Жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.28-нд нийтлэгдсэн

Жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Рио де Жанейро” олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах ээлжит тэмцээнд оролцож байна. Туркийн Самсун хотноо энэ сарын 27-29-ний өдрүүдэд болж буй Гран при тэмцээнд 70 орны 570 жүдоч өрсөлдөж байна. Гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямаар удирдуулсан манай баг тамирчдаас тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртээд байна.

60 кг-д 19 настай Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр(03.27) эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд боллоо. Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг мөнгө, 60 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон V, 48 кг-д Э.Гэрэлмаа VII байрт оржээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Төмөрхүлэг Турк, Казахстан, Израйлын бөхчүүдийг ялж хэсгийн аварга болсон. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Абула Абдулзайлловыг ялснаар финалд шалгарсан юм. Харин финалын барилдаанд олимпийн хошой хүрэл, дэлхийн аварга Узбекстаны Ришо Собировыг барсангүй.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д 19 настай Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрээр Марокко, Турк, Израйл, Белгийн бөхчүүдийг ялж, шөвгийн наймд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Орхан Сафаровд ялагдсан ч торгуулийн тойрогт Йемений Али Хоусрофыг ялж, медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. Манай бөх шийдвэрлэх барилдаанд Д.Амартүвшинг ялсан ОХУ-ын Робертыг хожиж, медалийн тавцанд зогссон юм.   

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг-ын жингийн барилдаанууд болох бөгөөд манай долоон бөх дэвжээнд гарна.

70 орны жүдочид оролцож буй тус тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Узбекстан улс хоёр алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Герман, Косово, Аргентин улс тус бүр нэг алтан медаль авсан байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж