Тэтгэврийн зээлийн хүүг яаж бууруулах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийн хүүг яаж бууруулах вэ?

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 340 мянган иргэн тэтгэвэр авдагаас 190 мянга нь тэтгэврийн зээлтэй аж. Тэтгэврийн зээлийн хэмжээ 355 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа юм. Жилийн хүү нь 18 хувь. Монголын ахмадуудын холбоо, Шударга хүү хөдөлгөөнөөс өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагыг тавьж байсан. Ийм боломж бий юу? гэдэг асуудлыг Монголбанкинд өнөөдөр болсон “Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл ба тэтгэврийн зээл” сэдэвт уулзалтаар талууд ярилцлаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, зөвлөх С.Болд, Хаан, Төрийн банк, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо, Монголын Ажил олгогч эздийн холбооны төлөөллөөс гадна Монголын ахмадуудын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар, Шударга хүү холбооны тэргүүн С.Зоригтбаатар нар оролцсон юм.

Хуримтлалгүй эдийн засаг савладаг

Одоогийн тогтолцоог авч үзвэл Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг зөвхөн зардаг байна. Дээр нь сангийн эх үүсвэр дутаж иржээ. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос шахаж шаардсанаар 2009 онд Засгийн газар Нийгмийн даатгалын санд 1.7 их наяд төгрөгийн өртэй гэсэн тооцоог гаргасан байна. Энэ өр өнгөрсөн хугацаанд дахин өссөн байх магадлалтай аж. Тиймээс Засгийн газар өрөө төлж, мөнгөөр дутагдаж ирсэн Тэтгэврийн санг мөнгөжүүлэх. Жил бүр 500 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлдэг болчихвол 10 жилийн дараа 5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн том сан бий болно. Өөрөөр хэлбэл, олсныгоо хуримтлуулдаг, буцаагаад түүнийгээ хөрөнгө оруулалт болгож зах зээлд гаргах нь инфляци тогтвортой төвшинд байж, эдийн засгийн савлагаанаас ангид байх боломж бүрдэх аж. Инфляци тогтвортой байж буурсан нөхцөлд тэтгэврийн зээлийн хүү буурна. Ийм тогтолцоог бүрдүүлэх нь чухал байгааг төв банкны ерөнхийлөгч энэ үеэр хөндлөө. Мөн хуримтлалгүй эдийн засаг гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж савлаж ирснийг өнгөрсөн 2009 онд болсон эдийн засгийн хямрал, мөн өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн хямралаар жишээ болгосон юм.

 

Хүчээр зээлийн хүүг бууруулбал яах вэ?

 

Төрийн банкны захирал Д.Батсайханы тодотгосноор тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр яригдаж буй сэдэв биш, олон жилийн өмнөөс хөндөгдөж, энэ чиглэлээр банкууд ч ажиллажээ. Тухайлбал, 2008 онд тэтгэврийн зээлийн хүү сарын 2 хувь байсан бол  2011 онд 1.8 хувь болгож бууруулсан байна. Ингэхэд тэтгэврийн зээл өмнөхөөсөө 2.5 дахин буюу 47 тэрбум төгрөгөөс 170 тэрбум болж өсчээ. 2012 онд тэтгэврийн зээлийн хүүг 1.5 хувь болгон бууруулахад зээл 355 тэрбум төгрөг болж, гурав дахин өссөн байна. Тиймээс эдийн засгийнх нь суурийг  зөв бэлтгэж зах зээлийнх нь жам ёсоор буулгавал гарах сөрөг үр дагавар багатай тусна гэж онцлов.

Харин Монголын Ахмадуудын холбоо, Шударга хүү хөдөлгөөнүүдийн зүгээс ахмадуудын тэтгэврээ авдаг голлох банкуудад Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг түлхүү хэмжээгээр байршуулж, түүнийх нь хариуд тэтгэврийн зээлийн хүүг өнөөгийн төвшнөөс нь 3 хувиар бууруулж 15 хувь руу буулгах боломжтой гэж үзэж байна.

Арилжааны 10 шахам банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгө хөрөнгө болох 532 тэрбум төгрөгийг жилийн хугацаатай 10.5 хувийн хүүтэйгээр хадгалуулсан байгаа аж.

 

Энэ тухай мэдээллийг хүргэвэл

1.Капитал 190 тэрбум

2.Улаанбаатар хотын банк 155 тэрбум

3.Төрийн банк 90 тэрбум

4.Голомт 20 тэрбум

5.Хаан банк 12 тэрбум

6.Чингис хаан банк 43 тэрбум

7.Үндэсний хөрөнгө оруулалтын банк 15 тэрбум

8.Капитрон банк 7 тэрбум төгрөгийг тус бүр байршуулжээ.

Дээрх мэдээллээр тэтгэврийн зээл хамгийн их авдаг, ахмадуудын гол үйлчилгээ авдаг Хаан, Төрийн банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хамгийн бага хэмжээтэйгээр байршсан байгаа юм. Гэхдээ Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг тэтгэврийн үйлчилгээ авдаг гол банкинд байршууллаа гэхэд зээлийн хүүг шууд бууруулахад асуудалтай аж. Банк бүрийн үйл ажиллагааны зардал өөр, өөр байдаг гэнэ. Улс даяар салбартай Төрийн банкны хувьд орон нутаг дахь салбарынх нь үйл ажиллагааны зардал өндөр тусдаг учраас тавьж байгаа шаардлагын хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нь эрсдэл өндөртэй. Гол нь Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх замаар сууриа зөв тавих нь зах зээлийнхээ жамаар зээлийн хүү буурах зөв гольдролд орно гэж үзэж байгаа юм.

 

Банкууд 70 тэрбумын ашиг олдог

Монголын ахмадуудын холбооны тэргүүн Ц.Сүхбаатарын хэлснээр бол банкууд жилдээ 70 тэрбум төгрөгийн ашиг олдог. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаад олох ашгаа 18 тэрбум төгрөгөөр бууруулахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бололцоотой. Ингэсэн нөхцөлд ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү сардаа 20 мянга орчим төгрөгөөр хөнгөлөгдөнө. Дээрх арга хэмжээг авсан нөхцөлд Хаан, Төрийн банкуудад Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг түлхүү байршуулж, хэн хэндээ хэрэгтэй үйлчилгээ үзүүлэх боломж байна гэв

Шударга хүү хөдөлгөөний тэргүүн С.Зоригтбаатар “Тэтгэврийн санд 1 их наяд төгрөг эргэлдэж байна. Тэтгэврийн зээл олгодог гол банкууд нь Хаан, Төрийн банк, тэдгээрт тэтгэврийн сангийн хөрөнгийг эх үүсвэр хэлбэрээр байршуулаад бага хүүтэй зээл олгох боломжтой гэдэг асуудлыг тавьж байгаа. Банкууд дахь хадгаламжийн 95 хувийг нийгмийн тавхан хувийг бүрдүүлдэг цөөн хэсэг эзэлдэг. Энэ бол эдийн засаг том гажуудалд орсны нэг хэлбэр. Дээр нь иргэд, хөдөлмөрчид Нийгмийн даатгалын санд сар бүр мөнгө төлж хуримтлуулж ирсэн ч түүнийг Засгийн газар төсвийн цоорхойг нөхөхөд ашиглаж ирсэн учраас хоосон байна. 2009 онд Засгийн газар 1.7 их наяд төргрөгийн өртэй байсан.  1960 оноос хойш төрсөн иргэд Нэрийн данснаасаа мөнгө авъя гэхэд байдаггүй. Тиймээс Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх нь эргээд орон сууцны зээл, тэтгэврийн зээл, цалингийн зээл буурах боломжийг бүрдүүлэх учраас энэ чиглэл рүү шаардлагаа голлож тавих болно” гэсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж