Улаанбаатар хот таван сая жуулчин татна

Хуучирсан мэдээ: 2015.04.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хот таван сая жуулчин татна

“Монголын эдийн засгийн форум-2015” чуулга уулзалт “Улаанбаатар хотын хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Нэг сая гаруй иргэн оршин сууж байгаа Улаанбаатар хотын хувьд шийдэх асуудал олон болохыг хуралдаанд оролцогчид хэлж байлаа. Харин хотын дарга Э.Бат-Үүл Улаанбаатар хотыг хөгжүүлэх гол менежмэнт нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого болохыг танилцуулав. Тэрээр энэ тухай “Бид аялал жуулчлалын хот болох лоозонгоо 2030 оноор хугацаа тавьж заасан 2030 онд таван сая жуулчин авдаг олон улсын жишигт хүрсэн хот болохоор төлөвлөсөн. Японы хот төлөвлөлтийн мэргэжилтний хийсэн судалгаагаар 2030 он хүртэлх хүн амын өсөлт, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн дэд бүтэц нийлүүлэлтийг хангахад 9.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн. Гэхдээ энэ бол 2009 оны судалгаа. Харин Барилга хот байгуулалтын яамтай хамтарч хийсэн судалгаагаар дахин төлөвлөлт, дэд бүтцээ оруулаад 17 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт энэ хэмжээний санхүү мөнгө байхгүй. Ийм учраас үүнийг шийдэхийн тулд хувийн хэвшилтэй хамтаръя. Төр, хувийн хэвшлийн түншлэл хамтраад зорилтыг хэрэгжүүлье.

Бидэнтэй хамтарч ажиллаач гэж хувийн хэвшлийнхнээс гуйж байна. Өнгөрсөн 15 жилд Улаанбаатар хотын барилга байгууламж хоёр дахин их өссөн. Энэхүү бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийнхэн хийж асар их нөөц байгаагаа харуулсан. Хувийн хэвшил, ТББ-уудтай хамтарч эдийн засгийн стратеги гаргасан. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилтэй хамтрах төслийн суурь болсон стратегийг бэлэн болгосон. Урт, дунд, богино хугацааны маш чухал зорилт тавьсан. Төрийн хөрөнгө оруулалт бодлого жилээр хэмжигддэг хэрнээ ямар тогтворгүй байдгийг та бүхэн мэднэ. Эх үүсвэрээ тооцож чадаагүй, жилээр төлөвлөчихдөг, жилээр худалдан авдаг нь хөрөнгө оруулагч нарт асар том эрсдэл гэсэн үг. Хөрөнгө оруулагч нар аль болох урт хугацааны тогтвортой орчин, төсөл хөтөлбөрийг нэхдэг. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хариуцаж ажиллах корпораци байгуулахаар зорьж байгаа. Корпораци байгуулах их амархан. Гэхдээ энэ корпорацийг нэг төгрөгний эрсдэл хүлээдэггүй улс төрчид удирдаад эхлэх юм бол хувийн хэвшлийнхэн оролцохгүй гэсэн. Тийм учраас корпорацийг Удирдах зөвлөлтэй есөн хүнтэй байхаар урьдчилсан төсөл хийсэн. Есөн хүний зургаа нь хувийн хэвшлийнх. Гурав нь захиргааг төлөөлнө. Нэг зүйлд баяр хүргэхийг хүсч байна. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагч нар хамтраад нийслэлийн Худалдаа аж үйлдвэрийн танхим гэж байгуулагдсан. Удирдах зөвлөлийн хувийн хэвшлийн зургаан хүний саналыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлнэ томилно гэж бодож байгаа. Итгэлцэл нэгдүгээр алхам” гэлээ.

Чуулганд оролцсон эдийн засагч Н.Дашзэвэг “Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэдэг Улаанбаатар хотод хөгжлийн стратеги гэж алга. УИХ нь улсынхаа хөгжлийг 2040 он хүртэл тодорхойлж байхад нийслэл 2030 он гэж байх. Энэ чинь зөв юм уу. Хоёрдугаарт, Улаанбаатар хотоос их сургуулиудыг нүүлгэнэ. Тэгэхээр тэр байранд нь өндөр технологийн кластер хөгжүүл. Монголыг уул уурхай хөгжүүлэхгүй, монголыг монгол толгой хөгжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол хүний хөдөлмөрийн бүтээмж 5 ам.доллартай тэнцэж байгаа тухай хэлсэн. Арван жилийн дараа гэхэд өнөөдрийн БНСУ-ын иргэний авч байгаа цалинтай тэнцэхүйц цалинг монгол хүн авдаг болох зорилт тавьж ажилла. Улаанбаатар хотын эдийн засгийн зөвлөлийг бий болго. Төр, бизнес эрхлэгчид, нийслэлийн аль алиных нь төлөөллийг оролцуулаад” гэсэн юм.

Мөн энэ үеэр нэгэн оролцогч хотын дарга ажлын байр бий болгоход анхаарахгүй байна. Оёдлын үйлдвэрүүд харх шиг орц хонгилд ажиллаж байна. Ажлын байр олноор бий болох салбар хөнгөн үйлдвэрлэлийн салбар. Үүнд хот бодлогоор анхаарсангүй. Хотын дарга таны ажилд муу дүн тавьж байна гэсэн юм.

Үүнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Үйлдвэрлэлийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагч технологи оруулж ирнэ. Гэтэл валютын ханшаа алдчихсан ийм улсад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаас эмээж байна. Үүнээс болоод валютын хомсдол бий болчихсон. Анзаарч байгаа бол бид сайд М.Энхсайханыг мега төслүүдээ явуулаач ээ, УИХ, Засгийн газрыг төсвийн алдагдлаа багасгаач ээ, валютын ханшаа тогтворжуулаач ээ гэдгийг маш их хэлж байна. Ингэхгүй бол санхүүгийн зах зээл ажиллахгүй байна шүү дээ. Хятадын эдийн засаг амжилттай хөгжсөний үр дүн нь хөрөнгө оруулалтыг татаж чадсаны үр дүн. ОХУ-ч ялгаа байхгүй, хөрөнгө оруулалт татаж байна. Харин бид дунд нь хөрөнгө оруулалтаа “Босоо хөх монголоор” нам даруулчихаад сууж байна шүү дээ гэсэн юм.

“Улаанбаатар хотын хөгжлийн стратеги” сэдэвт салбар хуралдааныг Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөтөлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од, Монголын хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батсайхан, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шуллхаммер нар зочдоор оролцлоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж