Уул уурхайн сайд Канадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.03-нд нийтлэгдсэн

Уул уурхайн сайд Канадад айлчилж байна

Уул уурхайн сайд Р.Жигжид гуравдугаар сарын1-4-ний өдрүүдэд Канад улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Торонто хотноо зохион байгуулагдаж буй Уул уурхайн хайгуулагч, олборлогчдын PDAC чуулга уулзалтад оролцжээ.

Уул, уурхайн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Канадын Торонто хотноо жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг энэ удаагийн чуулга уулзалтад 103 орны 25 мянга орчим төлөөлөгчид хуран цугларч уул уурхайн салбарын цаашдын хөгжил,техник технологийн дэвшил, хөрөнгө оруулалт зэрэг өргөн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж. Монгол Улс тус арга хэмжээнд сүүлийн жилүүдэд тогтмол оролцсоор иржээ.

Айлчлалын хүрээнд Уул, уурхайн сайд Р.Жигжид Канад улсын Сангийн сайд ноён Жо Оливер, Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн, Уул, уурхайн асуудал эрхэлсэн парламентын сайд хатагтай Келли Блок, Уул уурхайн хайгуулагч, олборлогчдын чуулга уулзалтын дарга Род Томас, Канадын парламентын Нийтийн танхимын гишүүн ноён Геоф Хоган, Чили улсын Уул уурхайн дэд сайд ноён Игнасил Моренос нартай тус тус уулзаж, Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул, уурхай, хөрөнгө оруулалтын салбарт хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, ярилцжээ.

Уул, уурхайн сайд Р.Жигжид Канадын Парламентын Нийтийн танхимын гишүүн, Уул, уурхайн асуудал эрхэлсэн парламентын сайд хатагтай Келли Блок нарын хийсэн уулзалтын үеэр Монгол, Канадын уул, уурхайн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд авч хэрэгжүүлсэн уул, уурхайн салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой, тодорхой ойлгомжтой болгох, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, хариуцлагатай уул, уурхайг хөгжүүлэх, улмаар энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулжээ. Канадын тал хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа дурдаж, Монгол Улсын уул уурхайн салбарыг хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн аж.

Монгол Улсын Уул уурхайн яам, Канад улсын Байгалийн нөөцийн яам хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт Уул уурхайн сайд Р.Жигжид, Канадын Уул уурхайн асуудал эрхэлсэн парламентын сайд хатагтай Келли Блок нар гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны энэ баримт бичигт заасан хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Монгол Улсын уул уурхайн салбарын чадавхи, олборлох салбарын хариуцлага дээшилж, хамтын ажиллагаа цаашид илүү өргөжин хөгжих боломж бүрдэх юм байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж