Ц.Цолмон сайд Дорноговь, Говьсүмбэрт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.02.16-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон сайд Дорноговь, Говьсүмбэрт ажиллалаа

 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн амралтын өдрүүдэд мал аж ахуйн салбарт ажил үйлсээрээ шалгаран Улсын сайн малчны болзол хангасан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Г.Ууганбаярын хотонд нь очиж сайн малчны цол өргөмжлөл, цол тэмдгийг нь гардуулан өглөө. Сайн малчных сумынхаа Элст тал хэмээх газар  өвөлжиж байна. Тэрээр багаасаа л мал маллаж эхэлсэн бөгөөд түүний ажлын гол амжилт нь байгаль цаг уурын хүндрэлийг отор хийж мал сүргийн хохиролгүй даван туулдаг, мал сүргийн чанарт анхаарч шилмэл үүлдэр омгийн хээлтэгчээр сүргийн бүтцээ сайжруулдаг, бэлчээр, усаа хуваарьтай ашигладаг, өвс тэжээлийн нөөцийг сайн бүрдүүлэх хөдөлмөрч чанар нь гэлцэнэ. Г.Ууганбаярын хөдөлмөрч зангаас гадна түүний аав Н.Галсаншадав гуайн сургааль, мал маллагааны тухай үнэтэй зөвөлгөө хүүдээ энэ эрхэм цолыг авах нөхцөл нь болжээ. Н.Галсаншадав гуай 1990 оны үеэр улсын сайн малчин болж байсан бол Г.Ууганбаярын дүү ч гэсэн аймгийн сайн малчин гээд энэ гэр бүл мал маллах ур ухааны уул уурхай гэлтэй. Дорноговьчуудын хувьд энэ жил мал сүргийнхээ тоог нэг сая 600 мянган хүргэсэн нь өмнөх онтойгоо харьцуулахад 11 хувиар өсгөсөн тухай Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг онцолж байсан.  Харин улсын сайн малчных маань улсдаа 1600 гаруй мал тооллуулсан нь энэ ажээ.  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон аав хүү хоёр улсын сайн малчинд хандан мал сүргийнхээ тоо толгойг өсгөж, тогтвортой амжилт гарган, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мал сүргийнхээ үйлдэр угсааг чанаржуулан, өөрийн арга туршлагыг залуу халаа үедээ уламжлуулан өвлүүлж байдагт талархал илэрхийлсэн юм. Улсын сайн малчны цол тэмдгийг гардуулсны дараа  Ц.Цолмон сайд  Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид ажилласан.

 

 

Их говийн гарнизон гэгдэж Амьдралын академи нэрээрээ алдаршсан Зүүнбаянгийн цэргийн анги Монголын батлан хамгаалах салбар дунд нэгэнтээ домог болтлоо яригддаг анги. Хуучин цагт 10 мянга гаруй цэрэгтэй байсан энэ их талын цэрэг эрсийн жавхаа, хийморь өнөөдөр ч гялалзаж байна. Энэ ангид олон мянган эрс цэргийн алба хааж, байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдгийн амьд жишээ болсон олон арван цэргийн нэрт зүтгэлтнүүд эндээс төрж гарсан түүхтэй. Батлан хамгаалах салбарын генералууд энэ ангид л алба хааж явсан нь цэрэг эрсийн очих ёстой газар, туулах ёстой зам мэт. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, НҮБ-ын бүсийн командлагчаар ажиллаж буй бригадын генерал Д.Баярсайхан дэслэгч генерал Ц.Тогоо, хошууч генерал Я.Чойжамц, бригадын генерал Р.Сүхбат болон Ж.Бадамбазар гээд 42 генерал Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж явсан нь түүхийн хуудаснаа бичигджээ. Одоо ч тэнд ирээдүйн генералууд бэлтгэгдэж байна. Ц.Цолмон сайдыг дагалдаж БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Б.Алтангэрэл нарын албанынхан ажилласан. Зүүнбаян буюу Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа З.Баянмөнхийн зүгээс салбарынхаа сайдад учирлах зовлон төдийлөн байсангүй. Үүргээ гүйцэтгэхэд хүн хүч, техник технологи боломжтой байгаа, гагцхүү зарим барилгын дээврийн засах ажил байгаа тухай тэр хэлсэн юм. Харин Ц.Цолмон сайдын зүгээс  2015 оныг Ахлагчийн жил болгон зарласантай холбогдуулан тэднийг чадваржуулах, нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарахыг сануулна лээ. Ийнхүү их говийн цэргийн хүрээнд амьдрал хэвийн үргэлжилж цэрэг эрс жавхаатай байна.

 

 

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Говьсүмбэр аймагт ажилласан. Ажиллах болсон нь Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр хүсэлт тавьсантай холбоотой. Орон нутгийн удирдлагууд "Цэргийн алба хаах нь эр хүн бүрийн гүйцэтгэх үүрэг. Бид орон нутагтаа сурч боловсорч байгаа оюутнуудаа цэргийн албанд хамруулах хүсэлтэй байна. Ялангуяа, "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүрээнд алба хаалгах сонирхолтой" гэсэн учраас Ц.Цолмон сайд Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежид зочилсон. Коллежийн сургуулийн захирал Г.Энхбатын ярьснаар 900 гаруй оюутантай энэ сургууль уул уурхай, барилга, хүнд мехнизмын бүх мэргэжилтэнг бэлтгэн гаргаж байна. Техник технологийн хувьд шинэчлэгдсэн учраас суралцагчид сэтгэл хангалуун гэв. Мэдээж оюутнууд сургалтын төлбөр төлөхгүй. Харин ч сар бүр 70 мянган төгрөгийн "цалин"-тай. Багш нарын хувьд Австрали бэлтгэгдсэн тухай Г.Энхбат захирал онцолсон. Гагцхүү оюутнуудаа сургаж мэргэшүүлэхийн хажуугаар "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хүрээнд 2-3 сарын хугацаанд цэргийн алба хаалгах сонирхолтой ажээ. Ингэхийн тулд өөрсдөө оюутан цэрэг байрлах байр орон сууцаа бэлтгэж, хоол хүнсийг нь нийлүүлэх тухай салбарын сайдад нь хэлнэ лээ.  Эхний ээлжинд сургуулиас нь 100 гаруй оюутан цэрэг энэ хөтөлбөрт хамрагдах бөгөөд цаашдаа уламжлал болон тогтох боломжтой гэсэн. "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулснаар төгсөгчид ажлын байрандаа очоод дэвших, төрийн албанд орж ажиллах боломж бүрдэнэ гэж сургуулийн удирдлагууд хэлж байсан. Түүнээс гадна батлан хамгаалах салбарт ч гэсэн хүнд механизм, машин, барилгын заслыг гүйцэтгэх боловсон хүчин нийлүүлэх боломжтой гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  ажил хэрэгч энэхүү саналыг судалж үзээд эргээд хариу хэлэхээ амалсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж