&#34Чонон сүлд&#34 удахгүй Монголд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.24-нд нийтлэгдсэн

&#34Чонон сүлд&#34 удахгүй Монголд нээлтээ хийнэ

Хятадын зохиолч Лю Жиаминий зохиол "Чонон сүлд" киног "Гэгээ продакшн" албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Хятад хэлний орчуулагч, Гэгээ Коллежийн зөвлөх багш Д.Болдбаатар, жүжигчин Р.Анхням нар оролцсон юм.

"Чонон сүлд" зохиолыг анх 2010 онд орчуулагч Д.Болдбаатар хятад хэлнээс монгол хэлнээ орчуулан гаргасан ба тухайн үедээ маш сайн борлогдож, номын дэлгүүрүүдийн шилдэг номоор шалгарч байжээ. Харин энэ удаад францын алдарт найруулагч Жан Жан Анно-гийн бүтээснээр кино болон дэлгэцнээ гарч байна. Чонон сүлд кинонд Хятад, Франц, Монгол, Канад, Австрали зэрэг улсуудын уран бүтээлчид оролцсон ба тус кино нь хоёр сарын 16-ны өдөр Францад, хоёрдугаар сарын 19-нд Хятадад нээлтээ хийсэн юм.

Киног бүтээхэд 100 сая гаруй юань зарцуулсан бөгөөд одоогоор Хятадын кино театрт гарч байгаа найман киноны гуравдугаар жагссан байна. Түүнчлэн Чонон сүлд кино нь Оскарын кино наадмын гадаад киноны төрөлд өрсөлдөх магадлалтай кино хэмээн киноны найруулагч сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа дурдсан байна. Чонон сүлд кино нь энэ сарын 27-ны Монголын үзэгчдийн хүртээл болох ажээ. Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад нэгэн зэрэг 17 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ.

"Чонон сүлд" кинонд тоглосон Монголын жүжигчин Р.Анхнямтай уулзаж киноны талаар асууж тодруулсан юм.

-Кинонд тоглохдоо ямар шалгуур даван орсон бэ?

-Чонон сүлд кинонд Хятад, Өвөр Монгол, Хонг Конг, Монголын эмэгтэй жүжигчдээс шалгаруулалт хийсэн. Найруулагч яг өөрийн кинондоо тохирсон жүжигчин олохын тулд маш олон шалгуур явуулж эцэст нь намайг сонгосон.

-Чонон сүлд кинонд тоглоход хүндрэлтэй зүйл юү байсан бэ?

-Хамгийн хүндрэлтэй зүйл нь буруу тоглочих вий гэж санаа зовниж байсан. Монгол үндэстнийхээ тухай буруу сөрөг зүйл гаргачих вий, дараа нь Монголын үзэгчид үзээд тэр нь буруу байна хэмээж сэтгэл нь өвдөх вий гэж л санаа зовниж байсан. Бусдаар хүндрэлтэй зүйл байгаагүй дээ гэлээ.

Б.БИЛГЭЭ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж