Битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг ханган, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт тавин, өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллана. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газраас 65 алба хаагч, Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээр дадлага хийж байгаа 90 сонсогчийг нэмж ажиллуулах юм.

Сар шинийн баяраар замын ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл саатал бий болж магадгүй учир иргэд настан буурлууддаа золголт хийхдээ  бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэргээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна. Шинийн 3, 4 –ний өдрүүдэд хөдөө орон нутгийг  чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа  зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаас гадна бага насны хүүхдийг  зориулалтын хамгаалах суудалд суулгах, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, мөн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн  гарахыг зөвлөж байна. Энэ сарын 18-ны өдөр буюу  битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Харин шинийн 1, 2, 3, 4-ний өдрүүдэд  \ 2 дугаар сарын 19, 20, 21, 22 \ улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж