Гацууртын 20 хувийг төр эзэмшихийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.02.10-нд нийтлэгдсэн

Гацууртын 20 хувийг төр эзэмшихийг дэмжлээ

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв.

Засгийн газраас хоёрдугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн  дээрх тогтоолын төсөлд  Гацууртын ордоос Монголын төр 20 хувийг эзэмшинэ, ингэхдээ хөрөнгө оруулагч талд ямар нэг төлбөр төлөхгүй байхаар оруулж ирснийг байнгын хорооны гишүүдийн 90.6 хувийн саналаар “Асуудлыг хэлэлцэх нь зүйтэй”  гэж үзлээ.

Байнгын хорооны гишүүдээс  УИХ-ын гишүүн Г.Уянга ганцаараа эсрэг  кноп дарлаа.

Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орсноор улсын төсөвт төлбөр, татвар хураамжаар орлого оруулахаас гадна, ордыг ашиглах компанид төр хувь эзэмшсэнээр ноогдол ашгийн хувиар орлого хувиарлагдаж, энэ орлого улс орны хөгжилд зарцуулагдана гэж үзэж байгаа.

Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн хувьд хамтарсан “Эрдэнэс-Гацуурт” ХХК байгуулагдсанаар төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Орд ашиглах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж  Засгийн газар үзжээ.

Эдийн засгийн байнгын хороо одоо Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг “Хэлэлцэх эсэх” асуудлыг хэлэлцэж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж