Таналтыг төрийн тансаглалаас эхэлье

Хуучирсан мэдээ: 2015.01.21-нд нийтлэгдсэн

Таналтыг төрийн тансаглалаас эхэлье

-Төсвийн алдагдлыг буруулахын тулд таналт хийх бодлого нь зөв ч Шийдлийн Засгийн газрын хэрэгжүүлэх арга нь буруу байна

Сангийн яамыг мөнгө өгсөнгүй гэж шүүхийнхэн шүүхэд ханджээ. Тавилга сэлт авахад 300 сая, албан хаагчдын орон сууцны дэмжлэгт зориулсан  500 сая төгрөгийг гаргаж өгөөгүйгээс ийнхүү төрийн байгууллагууд бие биенээ шүүхэд дуудаж эхлэв. Төсвийг алдагдлыг бууруулахын тулд Шийдлийн Засгийн газар 900 тэрбумыг ард иргэдээс “танаж”, татварын нэмэгдлээр уранхай шуудай шиг болсон төсвөө нөхөхийг оролдсон ч бүлгүүдийн дэмжлэг авч чадсангүй. 

Эдийн засгийн хямралын үед ээжүүд, хүүхдүүдийн аягатай хоолыг булаах Ерөнхий сайдын төлөвлөгөө тийм ч оновчтой хувилбар биш юм. Гэхдээ  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн төсвийн алдагдлыг бууруулах хэмнэлтийн бодлого нь зөв. Чухамхүү хэмнэлтийг хаанаас эхлэх вэ гэдэг нь хамгийн гол асуудал юм 

Төсвийн алдагдлыг бууруулахын тулд нэгдүгээрт, төр маш цомхон, чадварлаг, мэргэжлийн хүмүүсээр бүрдэх ёстой. Хоёрдугаарт, төр тансаг хэрэглээгээ хумих хэрэгтэй. Ялангуяа төрийн дээд, дунд шатан дахь тансаг хэрэглээг бууруулснаар нэг их наядыг хэмнэх боломж бий.

Монгол Улс 17 дэд сайдтай. Энэ онд тэдний цалин, хангамжид 680 сая төгрөгийг зарцуулахаар тооцоо байна. Тэгвэл 15 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын цалин, хангамжид мөн л тэр орчим хөрөнгө зарцуулна.

Үндэсний аудитын газраас өнгөрсөн оны зун нэгэн сенсаацитай мэдээллийг чуулганы танхимд дэлгэсэн юм. Үндэсний аудитын газрын шалгалтаар “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-д багтаагүй хэрнээ энэ эрхийг эдэлж байгаа 222 дарга байгааг цохон дурдав. Дээрх дарга нар зуун километрт 20 литр шатахуун хэрэглэдэг мотор томтой Lexus 470, 570, Land 200, 100 машин унаж буйг, эдгээр машины шатахуунд гэхэд жилдээ 13.3 тэрбум төгрөг зарцуулж байгааг илчилсэн нь манай төрийнхөн төсвийн мөнгөөр яаж тансагладгийг харуулсан явдал болсон билээ. 

2014 онд Үндэсний аудитын хийсэн шалгалтаас харахад

                Ерөнхий, гүйцэтгэх захирал болон дэд дарга 64,

Газар, хэлтэс, албадын дарга 89

Алба, хэлтэс, газрын хэмжээнд 319

Ерөнхий менежер, инженер болон мэргэжилтэн 18 ба нийт 490 албан тушаалтан албаны ажил нэрээр авто машин унадаг болохыг тогтоожээ.

Төрийн албан унаж буй машины хамгийн хямдхан нь 52 сая. Хамгийн үнэтэй нь 354 сая.   Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар хүртэл унаж явсан хуучин машинаа шатаалгасныхаа дараа 50 мянган ам.доллароор цоо шинэхэн жип авч байсан явдал ч өнгөрсөн онд гарч байв. Төрийн дарга нарын унадаг машиныг дундажлаад 100 сая төгрөгийн үнэтэй  гэвэл 490 хүний унаж буй төмрийн өөрийн өртөгт төсвөөс 49 тэрбумыг дээр нь сэлбэг хэрэгсэлд 5.9 тэрбум, даатгалд 0.5 тэрбумыг гаргаж байна. Сүүлийн гурван жил парк шинэчлэл нэрээр авсан 197 машин гэсэн судалгаа бий. Тэгвэл нэг автомашины ашиглалтын зардал 4.9 тэрбумыг зарцуулдаг байна.

Засгийн газрын тогтоолоор хот дотор зуун километрт 15-16 литр шатахуун зарцуулах машин унахыг хориглосон ч захын яам, агентлагийн өмнө ямар үнэтэй, ямар машинууд өдөржингөө эздээ хүлээгээд гаднаа сойлттой өнждөгийг харж  болохоор.  

Хэдийгээр албаны машинаар албаны ажил хийхийг журамлаж өгсөн гэх ч, төрийн сайд, дарга нар, газар хэлтэсийн хурган түшмэд нь хүртэл албаны машинаар авгай, хүүхдээ ажил, сургуульд нь зөөдөг нь худлаа биш.

Тэгэхээр төсвийн алдагдлыг буруулахын тулд таналт хийх бодлого нь зөв ч Шийдлийн Засгийн газрын хэрэгжүүлэх арга нь буруу байна. Үнэндээ Засгийн газар таналтыг төрийн байгууллагынхны унадаг тансаг машинаас эхэлбэл яасан юм бэ.

                                                     Ж.ЭРХЭС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж