Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардав

"Ахмадын холбоо" болон "Шударга хүү" төрийн бус байгууллага хамтран тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд хэлэхдээ “Монголд 200 гаруй мянган ахмад настан сард дунджаар 225000 орчим төгрөг авдаг хэдий ч үнийн хэт хөөрөгдлөөс болж тарчигхан амьдардаг. Хэрэв тэтгэврийг нэмэхгүй юм бол ядаж зээлийн хүүг бууруулах талаар төр анхаарах ёстой” гэв. Эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол ахмад настнууд бөгөөд 2012 оны үетэй харьцуулахад тэтгэврийн зээлийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн байна.

Ахмадууд амьдралын зайлшгүй шалтгааны улмаас 3-24 сараар сарын 1.5-1.8 хувийн хүүтэй тэтгэврийн зээл авдаг.  Улмаар зээлийн хүүгээ төлж амжаагүй байхад дахин мөнгөний хэрэг гардаг  бөгөөд энэ нь ахмадуудын хувьд хүндрэлтэй байна хэмээн ярилаа.  Монголбанкны мэдээгээр арилжааны банкууд улиралд 159 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгодог аж. Одоогоор арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн үлдэгдэл  351.3 тэрбум  төгрөг байгаа  гэнэ. Ахмадуудын тэтгэврийн мөнгийг арилжааны банкнуудад 10.7 хувийн хүүтэй байршуулдаг. Харин банк тэтгэврийн зээлийн хүүг 1.8 хувиар тооцож өгдөг. Ингэснээр банк жилд дунджаар 30 хувийн ашигтай ажилладаг юм байна. Хэрэв нийгмийн даатгалын санд мөнгөө байршуулвал зээлийн хүү буурах боломжтой гэж "Ахмадын холбоо" үзэж байна. Тус хөдөлгөөнийг УИХ-н гишүүн С.Ганбаатар, Н.Номтойбаяр дэмжиж байгаа аж. Маргааш ахмадууд Монголбанк, НДЕГазар, НДЕЗөвлөлд  шаардлага хүргүүлэх юм.

Б.АЛТАНГЭРЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж