Туул голд цэвэрлэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Туул голд цэвэрлэгээ хийнэ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаас(БОНХАЖЯ) өнөөдөр(I.04) Туул голын асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус хуралд БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлогын газрын дарга Г.Мөнх-Эрдэнэ, Сав газрын удидлагын хэлтсийн дарга Д.Батболд, Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн, дэд сайдын туслах Б.Саранчимэг нар оролцлоо.

БОНХАЖЯ-наас эхний ээлжинд ирэх бямба гаригт Туулын голын цэвэрлэх гэнэ. Мөн шөнийн цагаар хог ихээхэн хаядаг байсан газруудад хяналтын камерыг байрлуулаад эхэлжээ. Шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдэж өгөх хэрэгтэй гэв.

БОНХАЖЯ-ны мэдээлснээр “Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шатны их сургуулийн оюутнууд, зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гариг буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр гарсан БОНХАЖ-ын сайдын 2015 оны нэгдүгээр сарын 30-ны А-40 дугаар тушаалын дагуу хийгдэж буй эхний ажил юм. Энэ өвөл цаг агаар харьцангуй дулаахан байгаа учраас голын хөвөөгөөр аялж, амрах иргэдийн тоо тасрахгүй, үүнээс болж хог хаях нь ихэссэн. Тиймээс БОНХАЖЯ Туул голын орчныг бохирдуулахгүй байх, мөс цөмрөх болзошгүй аюулаас сэргийлэх, байгаль дэлхийгээ дээдэлж амарч, аялахыг ард иргэддээ уриалж, дээрх цэвэрлэгээг хийж байгаа юм. Саяхан Туул голын сав газрын захиргаанаас Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагуу эргүүл, хяналт хийсэн. Энэ үеэр хог хаягдлаа хаясан, харзны усанд орохдоо усыг бохирдуулсан хэд хэдэн зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан. Мөн Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагууд гол руу тээврийн хэрэгсэлтэй ордог, харзны усанд ордог газруудын байршлыг тодорхойлж, зураглал хийсэн. Харзны усанд ордог таван байршил, тээврийн хэрэгсэлтэй ордог арван байршилд анхааруулах, хориглох тэмдэглэгээ хийхээр төлөвлөж байна. Цаашид БОНХАЖ-ын сайдын тушаалын дагуу Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.” гэв.

Энэ үеэр Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Туул голын бохирдлын асуудал яригдсаар байна. Хотоос үйлдвэрүүдийг гаргах боломж хэр байна вэ?

-Энэ бол олон жил яригдаж байгаа суудал.Хэдийгээр хотоос үйлдвэрүүдийг гаргана гэж яриад байгаа ч тэнд Ашигт малтмалын цогцолборыг барих хэрэгтэй. Үүнд томоохон дэд бүтцийн асуудал яригдана. Нөхцөл нь бүрдэж байж үйлдвэрүүд тийшээ нүүнэ. БОНХАЖЯ, Туул голын сав газрын захиргаа төсвийг шийдэх эрх зүйн үндэс, эдийн засгийн бололцоо байхгүй. Бохирдлын эх үүсвэр гэхээр хэдэн зүйлийг ярьдаг. Үүнийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Бидний яриад байдаг Нийслэл хотын цэвэрлэх байгууламжийн асуудал. Энэ бол хэн нэгэн хүний буруутай үйлдэл гэхээсээ илүү шийдвэр гаргах түвшинд авч шийдвэрээ хэрэгжүүлэх, арилгах л арга үлдээд байна. Шинэ цэвэрлэх байгууламжтай болчихвол хоног болгон цутгаад байдаг 180 мянган куб бохир уснаас Туул гол ангижрах боломж бүрдэж байна. Арьс ширний үйлдвэрийг бид улиг болтлоо ярьлаа. Хаягдал бохирдол ихтэй үйлдвэрээс болж, Туул гол их хэмжээгээр бохирдож байгааг олон хүн шүүмжилдэг. Үүн дээр хөрөнгө мөнгөний асуудал чухал болоод байна. Хотоос үйлдвэрүүд гарахад хүндрэлтэй асуудал их бий.

-Засгийн газраас хоёр ч тогтоол гарсан байдаг. Хэрэгжилт ямар байна вэ?

-Засгийн газраас хоёр ч удаа тогтоол гаргасан. Харамсалтай нь хэрэгждэггүй. Яагаад хэрэгждэггүй гэхээр нөгөө л санхүүгийн асуудалтай холбоотой. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд Засгийн газрын тогтоол гарсан. Үүндүйлдвэрүүдийг Эмээлт, Шар хөвийн хоолой рүү гаргана гэсэн байдаг. Гэтэл нөхцөл нь бүрдэж байж, үйлдвэр эрхлэгчид тийшээ нүүнэ. Одоо бид ярих биш хийх хэрэгтэй. Тэгэхээр хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдэж өгөх л чухал болоод байна. Үүнийг яамны зүгээс,Туул голын сав газрын захиргаа тэр хөрөнгө оруулалтыг шийдэх эрх зүйн үндэс, санхүүжилт байхгүй. Тиймээс Шийдлийн Засгийн газар үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Иргэдийн хэлээд байгаа “Туул гол болохоо байлаа”, “Бохирдлын хэмжээгээ дэлхийд зарлачихлаа” гэдгийн аюулыг засахын тулд хөрөнгийн эх үүсвэрийг Шийдлийн Засгийн газар анхааралд авах л үлдээд байна. Өнөөдөр Туул гол бохирдлын хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

-Хяналтын камер байрлуулаад байгаа гэсэн. Хэр үр дүнтэй байна вэ?

-Бидэнд хэрэгжилтийн түвшинд хийгдэж байгаа нэг шинэ ажил байна. Энэ бол камержуулах. Яагаад гэхээр 2013 онд өдөр, шөнөгүй Туул гол руу яваад нэмэр болдоггүйг мэдэрсэн. Тухайн үед маш их хүндрэлтэй асуудал гарч байсан. Байнга эргүүл явах боломж хэцүү юм билээ. Бид техник, технологийн хөгжлийг ашиглан Туул голыг камержуулах ажлыг эхлүүлээд байна. Камерыг эхний ээлжид шөнийн цагаар хог хаяаад байгаа 7 км орчим газарт тавьсан. Камерын хувьд үнэ өртөг өндөр байдаг. Гэвч энэ ажлыг эхлүүлсэндээ баяртай байна. Бид үүнийг тавиад эхэлсний дараа зөрчил гаргаад байсан компаниуд хариуцлагатай болж ирсэн. Сайн ажлын үр дүнг хүлээж байна гэдэг бол эхлэл нь байх ёстой.Одоо хавар болоод бүтээн байгуулалтын ажил эхлээд ирэхээр дахин үйл явц өрнөнө. Тиймээс бид ард иргэддээ, бизнес эрхлэгчдэдээ, барилгын салбарынхандаа уриалж хэлэхэд Туул гол руугаа битгийн хогоо хаяачээ гэж хэлмээр байна.

Дашрамд, Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шатны их сургуулийн оюутнууд, зарим Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гаригбуюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөжээ.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж