Ц.Элбэгдорж: Монголын үндэсний эрх ашиг хөгжлөөр хэмжигдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Монголын үндэсний эрх ашиг хөгжлөөр хэмжигдэнэ

Ц.Элбэгдорж: Монголын үндэсний эрх ашиг хөгжлөөр хэмжигдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээж үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

                 Бидэнд салхины чиг гаргаж өгч байгаагаараа энэ чуулган чухал

Энэ жилийн Эдийн засгийн чуулган үр дүнтэй, сайн зохион байгуулалттай болж байна гэж би харж байна. Хэлэлцэж байгаа асуудал, оролцогчдын хүрээг харахад урьд урьд жилүүдийнхээс ахисан байна. Зөвхөн уул уурхай, эдийн засаг гэж ярьдаг байсан. Энэ удаа их олон асуудал ярьж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд институтийн засаглал, мэдээллийн ёс зүй, төрийн хяналт шалгалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын тэнцвэртэй байдал, хөгжлийн асуудал, хөрөнгө оруулалтын орчин, түүнийг сайжруулах арга зам, Монгол Улсын зээлжих зэрэглэл, аж ахуйн нэгжийн засаглал гээд маш олон зүйлийг ярьж байна. Өчигдөр та бүхэн маш их шахуу хөтөлбөртэй ажилласан. Өнөөдөр орон нутгийн хөгжил, Монгол Улсын өрсөлдөх чадварын тухай ярих гэж байгаа нь чухал юм. Түүнээс гадна маргаан таслах мэргэжлийн байгууллага, шүүх, бизнес, мэргэжсэн арбитрын хоорондын харилцаа, тэтгэвэр, эрүүл мэндийн тогтолцоо гэх мэт асуудлыг хүртэл авч ярилцаж байгаа нь их зүгээр санагдаж байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулж Монголын экспортыг яаж нэмэгдүүлэх, хуулийн тогтвортой тодорхой байдал, бизнесийн орчин ямархуу уялдаатай байж болох, Монголын үйлдвэр худалдааны нөхцөлийг яаж өөрчлөх, Улаанбаатар хотын хөгжлийн стратеги, монголын аялал жуулчлалын салбарыг хэрхэн хөгжүүлэх зэрэгт ямар хүндрэл тулгамдаж байна вэ гээд эдгээр асуудлыг тойрч ярилцаж, манай бизнесийнхэн, улс төрийн шийдвэр гаргагчид,  олон нийтийн байгууллагынхан, хэвлэл мэдээллийнхэн нийлж хэлэлцэж байгааг үнэхээр цаг үеэ олсон чухал  зүйл гэж би харж байна.

Бидэнд асуудлаа нээлттэй ярилцдаг Монголын өөрийнх нь нэг зарчим байгаа. Өнөөдөр Ерөнхийлөгч үг хэлж байгаа нь чухал байж магадгүй. Гэхдээ та бүхний хэлж байгаа үг илүү чухал гэж бид үздэг. Монгол бол ардчилсан улс. Хамгийн том албан тушаалтай нэг хүн дандаа гараад үг хэлдэг, тэр хүний үг үргэлж зөв байдаг гэсэн зүйл байхгүй. Харин ард иргэд, олон нийт сууж ярилцаад, тэндээс сайн санаа гарвал шийдвэр гаргахад оролцдог, түүнд нөлөө үзүүлдэг хүмүүс нь түүнийг дэмжээд ажил хэрэг болгох чиглэл рүү явах нь их чухал гэж бодож байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт гэж байдаг. Дэлхийн эдийн засаг ийм хандлагатай болж байна гээд тэнд ярих юм. Тэнд оролцож ирээд тухайн үеийн Засгийн газартай ярилцаад, эдийн засгийн асуудлаа ийм маягаар ярьж байя. Ер нь Монголдоо  нэг ийм загвар, чиглэл заадаг чуулга уулзалттай болъё гэж ярилцаад  2010 онд бид Монголын Эдийн засгийн чуулганыг эхлүүлж байсан. Эдийн засгийн чуулга уулзалт тухайн жилийнхээ, тэгээд дараагийн чуулган хүртэлх уур амьсгал, байгаа байдлыг тодорхойлдог, чиг хандлагыг гаргаж ирдгээрээ чухал. Энд оролцож буй шийдвэр гаргагчид ийм зүйл ярьж байна. Санхүүгийнхэн ийм зүйл ярьж байна, бизнесийнхэн, хувийнхан ийм зүйл ярьж байна, сайд нэг ийм байр суурьтай байна, бидэнтэй хамтарч ажиллаж буй гадны хүмүүс нэг ийм байр суурьтай байна, ийм зүйл хүсэж байна гэдэг. Цаг уураар бол салхины чиг гаргаж өгч буйгаараа хамгийн чухал юм. Энэ үйл ажиллагаа уламжлал, ажил болоод тогтож байна. Тэгэхээр нэг ч болов сайн санаачилга Монголд ажил, уламжлал болно гэдэг чухал.

                 Өнөөдөр бидэнд хамгийн түрүүнд ойлголцол хэрэгтэй

Өнөөдөр бидэнд хамгийн түрүүнд ойлголцол хэрэгтэй байна. Ойлголцож хамтарч ажиллах, юм бүтээх гэдэг бол ямар хэцүүг бид харж байгаа. Бараг ингэж хэлэхэд хүртэл заримынх нь хэл эвлэхгүй хүнийссэн, хагарсан, бутарсан, тийм сэтгэхүйн эвдрэл, доройтолд орсноо харлаа. Ийм зүйл их халдвартай байдаг нь харагдаж байна.

Манай ахмад дипломатч, төрийн нэртэй зүтгэлтэн Ц.Гомбосүрэн гуай саяхан нэг ярьж байсан. Хүний толгойд солиотой бодол орж болно. Гэхдээ түүнийгээ хүн бүрийн толгойд орсон бодол гэж битгий бодооч ээ. Ард түмэн тэгж бодож байна гэж битгий бодооч ээ. Чиний толгойд муу бодол орж болно. Үүндээ болгоомжтой бай л даа гэж. Ер нь толгойд муу бодол орж ирнэ гэдэг биед өвчний вирус орж ирснээс дор шүү дээ. Муу бодол халдвартай байдаг. Тэгээд тэр нь үйлдэл болж, улс орны хөгжилд муугаар нөлөөлдөг.

Бид бүгд мэднэ. Эх орноо балласан эх оронч гэж дуулаагүй. Дандаа л эх орноо мандуулж явсан тийм гайхамшигтай түүхтэй эх орончидтой баатарлаг үе, Монголын нэрийг сайнаар дэлхийд гаргаж, монголын сайн сайхныг бүтээлцэхэд хувь нэмэр оруулсан тийм үеийг л бид бахархаж, дурсаж ирсэн ард түмэн шүү дээ. Эх орныхоо хөгжилд саад болсон эдийн засагч гэж би дуулаагүй. Өнөөгийн нөхцөлд Монголын эрх ашиг гэдэг бол хөгжлөөр л хэмжигдэнэ. Үндэсний эрх ашиг гэж юу хэлэх вэ гэхэд шууд хариулах хүн цөөн байж магадгүй. Үндэсний эрх ашиг гэдэг бол тухайн ард түмэн бүгд нэгдэж чаддаг нийтлэг эрх ашгийг хэлдэг. Нийтлэг эрх ашиг гэж юуг хэлж байна? Монголчуудын эрх, эрх чөлөөг хэлж байгаа юм. Хүн бүхэн хаана төрсөн, ямар намын гишүүн гэдгээр үл ялгаварлан монгол хүн болохынхоо хувьд эрхэмлэж явдаг эрх ашгийг хэлдэг. Монголын тусгаар тогтнол, бие даасан байдал, хөгжил дэвшлийг хэлж байгаа юм. Энэ бүхэн байна. Үүнийгээ бид хөгжлөөр баталгаажуулах ёстой. Энэ нь эдийн засгийн хөгжлөөр баталгаажаагүй бол суурь нь тавигдахгүй. Тийм учраас бүтээгчдийг, юм хийж буй хүмүүсийг дэмжье. Юм хийж буй хүмүүсийг өмөөрөхөөс ичихгүй байя. Тэдний төлөө зүтгэдэг, дуугардаг байя, шийдвэр гаргахын төлөө явдаг байя.

Хуримтлал бий болгодог эдийн засгийн өсөлт л хамгийн сайн эдийн засгийн өсөлт юм

Монголд юм бүтээлгэхгүй байя гэдэг бол монголын санаа биш. Ийм зүйл бол их холоос явдаг зүйл гэж би боддог. Монголыг дорой байлгах, сул байлгах, хөгжилгүй байлгах гэдэг бол монгол хүний зүрх сэтгэлд ордог зүйл биш байх гэж бодож байна. Бүтээж, юм хийж  байгаа хүмүүсийнхээ сэтгэл зүйг доош дардаг, зүрх сэтгэлийг үхүүлдэг ажиллагаа бол монголчуудын хийдэг ажил биш ээ.

Өнгөрсөн 25 жилд монголчуудын олсон ололт амжилт, хийрхэл талцал, сүйтгэл хоёрын хэмжээ ерөнхийдөө тэнцэж байгаа. Одоо харин хасах руугаа явах гээд байна. Амьдрал дээр энэ нь харагдаж байна. Эдийн засгийн өсөлт хэдэн хувиар хасагдав, мөнгөний ханш хэдэн хувиар унав, өнөөдөр бизнес хийхэд, юм бүтээхэд юу дутагдаж байна. Мэдэгдэж байгаа биз дээ. Ийм байдлаа зогсоох, засах цаг болсон. Үүн дээр ажиллая. Хөгжиж, цаг урагшилж буй бол хуримтлал бий болж байх ёстой. Хуримтлал бий болгодог эдийн засгийн өсөлтийг л хамгийн сайн эдийн засгийн өсөлт гэж би боддог. Гэр бүл ч, аж ахуйн нэгж ч, Монгол Улсын иргэд ч хуримтлалтай болдог ийм эдийн засгийн өсөлт, харилцаа руу явж байгаа бол үүнийг сайн эдийн засаг гэж бүгдээрээ ойлгох хэрэгтэй.

Хөрөнгийн биржийг 2015 онд дэлхийн түвшинд тавья

Энд ярих гэж буй зүйл олон байгаа. Тиймээс би хувьдаа Засгийн газар тавхан зүйлийг хийгээсэй гэж бодож буйгаа хэлье. Ерөнхий сайдад ч, Засгийн газрын гишүүдэд ч хэлж байгаа. Энэ бол маш энгийн зүйл. Нэгдүгээрт, Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг идэвхжүүлээд олон улсын стандартад шилжүүлээсэй гэж хүсэж байна. Монголд бий болж байгаа баялаг Хөрөнгийн биржээр дамжаад иргэдийн хамтарч бүтээдэг баялаг болоосой. Олон нийтийн болоосой. Бизнес гэхээр л гэр бүлийнх байх юм. Улс төр нь намуудын өмч шиг байх юм. Намууд нь фракцуудын өмч шиг байх юм. Төр нь албан тушаалтнуудын өмч шиг байх юм. Олон нийтийн юм хаана байна аа? Бизнес нь олон нийт, иргэдээсээ хүнийсч байгаа учраас хүмүүсийн дэмжлэг авахгүй шүүмжлэл хүлээж байна. Тиймээс бизнесийг үнэхээр амжилттай хөгжүүлье гэвэл олон нийтийн болго л доо. Одоо гэр бүл, найз нөхөд, ах дүүгийн хүрээнээсээ гар л даа. Ингэхийн тулд Хөрөнгийн биржийг 2015 онд зөв, дэлхийн түвшинд нь тавь л даа.

Ямар ч компани Улаанбаатарын хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд хувьцаагаа зардаг болог л дээ. Эхлээд монголчууд үүнийг хийнэ. Дотоодын болон олон улсын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зардаг “дабл листинг”-ийг Монголд нэвтрүүлье.

Компанийнхаа, үйлдвэрийнхээ баялгийг арван хүний биш, арван мянган хүний бүтээсэн баялаг болгоё л доо. Бүх баялаг ийм байж болно. Ингэвэл монголчууд хамтарч бүтээдэг, олсон жаахан хөрөнгөө өсгөн үржүүлж бизнесээ өргөжүүлдэг болно. Ийм сайхан боломж бидэнд бий.

Энэ асуудлыг 3,4 жилийн өмнө би УИХ-ын чуулган дээр ярьж байсан. Алхам алхмаар сайжирч байгаа юм бий. Гэвч яг очоод харахаад жижигхэн зүйл, тэр сажиг дотор нь байдаг юм. Деталь гэж хүмүүс ярьдаг, би хувьдаа түнийг сажиг гэж хэлдэг. Хөрөнгийн бирж дээр авч байгаа зөвхөн тэр нэг тодорхой хувь, суутгадаг зүйлд нь ил тод байх жишээтэй. Оруулаад л зарахад тэр нь ил тод, ойлгомжтой, засаглалтай болчих хэрэгтэй. Энэ ажлыг хийчихээсэй гэж би үнэхээр бодож байна.

Хоёрдугаарт, Монгол далайд гарцгүй орон. Манай улсад ирэхийн тулд зөвхөн хоёр хөрш орноор нэг бол агаараар, нэг бол газраар дамжиж ирдэг. Газрын тээвэр нь арай өөр байх. Агаарын тээврийн асуудлаа бид нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Аль юм болгон Монголд хэрэгтэй шүү гээд байлгаад байх вэ? Үүн дээр битгий өрсөлдөөн бий болгоорой гэж 20-иод жилийн өмнө намайг Ерөнхий сайд байхад л ярьдаг байсан, одоо хэвээрээ л байна. Нэг л өндөр үнэтэй бензин шахсан байдалтай. Энэ байдлаас гаръя аа. Монголд ирэхийн тулд үнэхээр хол зам туулж ирж байна.

Саяхан Берлин хотноо болсон аялал жуулчлалын дэлхийн хамгийн алдартай үзэсгэлэнд манай Засгийн газар, олон нийт зүтгэсээр байгаад оролцлоо. Энэ үзэсгэлэнд 180 орны аялал жуулчлалын сайд, аж ахуйн нэгжүүд оролцлоо. Берлин хотын нэг дүүрэг Монголоор амьсгаллаа. Германы аялал жуулчлалын сайд нь өөрөө “Германы гурван сая гаруй хүн Монголд ирнэ гэж бүртгүүллээ. Үүнээс 150 мянга нь энэ жилд Монголд ирнэ” хэлж байсан. Ийм боломж байна шүү дээ. Энд дутагдаж байгаа хамгийн гол асуудал нь агаарын тээвэр юм. Энэ ажилд хувийн салбарын оролцоог оруулаад, агаарын тээврийн тасалбарыг нь хямдруулаад, Монголд зорчиход таатай боломжийг нь бүрдүүлье л дээ.

Зочин хүлээж авдаг байя аа бүгдээрээ. Гадаадын иргэдэд таагүй хандсан үйлдэл Монголынх биш, Монгол төрийн үйлдэл биш шүү гэж хэлье. Зан сайтай айлд хүн  олон гэж ярьдаг шүү дээ. Монголчууд бусадтай хамтарч, нээлттэй байхдаа хөгжиж боссон ард түмэн шүү дээ. Бид газрын мухарт хаягдаж болохгүй. Өчигдөр Э.Бат-Үүл дарга уучлал гуйж байна гэсэн. Энэ бол сул доройн шиж биш, хүчтэй, соёлтойн шинж юм. “Уучлаарай, энэ бол манай хотын бодлого биш, энэ Монголын бодлого биш шүү” гэж хэлж чадсан. Тэгэхээр энэ асуудлыг шийдээсэй гэж бодож байна.

Миний бодож явдаг өөр нэг зүйл гэвэл монголчууд нэг л зүйлээр дэлхийд тэргүүлдэг. Энэ тэргүүллээ цаашид ч алдахгүй байх. Энэ юу вэ гэвэл нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээ. Газар шиг том баялаг дэлхийд байхгүй. Үүнийг эргэлтэд оруулж болдоггүй юм уу? Сонгууль бүрийн өмнө, зарим нэг нэр дэвшигчийн ярьдаг зүйл болгоод л байгаад байх уу? Газар нутгаар баялаг ард түмэн үнэхээр баян амьдарч болдоггүй юм уу? Үүнийгээ ард иргэддээ өгч болдоггүй юм уу? Энэ Улаанбаатарт дуудлага худалдаагаар оруулаад хийж байгаа ажлыг маш зөв гэж би бодож байгаа.

Тэр газрын хуулийнхаа эхэнд гурван зүйл биччих гэж хэлдэг. Юу гэвэл “Нэгд, зөвхөн Монгол Улсын иргэн л газар өмчилнө. Монгол Улсын иргэнд л газар өгнө. Хоёрт, Монгол Улсын иргэн авсан газраа гадаадын иргэнд зарсан, ямар нэг байдлаар өгсөн байвал буцааж авна. Гуравт, гадаадын иргэн гадаадын аж ахуйн нэгжтэй газрын харилцаатай холбоотой асуудлыг тусдаа өөр хуулиар шийднэ. Эхлээд Монгол Улсынхаа иргэний асуудлыг шийдье” гэж. Ийм хууль хийгээд хэрэгжүүлэхэд бид энэ асуудлыг шийдэж чадна. Төв суурин газарт заавал тэр 0.7 га гэж бутархай тооны хэмжээтэй газар өгөхгүйгээр нэг га ч юм уу хэмжээтэй, жаахан алсраад ирвэл хоёр га газар, цаашилбал гурван га газар өгдөг байя. Өөрийн гэсэн газартай байхад үүн дээрээ хийсэн жаахан зүйл, ганц гадас хүртэл өөрийн баялаг болоод явчихдаг шүү дээ. Дээр нь ургасан ногоо, мод хүртэл өөрийн баялаг болно шүү дээ.

Энэ асуудлыг энэ 2015 онд шийдмээр байна. Сонгуулийн жилээр болох эдийн засгийн чуулганы үеэр энэ асуудлыг яриад зогсож баймааргүй байна. Би дахин хэлье, тэр газрын харилцааны асуудлыг зөвхөн Монгол Улсын иргэнд хамаатуулж яръя. Бусад асуудлыг тусад нь өөр хуулиар шийдье. Энэ бол маш том боломж.

Гуравдугаарт, худалдан авалтын асуудал байна. Би саяхан үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцахад энэ асуудалд их ач холбогдол өгч байсан. Тэд “Монголд тухайн үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хооронд уралдаанаа зарлаач ээ. Тэр уралдаан нь ил тод шалгууртай байг ээ. Тэгээд нэг жил худалдан авалт хийдэг биш, үнэхээр найдвартай юм хийдэг аж ахуйн нэгж дээр наад зах нь гурван жилийн гэрээ байгуулаач гэж” хэлж байсан. Ер нь тэгж ч явдаг шүү дээ. Нэг жил хийчихээд дараа нь өөр дарга ирэхээр сольдог биш, гурван жилдээ баталгаатай, наад зах нь таван жил төрд ийм бүтээгдэхүүн нийлүүлнэ. Тэгэхээр таван жил баталгаатай үнээр төрд юм нийлүүлээд ирэхээр тэр аж ахуйн нэгж, тэр үйлдвэрлэл хөл дээрээ  босчихдог.

Монголын төр гэдэг юм уу, энд ажиллаж байгаа, тэр нийлүүлэлт авдаг бүх л хүнд хэрэгтэй зүйл Монголд хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бүх улсад хийж буй тэр бүх бизнесийг Монголд хийж болох л байх. Үндэсний аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчид дотроо энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Бид уулзаад ярилцаад явахад ахиц дэвшил гарч байгаа. Би үйлдвэрлэгчидтэйгээ уулзаад үйлдвэрлэлийг дэмжих зарлиг гаргана гэсэн.

Саяхан бид Аж үйлдвэрийн яам байгууллаа. Өмнөх 25 жилийн түүхэнд ийм нэртэй, бие даасан яам байгаагүй. Шинэ Засгийн газар байгуулагдахад би өөрөө “Сайханбилэг ээ, ажил хийж байгаа аливаа хүнээс нэг зүйл үлддэг юм. Ямар нэг нэр, үйл ажиллагаа, санаачилга үлдэх ёстой. Тэгэхээр чиний Засгийн газар Аж үйлдвэрийн яам байгуулаад Монголд үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого гаргаад, тэр бодлогоо бодитой хэрэгжүүлэх ёстой ” гэж хэлж байсан. Гэхдээ Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгчдэд чөдөр саад битгий болоосой, дэмжлэг үзүүлээсэй гэж бодож байна.

Зарим төрийн байгууллагын байгаагүй нь илүү дээр байх тохиолдол ч бий. Байгаагүйгээсээ байгаа нь дорддог тохиолдол ч бий. Үүнийг эхнээс нь анхааруулж хэлж байгаа учраас зөв явах болов уу гэж бодож байна. Үйлдвэрлэгчдээ яг яаж дэмжих гээд байгаа бодлогоо УИХ, Засгийн газар энэ удаагийн чуулганаар эцэслэн ярих байх гэж найдаж байна. Үйлдвэрлэгчдийг дэмжих энэ чиглэлд одоо хэрэгжүүлээд явах боломжтой зарлиг гаргасан. “Зарлигт ингэсэн байна. Үүнийгээ хийгээч” гээд олон нийтээрээ шахаад явах хэрэгтэй. Хэвлэл, мэдээлэл дээр тавих хэрэгтэй.

Хуульд нийцүүлж гаргасан зарлиг бол хууль мэт мөрдөгдөнө гэсэн Үндсэн хуулийн зарчим байдаг. Хууль нь товчхон, тодорхой байдлаар гарчихсан л гэсэн үг. Энэ ажлыг хийгээсэй гэж бодож байна. Энэ бол дөрөв дэх нь.

Тавдугаарт,  эдийн засгийн хямрал, хүндрэл гэж яриад байна. Би боддог юм. Энэ бол өвчин биш учраас илааршина. Бид эндээс гарч чадна. Итгэлтэй байх хэрэгтэй. Эмчилгээгүй өвчин тусчихсан юм биш. Ээлжит сорилттой л бид учирч байна. Зөвхөн монголчуудаас ч болоод байгаа юм биш. Дэлхий нийтээрээ, энд тэндэхийн улс орнууд нйитээрээ л ийм хүнд сорилттой тулгарч байгаа. Бүгдээрээ л эндээс яаж гарах вэ, яаж энэ асуудлыг шийдэх вэ гэж ярилцаж байгаа. Түүний дотор монголчууд бид нээлттэй, тал талаасаа, үнэхээр сүүдрээ нуулгүй ярьж чадаж байгаа нь бидний давуу тал.

Энэ хүндрэлтэй үед гарч ирж ажиллаж байгаа хүмүүс, том удирдагчид, байгуулагдаж  байгаа Засгийн газруудыг харж байхад хийсэн зүйл нь их ойролцоо байдаг. Нэгдүгээрт, шинэ бизнесүүд,  “Start up” гэж нэрлээд байгаа шинэ технологи дээр суурилсан, шинээр бий болж байгаа ирээдүйтэй бизнесүүдийг л хамгийн түрүүнд дэмжсэн байдаг. Байгаа том бизнесүүдээ өөрийнх нь хөрөнгөөр барьцаалаад, нөхцөл тавиад шууд дэмждэг. “Чи ажлын байраа энд бий болгоно шүү. Гадна үйлдвэр байгуулснаа эргүүлж оруулж ирээрэй. Энд үйлдвэрээ ажиллуул. Энд нэмүү өртгөө бий болго” гэдэг байдлаар дэмжсэн байдаг. Тиймээс эхэлж үүсч байгаа бизнесүүдийг Монголд дэмжих ёстой.

Одоо шинэ технологийн ачаар боломж хязгааргүй болсон. Баялаг ч хязгааргүй болсон

Нэг ийм ойлголт манайд бас нэг хэсэг явсан юм. Монголчууд баялагтай, мундаг юм чинь нэг хэсэг нь үгүй гэхэд нөгөө хэсэг нь ороод ирнэ гэж ойлгож байсан. Тэгвэл одоо цаг үе өөр болсон. Цаг үеэ буруу үнэлж байгаа хүмүүсийн ойлголт болчихоод байгаа юм. Зарим нэг улстөрч баялаг байгаа юм чинь ороод ирнэ гэж ярьж байна лээ. Тийм яриа ирээдүйгүй. Түлхэх тусам тэвэрнэ, зодох тусам хайрлана, хөөх тусам буцаж зүтгэнэ гэж боддог. Энэ бол байхгүй. Баялаг, боломж хязгарлагдмал байсан үед бол тэгдэг байсан байж магадгүй. Одоо шинэ технологийн ачаар боломж хязгааргүй болсон. Баялаг ч хязгааргүй болсон.

Сая УИХ-ын дарга Японд айлчилж ирээд “Устөрөгчөөр явдаг машин барьж үзлээ” гэж надад ярьж байна лээ. Устөрөгч бол энэ дэлхий дээр байгаа хамгийн түгээмэл бодис. Түүнийг юунаас ч гаргаж авч болно. Ганцхан үнийн асуудал байсан. Түүнийг ерөнхийд нь шийдэж байна. Ингэхээр “Би газрын тостой, ийм юмтай” гэж чи хэчнээн босч ирж орилоод хэдхэн жилийн дараа тэр чинь хэрэгүй болох үе рүү орно. Бид нэг их нүүрстэй гэж түүн дээрээ сандайлж суугаад тав, арав, 50 жилийн дараа юу болох вэ. Бидэнд л байгаа учраас биднийг ирж тэвэрнэ, бидэн рүү ирнэ гэсэн ойлголт байхгүй болсон. Энэ байдал монголчуудад бас тийм шинэ боломж бий гэдгийг харуулж байгаа. Өнөөдөр жирийн сургуулийн сурагч гэртээ сууж байгаад гэрэгэ хэлбэртэй номын хавчуурга хийгээд Ebay  гэдэг интернэт худалдаагаар зараад нэлээд хэдэн зуун ам.доллар олчихсон байна. Бод доо.

1993 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан хүн “Монголын айл бүхэн үйлдвэрлэгч болох ёстой” гэж хэлж байсан. Тэр үед мөрөөдөл мэт л байсан. Гэтэл өнөөдөр нэг жаахан юм бодож оролддог хүүхэд юм хийчих боломжтой боллоо. Гучин жилийн өмнө тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдахын тулд магадгүй телевизээр дамжуулж тэрбум хүнтэй уулздаг байсан байх. Одоо бол шууд гэртээ сууж байгаад л хийсэн бүтээгдэхүүнээ интернэтээр сурталчлахад 300 мянган хүнд шууд очиж байна. Түүний магадгүй 300 нь эерэг хариулт өгч, худалдаж авъя гэж сонирхож байна. Ийм мундаг боломж байна, найзууд аа. Үүнийг л олж харах хэрэгтэй. Ийм бизнесийг дэмжих хэрэгтэй. Ганцхан шалгуур тавь. Монголдоо байгаа боломжоо ашиглаад юм хий. Хэрвээ чи үүнийг гадагшаа зарж байгаа бол ямар төгрөгөөр, ямар валютаар зарж байгаа нь хамаагүй. Чамайг дэмжинэ. Чи хэдийг үйлдвэрлэж чадах вэ.Хамгийн гол нь энэ санаагаа Оюуны өмчийн газарт бүртгүүлж, энэ газрын гадаа иргэд мянга мянгаараа дугаарлаж байх ёстой. “Монголд Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн юм аа хө. Та авах гэж байгаа бол зарна аа хө” гээд байж байх ёстой. Түүгээрээ юм хийж чадахгүй гэхэд оюуны өмчөө зар л даа.

Монгол ингэний сүүгээр чихрийн шижин өвчнийг маш амархан эмчилж болж байна. Дэлхий дээр 3 хүний нэг нь ийм өвчтэй юм уу, өвчний илрэлтэй байгаа. Өөр газар хийгээд патент, оюуны өмчийн эрхийг нь авчихсан хүмүүс ч байна. Тэмээ яагаад сахарын өвчин тусдаггүй юм бэ гээд судалж үзсэн юм байна. Ус бага уудаг, дандаа шорвог юм иддэг, хамгийн түрүүнд сахарын өвчин тусмаар амьтан бол тэмээ. Гэтэл сүүнийх нь найрлагад эмчилдэг бодис байдаг юм байна. Хоёр бөхтэй тэмээ Монголд хамгийн олон байгаа. Би сая цагаан сараар олон тэмээтэй айлд очсон. Асуудлыг маш амархан шийдэж болж байгаа. Тийм бизнесийг дэмж л дээ. Тийм эхлэлийг дэмж л дээ. Адууны яснаас хүний ясны сийрэгжилтийн эсрэг бэлдмэл гаргасан байна. Эм хийхийг шаардахгүй, эхний ээлжинд бэлдмэл, хоолны нэмэлт тэжээлийг л хий л дээ. Үүнийг Монгол Улсын Засгийн газар дэмжих ёстой. Би хувьдаа Чингис бондоос үлдэж байгаа 700 тэрбум төгрөгөөр л үүнийг дэмжих шийдвэр гарга гэж хэлмээр байна.

Хөгжиж байгаа бусад оронд “Start up”–уудыг бүртгэдэг. Түүнийг заавал төрийн алба бүртгэх хэрэггүй. Тэгэхээр дахиад нэг газар байгуулж магадгүй. Ингэх хэрэггүй. Зүгээр хувийн бизнесүүд бүртгээд яваг. Фейсбүүк дээр Page нээхэд л болно. Твиттер дээр нээхэд л болно. Хэрэв намайг дэмжээч гэвэл би тийм газар руу хамгийн түрүүнд очино. Би тийм Фейсбүүк хуудсыг хамгийн түрүүнд дэмжинэ. Зарим хүн намайг энд тэнд ирээч гээд дууддаг бололтой юм билээ. Хэрэгтэй юманд бол би дуудаагүй байхад очино. Хэрэгтэй юмыг би шаардаагүй байхад дэмжинэ. Сая миний хэлсэн технологийн шийдлийг олчихсон, үйлдвэрлэлээ хийгээд сууж байгаа компани, аж ахуйн нэгж, төрд харагдъя, танд харагдъя, ард түмэнд үзүүлье. Бид юмаа сурталчилмаар байна гэвэл манай Тамгын газар руу яриарай. Цагаан дарга энд сууж байна. Би хамгийн түрүүнд очино. Тэр хүмүүстэй хамтдаа сууж цай ууна. Ярилцана. Эргэж ирээд Засгийн газарт “Тэнд тийм сайхан санаачилга байна. Ажил байна. Дэмжээрэй” гэж хэлнэ. Энэ бол өнөөдрийн тулгарч байгаа хүндрэлээс гарах нэг арга юм болов уу гэж би хувьдаа бодож байгаа.

Эрх чөлөөнд хүнийг жаргаах зорилго тавьдаггүй. Ардчилалд ч адилхан

Ардчиллын 25 жилийн ой гэхээр “Та нар хүсч байсан нийгмээ байгуулж чадсан уу” гэх зэргээр асуудаг. Эрх чөлөөнд хүнийг жаргаах зорилго тавьдаггүй. Ардчилалд ч адилхан. Бавуугийн Лхагвасүрэн гуай саяхан телевизээр маш зөв ярьж байна лээ. “Энэ эрх чөлөө гэдэг юмыг чинь намайг юм хий гэж өгсөн юм биш биз дээ. Намайг өөрөө өөрийнхөө амьдралыг аваад яв л гэж өгсөн юм шиг байна шүү дээ” гэж маш зөв хэлсэн. Яг л тэгж өгсөн шүү дээ. Тийм л боломж шүү дээ. Түүнээс биш чаддагаараа гараад орил. Зарим нь хоол идэхгүй гээд хэвт. Ийм байдлаар асуудал шийдэх гэвэл явахгүй ээ. Хэзээ ч явахгүй. Хүн төрөлхтөн үүнээс ангижирч байгаа. Одоо хамтарч явж бүтээдэг цаг.

Орилж, ярьж, шүүмжилдэг хүмүүс олон байдаг. Өнөдөр телевизээр гараад шүүмжилнэ гэдэг бол залхаан цээрлүүлэт болж байгаа. Хүмүүс шууд сувгаа сольж байгаа. Бүр ууртайгаар сувгаа сольж байна. Нэг шинэ бизнес, нэг шинэ шийдэл гаргаад “Монголын хөгжлийн зорилт ийм байх ёстой. Та үүнийг хуульчлаад өг” гээд над дээр хууль санаачлаад бариад ороод ирсэн нэг ч бизнесмэн алга байна. “Та нар их шүүмжилдэг. Их юм ярьдаг. Нэг шийдэл аваад ир л дээ” гэж би ноднин хэлж байсан. “Төр хариуцлагагүй байна” гээд баахан хашгирдаг. Хэн над дээр хариуцлагын тухай хууль барьж ирсэн юм бэ. Хэн ч барьж ирээгүй. Би өөрөө үүнийг хийгээд, хүмүүсийг суулгаад, Ерөнхийлөгчөөсөө авахуулаад сумын ИТХ-ын төлөөлөгч хүртэл, аймгийн Засаг дарга хүртэл, УИХ-ын гишүүн хүртэл ямар хариуцлага хүлээх юм бэ гэдэг хуулийг нь хийгээд УИХ-д өргөн барьсан.

Асуудал улс төр дотроо байна. Улстөрчид хариуцлага хүлээхгүй болсонд учир байна. Хариуцлага хүлээхгүй бол ардчилсан нийгэм өөрөө утга учраа алддаг. Энэ утгаараа Монголд ардчилал утга учраа алдсан. Ийм учраас хариуцлагыг сэргээе. Ерөнхийлөгчийг, УИХ-ын гишүүдийг, сонгогдсон хүмүүсийг иргэд эргүүлж татна гэж ярьдаг болъё. Ёс зүйн хариуцлага,  улс төрийн хариуцлага гэж юу байдаг юм. Муу юм хийж байгаа сайд, дарга нарт гарах хаалгыг нь зааж өгье гэхэд гарах хаалгыг нь хуулийн төсөл болгоод цаасан дээр буулгаад авчирч өгөөгүй шүү дээ. Би зөндөө хэлж байсан. Нэг бол сонгогддог, дараа нь шоронд явдаг. Ийм хоёр туйлаас больё л доо. Дундуур нь буруу юм хийсэн бол “Уучлаарай” гэж хэлээд гарах хаалгаараа гараад явдаг, энэ хаалгыг л хуульчилж өгье гэж байгаа юм. Ёс зүйн хариуцлага гэж юу юм бэ. Улс төрийн хариуцлага гэж юу юм бэ. Тийм хариуцлага хүлээвэл юунаас чөлөөлөгдөх юм бэ. Тэгэхгүй суусаар байгаад явах юм бол улс төрд эргэж орох хаалга нь яаж хаагдах вэ. Үүнийг хуулиар хийж өгье. Энэ хуулийг өргөн барьсан. УИХ энэ хаврын чуулганаараа хамгийн түрүүнд үүнийг хэлэлцэх ёстой. Ингэх юм бол Монголын төр хариуцлагатай болно. Монгол Улс хэлсэн үгэндээ явдаг болно. Монголын улстөрчид, шийдвэр гаргачид хариуцлагатай болно. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, итгэлцлийг ард түмнээсээ ч сэргээхэд нэмэртэй. Хамтарч ажиллаж байгаа хүмүүсээсээ ч сэргээхэд нэмэртэй болно. Би үүн дээр ажиллая гэж бодож байгаа.

Олон нийтийн сонсголын тухай хууль. Бизнесийнхнийг бариад, хориод байна. Болохгүй байна  л гэнэ. Тэр болохгүй байгаа зүйлийг УИХ дээр, байнгын хороон дээр иргэдэд нээлттэй, шууд дамжуулаад л ярих ёстой. Түүнийг Олон нийтийн сонсголын тухай хуулиар хийж өгөх ёстой. Би түүнийг санаачлаад оруулчихсан байгаа. Сумандаа ч, аймагтаа ч, УИХ дээр ч ярь. Тэр эрхээ эдэл л дээ. Түүн дээр худлаа хэлэх юм бол, хариуцлагагүй үйлдэл хий юм бол, хариуцлагагүй байдал нь батлагдах юм бол тэр этгээдтэй шууд хариуцлага тооц. Ажлыг нь эхлээд аваатах.

Би үйлдлээрээ үүнийг харуулах ёстой. Ирэх долоо хоногийн баасан гаригт би УИХ дээр тайлангаа тавья гэж УИХ-ын даргад хүсэлт өгсөн. “Олон жил бичгээр явуулсан. Одоо нэг хэлэлцээч. Хүмүүс хэлэлц гээд байна. Би УИХ дээр ороод Ерөнхийлөгчийн хувьд өнгөрсөн хугацаанд юу хийсэн юм. Цаашдаа юу бодож байгаа юм гэдгээ ярья” гэсэн, УИХ-ын дарга хүлээж авсан. Зөвшөөрсөн. Ирэх баасан гаригт саяын миний хэлдэг шиг та бүхэнд харуулаад хийх байх гэж найдаж байна. Үүнээс эхэлье. Энэ зүйлүүдээ хууль болгож оруулъя.

Ганцаараа тодорсноор явахгүй гэдгийг Монголын сонгож авсан зам харуулж байгаа

Хашгирдаг нь олон байдаг болохоос биш шийдэл бариад ирдэг, хийдэг нь цөөхөн байдаг. Зоригтой түүний хойноос явдаг нь цөөн байдаг. Би дамжлага гаргаж бичиж үзэж байсан. Наад тал нь зургаан дамжлага байдаг. Хүн эхлээд буруу юм хараад бухимддаг, тэмцдэг. Хоёр дахь нь шийдэл хайдаг. Гуравт нь шийдлээ олдог.  Дөрөвт нь шийдлээ цаасан дээр буулгадаг. Ажил хэрэг болгодог, Тавд нь хэрэгжүүлдэг. Зургаа дахь нь түүндээ хяналт тавиад хойноос нь явдаг. Яг ийм хэмжээнд бодож үзсэн үү. Бид эхний шатан дээрээ л мөргөж унаад байгаа шүү дээ. Энэ улс төр болохгүй байгаа юм бол түүнийг гаргаад, өөрөө харуулаад, өөрчлөх схемээ оруулаад ир л дээ. Түүнийгээ шийддэг газраар нь шийдүүл л дээ. Ганцаараа орилоод юм шийдэхгүй гэдэг эндээс харагдаж байгаа. Ер нь ганцаараа тодорсноор явахгүй гэдгийг Монголын сонгож авсан зам харуулж байгаа. Наад зах нь 200-300, тэгээд 2000-3000 хүний дэмжлэг авдаг, түүгээрээ юм шийдүүлдэг байх ёстой.

Ирээдүйн өв сангийн хууль гэсэн хууль оруулаад байгаа. УИХ-аар хэлэлцээсэй гэж бодож байна. УИХ-ын сонгууль болж, дараагийн УИХ бүрдэхээс өмнө шийдмээр 2-3 хууль бий. Улс төрийн намын тухай, намуудын санхүүгийн тухай, улс төрийн сангийн тухай харилцааг шийдэх ёстой. Хууль хийж байгаа гэж олон жил ярьсан ч яг үнэндээ бичээд тавьчихсан хууль алга. Тэгээд энэ санаачлагыг би өөр дээрээ татаж авч байгаа. Намуудыг, хүмүүсийг нэлээд харлаа. Үнэхээр бодитой үр дүнтэй зүйл гарч ирэхгүй байна. 25 жилийн турш улс төрийн намуудын харилцаанд гарсан алдаа, оноог харахад үнэхээр том хэмжээний, харилцааг маш сайн зохицуулсан хууль гаргаж болох юм билээ. Үүн дээр ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа. Санаа оноотой хүмүүс байвал ороод ирж болно. Шинэ УИХ бүрдсэний дараа намуудын хууль ярих гэвэл гишүүнчлэл өөрчлөгдлөө, суудлын хуваарилалтад өөрчлөлт орлоо гээд өөр тийш яваад өгөх учраас одоо л боломж байна.

Яг үүнтэй адилаар Төрийн албаны асуудлыг ингэж шийдэх хэрэгтэй. Төрийн алба тойрсон маш их харилцаа, маш их чухал асуудал байдаг. Захиргааны ерөнхий хуулийн төслийг би өргөн барьсан байгаа. Захиргааны шүүх байгуулчихаад шүүхийн барьдаг хуулийг нь баталж өгөөгүй л сууж байна. Замын цагдаа томилчихоод замын дүрмийг нь баталж өгөөгүйтэй адилхан. Үүнийг би төрийг засах гэж нэрлэж байгаа юм. Үүнийг би юм хийлгэх гэж, шийдүүлэх гэж явах гэж нэрлэж байгаа юм. Хөгжлийн зорилт, хэрэгжилт, хяналт гээд хууль бичээч гэсэн. Хэдэн хүн бичиж байгаа гээд худлаа яриад сууж байгаа. Энэ хуулийг манай бизнесийнхэн гаргаад ирээсэй гэж бодож байна. Түүн дээрээ бичих хэрэгтэй. Намууд сонгуульд орохдоо сонгуулийн мөрийн хөтөлбөрөө яг энэ зорилттой уялдуулж гаргана. Аудитын байгууллага, олон нийт үүнд нь хяналт хийнэ гэж. Хэрэв үүнээс зөрсөн бол СЕХ танай намыг бүртгэж авахгүй гэхэд бүгдээрээ хийх л болно. Бүгдийн хүлээж авч болохоор, Монголд хэрэгтэй зорилтуудаа гаргаж л тавих хэрэгтэй.

Бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, дараа нь зах зээлийн эдийн засаг гээд явсан. Одоо хөгжлийн зорилттой, бодлоготой удирдлага руу орох цаг болсон. Өнөөдөр Монголын нэг ажилтны нэг өдөрт бүтээж байгаа үнэ цэн дунджаар таван ам.доллар байна. Дэлхий дээр хамгийн өндөр бүтээмжтэй ажилтан нэг өдөрт дунджаар 60-90 ам.доллар, дундаж нь 30-60 ам.доллар бүтээж байна. Монголд юм бүтээж байгаа нэг ажилтны бүтээмжийн дунджийг үнэлэхэд 30 ам.доллар руу тэмүүлэх хэрэгтэй.

Төрийн бодлого, үйл ажиллагааны үр ашиг гэж бас гаргаж үздэг юм. Монголын төрийн бодлого, үйл ажиллагааны үр ашиг нь хамгийн өндөр түвшинтэй, сайн бодлого, үйл ажиллагаатай төрөөс дөрөв дахин бага байна. Хамгийн дээд талынх нь 100-12-ийн хооронд, дундаж нь 80-100-гийн хооронд байна. Монгол өнөөдөр 35 дээр байна. Хаана яваагаа нэг харъя л даа. Та нар энэ тухай ярих байх. Миний яриад байгаа ийм хууль баталж, ийм зүйл хийх хэрэгтэй байна гэдэг бол тооноос, ажиглалтаас, олон улсын судалгаанаас гарч ирж байгаа юм.

Нэг сайн мэдээ байна. 2014 онд бий болсон шинэ бизнесийн 95 хувь нь уул уурхайн бус бизнес байна. Бараг 80 хувь нь технологийн салбарт гарч ирсэн байна. Би үүнийг Монголын ирээдүй гэж харж байгаа. Үнэхээр программ хангамж ашиглаад,  гэртээ сууж байгаад сайн чанарын живх авч ирээд эхчүүдэд зараад сууж байгаа тэр ээж, сайн чанарын сүү зараад сууж байгаа хүн л сайн бизнес хийж байгаа. Одоо тэд бизнесээ бүртгүүлж дэмжүүлэх шаардлагатай. Дэмжих ч шаардлагатай. 80 хувь нь ийм бизнес болсон байна. Энэ бол сайхан мэдээ. Энэ бол гайхамшигтай мэдээ. Энэ бол сайн мэдээ. Монгол ийм ирээдүй үетэй, ийм залуучуудтай, ийм хөгжих боломжтой орон гэдгийг харуулж байгаа мэдээ.

Хаврын өдөр жилээ даана гэж ярьдаг. Тийм учраас энэ чуулганыг хавар хийдэг байх гэж бодож байгаа. Би хэдэн сайн мэдээ бас дуулгая. Бид Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Японы зах зээл рүү Монголд хийсэн бүтээгдэхүүн гарах бүрэн боломжтой болж байна. Монголд хийж байгаа шинэ санаачилга, шинэ бүтээгдэхүүнийг хйихэд нь техник, технологиор тусалж, өөрийнхөө сүлжээгээр гаргаж дэлхий нийтэд түгээхэд тэд бэлэн байна.

Энэ зүйл рүү Монголын төрийн бодлого явж байна. Саяхан УИХ-ын дарга Японд айлчлаад энэ бодлогыг Япон улсын парламентаар дэмжүүлж батлуулах талаар ярилцаад ирлээ. Яагаад нэг орон руу энэ гурван хүн цуваад очоод байдаг юм гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Энэ чиглэлээр үр дүн гарч, ажил явж байгаа учраас очоод байгаа юм. Айлчлал гэдэг бол өмнө нь төлөвлөгдсөн байдаг учраас явж байгаа юм. Түүнээс бус дуртайдаа, очих газаргүйдээ яваад байгаа зүйл огт биш. Энэ хоёр орны харилцаанд бодитой зүйлс харагдаж байна. Үүний мөрөөр маш олон бизнес босч ирнэ. Үйлдвэрүүд нь олон зүйл нийлүүлж чадах байх гэж бодож байгаа. Техник технологи солилцох, хамтран ажиллах, тэр том том үйлдвэрүүдэд нь монголчууд олон зүйл нийлүүлж чадна гэж төлөвлөж байгаа. Би хоёр жилийн өмнө Монголд цахилгааны дутагдалд орж байна тухай хэлж байсан.

Та бүхэнд сайн мэдээ дуулгахад Багануурт  700 Мгв-ийн цахилгаан станц босгоё гэж байна. Сая би Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай уулзаж ярилцахад энэ 2015 онд яг эхлүүлнэ гэж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 300 Мгв- аар барьж эхлүүлнэ. Цаашдаа хүчин чадлыг нэмэгдүүлж 600 Мгв болгож нэмэгдүүлнэ гэж байна. Үүнийг шийдхээр хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулж мөнгө төгрөгний асуудал нь шийдэгдэж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэж ажлууд эхлэж байна. Энэ бол сайн мэдээ.

Мөн зам болон дэд бүтцийн асуудлууд байна. Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл дээр хуралдаад 21 аймгийг хатуу хучилттай, стандартад нийцсэн засмал замаар холбоё хамтраад зүтгэе гэж 10-аад жилийн өмнө ярьж байсан. Одоо бодит үр дүн гараад зургаан аймаг л холбогдоогүй үлдсэнийг холбохоор ажиллаж байна. 2015-2016 онд багтааж эдгээрийг холбох зорилт тавиад, санхүүжилтийг нь шийдээд Засгийн газар ажиллаж байна. Үүнийг дагаад их ажлууд бий болж, их бүтээн байгуулалт өрнөж, их мөнгө хэмнэх болно. Одоо энэ баригдсан замууд дээр хамгийн гол анхаарах зүйл бол нэгд, аюулгүй байдал, хоёрдугаарт, засвар арчилгаа гэдэг зүйлийг огт орхилгүйгээр анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг мартвал энэ жил тавьсан зам дараа жилд үрэгдэж, элэгдэж муудах хандлага гараад байгаа. Одоо тавьж байгаа замууд дээр үүнийг хатуу анхаарах хэрэгтэй.

Богд уулыг тойроод шинэ нисэх буудлаас нааш тавих замаа эхлүүлье гээд ажлууд эхэлж байна. Дээр нь Эрдэнэт-Овоотын чиглэлд 570 км төмөр замын асуудал байна. Хойд хөрш рүүгээ гардаг шинэ гарцтай болъё гэж энэ том ажил, концессийн асуудлыг шийдээд эхлэх боломжтой болж байна.

Монгол Улс агаарын зам болон тээврийн хувьд Ази,Европыг холбосон түшиц газар болох боломж нээгдэж байна. Үүнийг бүрэн шийдэж боломж болгоё. 2015 онд Монгол Улсын агаарын хилээр нэвтэрдэг онгоцны тоо гурав дахин нэмэгдэж байна. Учир нь агаарын хяналтын навигацийн төхөөрөмжийг сайжруулж аюлгүй байдлын баталгааг нэмэгдүүллээ. Өмнө нь хоорондо 90 км-ийн зайтайгаар онгоц нисдэг байсан бол одоо өөрчлөгдөж 30 км болж ойртож, сайжирсан  Онгоцууд Монголд бууж, хөөрч Ази тивээс ачсан бараа нь Монголд бууж, Европоос ирсэн онгоц бараа, түлшээ сэлгэн ачиж эдийн засгийн хэмнэлт хийж хэн хэндээ ашигтай болох юм бол энэ салбар Монгол Улсын эдийн засагт их хувь нэмэр оруулна. Энэ шийдлийн тухай би 11 жилийн өмнө “Нүүх үү, үлдэх үү” лекцээр дамжуулан хэлж байсан. Энэ бодит ажил болж байна. Иймэрхүү сайн мэдээ, мэдээлэл их байна. Ажил болж босч байна.

Улаанбаатар хотыг утаанаас бүрэн салгах арга бол шингэрүүлсэн шатдаг хий. Түүнийг шийдэхээр хийн үйлдвэрийг дэд бүтэцтэй нь барьж босгох ажил эхэлж байна. Санхүүжилтийг Засгийн газар дээр шийдэж байна. Энэ сайн мэдээ. Хамгийн сайн шийдэл бол хийгээр дамжиж түлшний асуудлаа шийдэх болно. Дээр нь хог боловсруулах хоёр үйлдвэр баригдаж эхэлнэ. Энэ асуудлаар хотын захирагч хурал зөвлөгөөн дээрээ ярьж хэлэх байх.

Улсын хэмжээнд 2015 онд нийтдээ 93 сургууль барихаар төсөв мөнгө нь шийдэгдээд, ажил нь эхлээд явж байна. Энэ бол  том  тоо. Барилга болон энэ чиглэлээр нийлүүлэлт хийдэг аж ахуй нэгжүүдэд том боломж. Мөн Оюутолгойн гацаад байсан  асуудал шийдэгдэж эхэлж байна. Таван толгойн ажил шийдэгдэх боломж нэмэгдэж байна. Үүнийг би Монголын төлөө хэлж байгаа юм. Хэн нэгэн хүнийг дэмжсэнээр, эсвэл хэн нэгэн хүнийг эсэргүүцсэнээр хэлээд байгаа зүйл огт биш. Өнөөдөр Монголд мөнгө хэрэгтэй байна. Нарантуул зах дээр бараа зарж байгаа хүн долоо хоног зогсоод зардаг байсан бараагаа сар зогсоод зарж чадахгүй байна. Мөнгө надад хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Монголд бизнес гэдэг зүйлийг хөдөлгөөд өгөөч гэж хэлээд зогсч байна.

Орон сууцны найман хувийн зээл авсан, ажлаасаа халагдсан, ажилтай байгаа ч цалингаа авч чадахгүй байгаа залуучууд бүгд үүнийг хэлж байна. Зүгээр л юм бүтээгээд, энэ ажлыг жаахан ч гэсэн урагшлуулаад өг л дөө. Энэ мэдээнүүд урагшлах тухай мэдээнүүд байх болов уу гэж бодож байна. Хаях зүйлээ хаясан шиг хаяад явах хэрэгтэй. Бидэнд сайн жишиг байгаа. Сонгуульд бэлэн мөнгө амлахгүй гээд хаях зүйлээ хаяад явж чадсан шүү дээ. Бид өмнө нь байсан алдаагаа засаад явж чадаж байна. Харин одоо буцаагаад алдаагаа давтах талаар зарим хүмүүс ярьж байна. Тэдэнд хэлэхэд “Уучлаарай, бид өмнө нь алдсан, дараа нь алдаагаа засаад хуулиндаа оруулсан. Сайн хөгжиж байгаа улс үндэстэн бол муу зүйлээ ахин давтаад байх шаардлагагүй. 76 тойрог болж жалга дов бүрээс сонгох сонголт муу, буруу байна гэж нийтээрээ үзэж зассан. Одоо буцааж давтах шаардлагагүй. Тэр алдааг давтах талаар ярьж байгаа зүйлийг хувьдаа би буруу гэж үзэж байгаа. Улстөржиж бие биеэ татаж унагадаг тэр үеийг бид буруу гэж үзэж байгаа учир шууд хаяад урагшлах хэрэгтэй. Хаяж явах ганц зам бол үүнийг хуульчлах хэрэгтэй.

Одоо бид хариуцлагатай, сахилга баттай, зохион байгуулалттай, бүтээлч, найрсаг байдлаараа ялгарах хэрэгтэй

Дээр нь Монголын донж, төрх,  имижийг сайжруулах хэрэгтэй. Аль юм болгон зөвхөн Монгол ардчилал, нээлттэй Монгол гэдгээр явах вэ. Одоо хариуцлагатай, сахилга баттай, зохион байгуулалттай, бүтээлч, найрсаг байдлаараа ялгарах хэрэгтэй байна. Монгол Улс, Монгол хүн бусадтай нэг зүйл эхэлсэн бол дуусгадаг чанараараа ялгарах хэрэгтэй. Ингэж байж Монгол Улс хөгжинө. Ингэж байж Монголын донж, төрх,  имижийг сайжруулж өөрчлөх хэрэгтэй.

Хагарал, хуваагдал гэдэг бол хоосон зүйл хийх гэж байгаа, хоосон юм хийдэг хүмүүсийн хүчилтөрөгч, түүнийг дэврээдэг хүмүүсийн хүчилтөрөгч. Монголчуудыг хагаралдуулж, бутаргаж, хүчгүйдүүлж, доош нь хийх гэж байгаа хүмүүсийн хүчилтөрөгч болж хэзээ ч болохгүй. Түүнд автаж болохгүй. Автахгүйн тулд өнөөдөр бид цуглаад, ярилцаад сууж байна. Өнөөдрийн Эдийн засгийн чуулганы гол уриа  болсон Итгэлцэл дор ярилцаж байна. Одоо цааш нь сайн зүйлүүдийг хууль болгон оруулаад хөгжих боломж байна.

Бүгдээрээ хамтраад, нэгдээд, нэг зорилгын төлөө зүтгэх хэрэгтэй. 1989 оноос хойш бид мөн ч олон хүндрэл, сорилт бэрхшээлийг үзэж даван туулсан байдаг. Би сайн санадаг. Хэд хэдэн хүнд байдалд орж байсан. Энэ асуудал энэ хүрээд ер нь л гарах гарцгүй боллоо доо, одоо ч явах зам нь энэ хүрээд дуусч байна даа. Буруу зам руугаа ч орлоо шүү гэсэн хүнд мөчүүдэд монголчууд нийлж, цугтаа олон талаас нь ярилцаад л хамгийн зөв замыг олсон байдаг юм. Хамгийн зөв сонголтыг хийж ард нь гарсан л байдаг. Тиймээс үүнээс хүнд хэцүү үеүд монголчуудад тохиолдож байсан. Хамтраад шийдээд, туулаад гарсан байдаг. Тэр хүнд хэцүү сонголтуудтай бидний өвөг дээдэс ч тохиосон байдаг. Бидний үед шинэ цаг үе байна. Орчлон ертөнц их өөрчлөгдсөн. Өмнөх үеийн сорилт бэрхшээлээс илүү өөр, өвөрмөц сорилт бэрхшээл байна. Гэхдээ ажрахгүй, бид даван туулж гарна. Монголчуудын хүч нь тэнд байгаа, тэр нь цуглаж суугаад ярилцах юм.

Бүгдээрээ яривал буруугүй. Хэлэлцэж байгаад учир нь олдоно. Би үгээ эхлэхдээ та бүхэнд хэлсэн. Эдийн засаг хямарлаа ч гэсэн Монголын эдийн засаг өвчин туссан биш. Энэ хямралаас бид нар бүгдээрээ, ард иргэдийнхээ хүчээр, та бүхний дэмжлэгээр гарч чадна. Энд яригдаж байгаа сайн санаа, шийдлүүдийг сайн товхимол болгоод гаргах хэрэгтэй. Бүх хүний санааг хаялгүй эмхэтгээд аймаг, нийслэл, дүүрэг, сум, баг, Иргэдийн Хуралд бүгдэд нь, дээр нь Монголын хөгжлийн төлөө санаа тавьж байгаа бүх хүнд хүргэж, энд яригдсан хоёр өдрийн ярианы тэмдэглэлийг тэдэнд хүргүүлж бүх монголчууд хэлэлцэж, тал талаас нь харж, хямралын  ард амжилттай гарцгаая.

Та бүхэнд амжилт хүсэн ерөөе.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж