СЗХ зохицуулалтын үйлчилгээний зарим хөлсийг шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

СЗХ зохицуулалтын үйлчилгээний зарим хөлсийг шинэчилжээ

Санхүүгийн зохицуулах хороо зах зээлийн хөгжлийг дэмжих, оролцогчдын үйл ажиллагааны төрөл, санхүүгийн чадавхид нийцүүлэх зарчмын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоож зарим асуудлуудыг нэг мөр шийдвэрлэлээ. Тухайлбал, нийт хөрөнгийн дүн нь 300 сая төгрөгөөс доош бөгөөд Үндэсний холбооны гишүүн ХЗХ-ны төлөх хөлсийг бүрэн чөлөөлж,   үнэт цаасны зах зээлийн өөрийгөө зохицуулах байгууллага /МХБ, ҮЦТТТХТөв/ болон мэргэжлийн оролцогчдоос төлдөг зарим хөлсийг түр хугацаагаар чөлөөлсөн байна. Мөн түүнчлэн  ХАА-н биржийн төлөх хөлсийг 50 хувь бууруулж, даатгалын байгууллагуудад санхүүгийн хүндрэл үүсгэхгүйн тулд хувь тооцож төлдөг хөлсийг ондоо багтаан хоёр тэнцүү хувааж төлдөг байхаар зохицуулсан байна. Мэргэжлийн холбоог дэмжих хөшүүрэг болгон Холбооны гишүүн банк бус санхүүгийн байгууллагуудын төлөх хөлсийг 10 хувиар хөнгөлжээ.  

Оноосон нэр солих, салбар нээх, тусгай зөвшөөрөл сэргээх зэрэг салбар тус бүрт өөр хэмжээтэй байсан хөлсийг ижил хэмжээтэй болгож хөлсийг төвлөрүүлэх журмыг нэгтгэн баталлаа. Мөн Гүйцэтгэх захирлыг томилохыг зөвшөөрөх, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах гэх мэт тухай бүр авдаг зарим үйлчилгэний хөлсийг бүрэн чөлөөлсөн байна.

Дээрх байдлаар шийдвэрлэснээр санхүүгийн зах зээлд оролцогчид өсч бэхжих, үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх, өөрийгээ зохицуулдаг байгууллагуудад  харилцагчдаасаа авдаг шимтгэл, хураамжаа бууруулах боломжийг тус тус олгоно гэж СЗХ үзэж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж