Барилгын компаниудтай “байлдаж” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Барилгын компаниудтай “байлдаж” эхэллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Дэд бүтцийн хяналтын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрынхан барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай зэрэг салбарт хийсэн шалгалтын дүнг өнөөдөр тайлагналаа.

Шалгалтад төсвийн хөрөнгөөр баригдсан 39, төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан 27, осол гарсан 28 барилга зэрэг нийт 275 барилгыг хамруулсан байна.

Шалгалтаар нийт 2479 зөрчил илрүүлж, 669 буюу 27 хувийг нь газар дээр нь арилгуулж, эрсдэл ихтэй 53, дунд эрсдэлтэй 61, бага эрсдэлтэй 161 объект байгааг тогтоосон байна.

Улмаар удаа дараа осол гаргаж, хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх 11 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, түдгэлзүүлэх саналыг холбогдох яаманд хүргүүлэхээр тогтжээ.


ЯМАР КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ВЭ?

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барилгын ажлын явцын буруутай ажиллагаанаас болж 90 гаруй хүн амь насаа алдсан байна. Иймээс барилгын сезон эхэлж байгаа энэ үед элдэв эрсдэл үүсгэхгүй, дахин хүний амь нас, эрүүл мэндийг хохироохгүйн тулд удаа дараа зөрчил гаргаж байгаа дараах компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг МХЕГ-аас гаргаад байна. Үүнд:

  • "НИЙСЛЭЛ ӨРГӨӨ" ХХК: Угсралтын ажлын явцад шаардлага хангахгүй шат, тандан, хамгаалах хэрэгсэлгүйгээс гурван хүний амь нас эрсэдсэн, нэг хүн хүнд бэртсэн.
  • "БО БЭ КОНСТРАКШН" ХХК: Дүүжинт өргүүрийн дээвэр дэх гаоны бэхэлгээний боолт мултарч, тросс суларчны улмаас өндрөөс унаж гурван хүний амь нас эрсэдсэн.
  • "ЧАНДМАНЬ ЦАМХАГ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй угсралтын ажил гүйцэтгэсэн.
  • "ИХ НАЯД ХӨГЖИЛ" ХХК: Магадлал хийгдээгүй ажлын зураг төслөөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөшөөрөлгүй, магадлалгүй зураг төслөөр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй.
  • "ЭРЭЛТ ИМПЕКС" ХХК: Угсралтын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хангалтгүй биелүүлсэн, хэв хашмалын гадна тулаасыг хийгээгүй.
  • "ТАЙГАМ АЛТАЙ" ХХК: Ажлын байрны аюулгүй байдлын нөхцөл бүрдээгүй, лифтний хонгилын хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй.
  • "ЕСҮЙ ОРДОН" ХХК: Барилгын тухай хууль болон бусад дүрэм журмыг ханган ажиллаагүй.
  • Мөн “Тен тен” ХХК, “Суурь” ХХК, “Говь гурван сайхан” ХХК, “Назу констракшн" зэрэг барилгуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг МХЕГ-ын улсын байцаагчид гаргажээ.

Түүнчлэн тендерт шалгарч, төсвөөс мөнгөө бүрэн авсан ч ажлаа гүйцэд хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг “Хар жагсаалт”-д бүртгэж, дахиж тендерт оролцуулахгүй байх, хуулийн байгууллагад асуудлыг нь тавих тухай албан тоотыг харъяа яам, агентлагт хүргүүлэхээр тус газар шийдвэрлэсэн байна. 

МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд “Дээрх шийдвэр нь барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дарамталж, хааж боосон хэрэг биш. Гагцхүү хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх, болзошгүй ослоос зайлсхийх зорилготой” гэдгийг онцоллоо.

Ямартай ч хяналтын байгууллагаас явуулсан саналыг Барилга хот байгуулалтын яаманд хянаж үзээд, дээрх 11 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах эсвэл түдгэлзүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдэх юм.
 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж