Тэрүнофүжи Хакүхог давлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.20-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи Хакүхог давлаа

-Энэ өдөр ёкозүна Хакүхо сэкивакэ Тэрүнофүжиг давсан бол түрүүлэх болзлоо хангах байсан юм-

Осака хотноо болж байгаа мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё сонирхолтой болж байна. Башёгийн эхний өдрүүдэд японы озэки цолтнууд унаж эхэлсэн бол түрүү бөхийн төлөө ч монгол бөхчүүдийн тэмцэл үргэлжилсээр байна.

Тэмцээний 13 дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо, шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар барилдахаар оноолт таарсан юм. Энэ барилдаанд Хакүхо давбал сүүлийн хоёр өдрийн барилдааныг хүлээлгүй түрүүлэх болзлоо хангах байлаа. Учир нь Хакүхогийн араас хамгийн ойр нэхэж байгаа бөх бол сэкивакэ Тэрүнофүжи байсан. Барилдаан эхлэхэд Тэрүнофүжи аваргын золгоог тогтоож, тайван барилдаж, дэвжээнээс түрж гаргаснаар давлаа. Ийнхүү Хакүхо 12 даваа, нэг унаатай боллоо. Харин сэкивакэ Тэрүнофүжи 11 даваа, 2 унаатай болж, түүний араас ганцаараа нэхсэн хэвээр үлдэв. Тэрээр озэки Кисэносато, маэгашира Кайсэд ялагдсан юм.

Энэ өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж озэки Кисэносатогоор 10 дахь даваагаа авлаа. Харин озэки Гоэйдо М-4 Точиношинг давсан бол Котошёогикү Тоёоношимад унажээ. Япончуудын найдвар озэки цолтнуудаас Кисэносато найман даваа аваад байгаа бол Гоэйдо, Котошёогикү нарын хувьд 7 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Башёгийн 14 дэх өдөр буюу маргааш ёкозүна Хакүхо озэки Кисэносатотой, ёкозүна Харүмафүжи озэки Котошёогикүтэй барилдана. Харин сэкивакэ Тэрүнофүжи маэгашира Ичиножёотой барилдах юм.

Башё эхлэхээс их аваргатай барилдаж, ялахыг хүсэж байна гэдгээ илэрхийлж байсан сэкивакэ Тэрүнофүжи Хакүхог давснаар эхний зорилгоо биелүүллээ. Тэрээр энэ жил озэки цолонд хүрэх зорилго тавиад байгаагаа нуугаагүй юм.

 

Монгол бөхчүүдийн амжилт: (13 өдрийн дараах байдлаар)

Макүүчи:

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-3
  • Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11-2
  • Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 4-9
  • М-1 Ичиножёо А.Ичиннноров 8-5
  • М-8 Токитэнкү А.Хүчитбаатар 3-10
  • М-10 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 6-7
  • М-11 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 6-7
  • М-14 Араваши Э.Дөлгөөн 7-6

 

Маргааш буюу 14 дэх өдөр:

  • ёкозүна Хакүхо – озэки Кисэносато
  • ёкозүна Харүмафүжи – озэки Котошёогикү
  • озэки Гоэйдо – маэгашира Тоёоношима
  • сэкивакэ Тэрүнофүжи – маэгашира Ичиножёо

 

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж