Баяр наадмыг зохион байгуулах хороо хуралджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.05-нд нийтлэгдсэн

Баяр наадмыг зохион байгуулах хороо хуралджээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн баасан гаригт /IV.03/ шинэчилсэн бүрэлдэхүүнээр анхны хурлаа хийлээ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 79 тогтоолоор шинэчлэн баталсан. 32 гишүүнтэй Үндэсний энэ хороог Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж, орлогч даргаар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ажиллана.

Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Хурдан морины салбар хорооны даргаар, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Үндэсний сурын салбар хорооны даргаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Шагайн салбар хорооны даргаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Тохижолт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооны даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэв журмын салбар хорооны даргаар ЦЕГ-ын дарга Р.Чингис, Урлаг, соёлын салбар хорооны даргаар, БСШУ-ы дэд сайд Ч.Төмөрбаатар, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны даргаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил нар ажиллах юм.

Үндэсний их баяр наадам болоход гурван сарын хугацаа буй ч салбар хорооны дарга нар хариуцлага зохион байгуулалт сайтай, уялдаатай ажиллахыг Шадар сайд зөвлөлөө.

Ойрын хугацаанд салбар хорооны хурлаа зарлан хуралдуулж, хариуцсан ажилтайгаа газар дээр нь очиж танилцан хийх ажлын төлөвлөгөө болон төсвөө Ажлын хэсэгт энэ сарын 15-наас өмнө ирүүлэхийг үүрэг болголоо.

Ард иргэдээ тав тухтай наадамлуулахын төлөө сэтгэл гарган ажиллаж, өнөөдрөөс эхлэн Үндэсний их баяр наадмыг өнгөртөл ээлжийн амралт авахгүй ажиллахыг салбар хорооны дарга болон гишүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж