхүүжилтийг төрөөс хийх хандлага руу явж байна. Гэхдээ маш өндөр хяналттай,  төрийн санхүүжилтийг буруу зүйлд  зарцуулсан, тайлангаа хугацаанд нь өгөөгүй бол шат дараатай арга хэмжээ авдаг тогтолцоо бий. Олон улсад санхүүжилтийн олон хэлбэр буюу хувь хүн, компани, төр, гишүүдийн татвар зэрэг олон талын санхүүжилт, цөөн хэдэн хүн, албан тушаалтан үйлчлэх нөхцөл болж буй хуулийн этгээдээс авах санхүүжилтийг хориглох хандлага давамгайлж эхэлжээ. Ингээд оновчтой хувилбар нь намуудыг төрөөс санхүүжүүлж, сонгуулийн сурталчилгааны явцад мониторинг хийх,  намуудын тайланд  аудит хийх зэргээр хяналтаа тавих нь зөв хувилбар гэж  үзжээ. Харин  Монгол Улсад энэ жишгийг  шууд нэвтрүүлэхэд хүндрэлтэй, Сонгуулийн Ерөнхий хорооны эрх мэдлийг хуульчилж өгөөгүй нь саад болж байна. Дэлхийн улсуудад ихэнхдээ уг асуудлыг Сонгуулийн Ерөнхий хороо хариуцаж, ТББ-тай хамтран хяналт   тавьдаг аж.

Судлаачийн дээрх санаанууд хэрэгжихэд цаг хугацаа, олон нийтийн  зөв мэдлэг, ойлголт хандлага, намуудын хүсэл зориг чухал. Намын санхүүжилтийг “шилэн” болгоё!

С.ОТГОНСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна