Бондын мөнгийг үр ашигтай зарцуулахыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Бондын мөнгийг үр ашигтай зарцуулахыг санууллаа

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр Төрийн орон сууцны корпорацийн /ТОСК/ бүтээн байгуулалттай танилцаж үүрэг чиглэл өглөө. Хурлын эхэнд ТОСК-ийн захирал А.Гантулга "1764 айлын "Буянт-Ухаа-1" цогцолбор хорооллыг өнгөрсөн онд ашиглалтад оруулж, зорилтот бүлгийн иргэдэд сонгон шалгаруулалтаар олгоод байна.  Мөн дараагийн хороолол болох "Буянт Ухаа 2" хорооллын 9 давхар 48 барилга, 12 давхар 60 барилгыг барих ажил хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. Төлөвлөсөн ёсоор эхний 1000 айлын орон сууц ирэх хоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орно. Өмнөх хорооллын орон сууцны метр квадратыг 1.280 сая төгрөгөөр худалдаж байсан бол энэ удаад бага зэрэг нэмэгдэж магадгүй" гэсэн юм.

Мөн тэрээр аймаг бүрт хэрэгжиж буй 1000 айлын орон сууцны төслийг танилцуулж, тулгарч байгаа бэрхшээлийг танилцуулсан юм.

Энэхүү танилцуулгын хариуд Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Монгол төрийн олон жилийн нэр нүүрээр олдож буй бондын мөнгөөр хөрөнгө оруулалт хийхдээ тооцоо судалгаа сайн хийж эргэн төлөгдөх нөхцөлийг сайтар нягтлах шаардлагатай. Мөн бүтээн байгууллалтын ажилд хөнгөн хуумгай хандахгүйгээр эдийн засгийн болон эрхзүйн нөлөөллийг сайтар нягтлах шаардлагатай" гэх чиглэлийг өглөө.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж