Пак Кын Хе АНУ-ын элчин сайдыг эргэжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Пак Кын Хе АНУ-ын элчин сайдыг эргэжээ

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Па Кын Хе өнөөдөр /III.9/ Сөүлийн “Severance” эмнэлэгт АНУ-ын элчин сайд Марк Липпертийг эргэж очжээ. Пак Кын Хе Ойрхи-Дорнодын айлчлалаас ирсэн даруйдаа АНУ-ын элчин сайдыг эргэхээр очсон нь энэ аж. Эмч нарын мэдээлснээр Марк Липперт маргааш / III.10/ эмнэлгээс гарч болох гэнэ. Хутганы гүн шархны улмаас Марк Липперт хацрандаа олон оёо тавиулжээ.

 

Өмнөд Солонгост суух АНУ-ын элчин сайд Марк Липперт өнгөрсөн пүрэв гаригт /III.5/ халдлагад өртөн нүүр болон гарандаа хутганы шарх авсан юм. АНУ-ын элчин сайдын биед халдсан 55 настай Ким Ки Жоныг хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт буруутгаж буй. Тэрээр хоёр Солонгосын харилцаанд том саад учруулж буй Вашингтон Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэн АНУ-ын элчин сайдад халджээ. Ким Ки Жон өмнө нь 2010 онд Сөүлд суух Японы элчин сайд руу бетоны үүрмэг шидсэнээс баривчлагдаж байсан аж.

 

Өмнө нь 2006 онд сонгуулийн сурталчилгааны үеэр Пак Кын Хе рүү хутгатай этгээд дайрч гэмтээснээс тус эмнэлэгт эмчлүүлж байсан аж.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж