Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн зөрчил буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн зөрчил буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргүүд дээр  гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх  14 хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт гэмт хэргийн шинжтэй нийт 525 гомдол мэдээлэл ирсэн. Өмнөх 14 хоногтой харьцуулбал 33,7%-иар буурсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 137 дуудлага, захиргааны зөрчлийн шинжтэй 388 дуудлага ирсэн.  Зөрчлийг шалгаж нийт 2.271.000 төгрөгний торгууль ногдуулсан байна.

Харин Сүхбаатар дүүрэгт нийт бүртгэгдсэн 1048 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 8,63 хувиар буурсан. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 343 байна. Сар шинийн баярыг угтаж  Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 21 хүнсний дэлгүүрийг шалгасан. “Шаргалжуут” бөөний төвд татварын акцгүй 0,75 гр, 405 шил “Сангийн далай” нэртэй хуурамч архи зарж байсныг илрүүлэн 2015250000566 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 1722 өргөдөл, мэдээлэл ирүүлсэн нь өмнөх 14 хоногоос 9,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 2 дугаар сарын эхний 14 хоногт иргэд, байгууллага аж ахуйн нэгжээс нийт 74 өргөдөл, гомдол, 58 албан бичгийг хүлээн авч шийдвэрлэсэн. Газрын төлбөрт 7,5 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.

Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өссөн үзүүлэлттэй байна. Тус дүүрэгт Нийслэлийн Засаг даргын 103 дугаар захирамжын дагуу санхүүгийн түр горимд шилжүүлсэн. Сар шинийн баярыг угтаж дүүргийн ЗДТГ, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран ажиллаж байсан, байгууллага нь татан буугдсан, өөр орон нутгаас шилжин ирсэн ахмадууд буюу бидний нэрлэж заншсанаар “Харъяалалгүй” гэх тодотголтой ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Үүнд 2325 ахмадууд хамрагдсан гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2689 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос буурсан үзүүлэлттэй байна.

Харин Баянзүрх дүүрэгт нийт 3319 дуудлага мэдээлэл ирснээс захиргааны шинжтэй 1804, гэмт хэргийн шинжтэй 689 дуудлага  иржээ. Нийт дуудлага 8,3 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй дуудлага 6,9 хувиар  өссөн, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 0,16 хувиар буурсан үзүүлэлтэй байна.

Багануур дүүрэгт Захиргааны зөрчлийн шинжтэй 150 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 11 нэгжээр буюу 7.9  хувиар  өсч, 28 нь гэмт хэрэг, 122 захиргааны зөрчлийн шинжтэй   дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг төрлөөр нь авч үзвэл хүнийг санаатай алах 2, бусдын эд зүйлийг хулгайлах 15, малын хулгай 2, бусад 1, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, халаасны хулгай, зальлан, танхай, хүчингийн хэрэг гараагүй. Багануур дүүрэг нь тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг 2014 онд Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр “Арт консракшин ХХК” гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар тус төлөвлөгөөг Нийслэлийн түвшинд баталгаажуулах асуудал хүлээгдэж байна гэлээ.

Харин Багахангай дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, албан тушаалтнаас гэмт хэргийн шинжтэй 2,  захиргааны зөрчлийн шинжтэй 11 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Архидан согтуурч бусдын амгалан тайван байдал алдагдуулсан  5  хүнийг эрүүлжүүлж, гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 18  хүнийг 91,000 төгрөгөөр  торгож захиргааны арга хэмжээ авсан гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж