Жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.30-нд нийтлэгдсэн

Жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид өнгөрөгч амралтын өдрүүдэд “Рио де Жанейро” олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах ээлжит тэмцээнд оролцлоо.

Туркийн Самсун хотноо гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болсон “Самсун Гран при” тэмцээнд 67 орны 494 жүдоч өрсөлдөв. Гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямаар удирдуулсан манай баг тамирчид тус тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг мөнгө, 60 кг-д залуу жүдоч Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар хүрэл медалийн эзэн болов.

Нидерландын шигшээ баг хоёр алт, нэг мөнгө, хоёр медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Азарбайжан, Узбекстан, Франц, Герман улс II-V байрт оров. Манай улс 13-р байрт шалгарсан бол медаль хүртсэн орнуудын хамгийн сүүлд буюу 29-р байрт нэг хүрэлтэй БНСУ оржээ.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Д.Төмөрхүлэг Турк, Казахстан, Израйлын бөхчүүдийг ялж хэсгийн аварга болсон. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Абула Абдулзайлловыг ялснаар финалд шалгарсан юм. Харин финалын барилдаанд олимпийн хошой хүрэл, дэлхийн аварга Узбекстаны Ришо Собировыг барсангүй.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д 19 настай Ц.Цогтбаатар урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ. Тэрээр Марокко, Турк, Израйл, Белгийн бөхчүүдийг ялж, шөвгийн наймд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын хүрэл медальт Азербайжаны Орхан Сафаровд ялагдсан ч торгуулийн тойрогт Йемений Али Хоусрофыг ялж, медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. Манай бөх шийдвэрлэх барилдаанд Д.Амартүвшинг ялсан ОХУ-ын Робертыг хожиж, медалийн тавцанд зогссон юм.  

 

60 кг-д 19 настай Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж