Хууль бусаар газар олгосон албан тушаалтныг яах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Хууль бусаар газар олгосон албан тушаалтныг яах вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Эмнэлгийн барилга, эзэмшил газрын талаар цаашид авах арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэнд, спортын сайдын болон Нийслэлийн Засаг даргын орлогч нарын мэдээллийг сонслоо.

Сайдын мэдээллээр эзэмшил газраасаа газар алдаагүй эмнэлэг олон аж. Тухайлбал, Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн газраас 450 м2 газар, Геронтлогийн төвийн эмнэлгийн газраас 450м2 газар бусдын эзэмшилд очсон байна. Зарим эмнэлэг эзэмшил газар дээрээ эмнэлгийн эмч, ажилчдад зориулж орон сууц барьсан тохилдлууд цөөнгүй. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн тайлбарлаж байгаагаар бол эмнэлгийн эмч, ажилчид урьдчилгаагаа төлж чадаагүйгээс болж, тухайн эмнэлгийн эзэмшил хашаанд баригдсан орон сууцанд нэг нь ч орж чаддаггүй. Эцсийн дүндээ эмнэлгийн дарга нь тухайн эмнэлгийн газрын эзэмшил газрыг зарсан болж хувирдаг. Дээр нь хотын удирдлагууд бусдын эзэмшил газрыг өөр компанид эзэмшүүлэх зэргээр хууль бус шийдвэр гаргаж ирсэн нь зөвхөн эмнэлгээр зогсохгүй сургууль, цэцэрлэгүүд газраасаа алдаж, бусдаас газар хүсэхдээ тулж буйг энэ үеэр хөндлөө.

Энэ асуудлыг тус байнгын хороо өмнө нь хөндөж тогтоол гаргасан, мөн Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас 2012 оны есдүгээр сарын 22-нд давхардуулж газар олгохыг хориглох шийдвэр гаргаснаар энэ зөрчил багассан аж. Мөн хууль бус аргаар эмнэлгийн газрыг эзэмшил болгосон аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгожээ. Үүнтэй холбоотойгоор маргаан үүсч, зарим гомдол шүүх дээр очсон аж.

Шүүхийн шатанд асуудал яригдахад компаниудын зүгээс “Газар эзэмших шийдвэрийг гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохгүй хэрнээ газрын төлбөрөө төлөөд явж байгаа аж ахуйн нэгжид хариуцлага тооцох нь шударга бус байна” гэдэг асуудал хөндөгддөг байна. Тиймээс энэ асуудалд байнгын хороо ч мөн анхаарах шаардлага байна гэдэг асуудлыг энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл хэллээ. Мөн түүний тодотгосноор хууль бус газар олголт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нарын үед хамаарах аж.  

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянга “Бүгдийг шүүхэд шилжүүлээд араас нь олон нийтийн хяналт тавих ёстой. Нийлээд хуйвалдаад ажиллачихсан хүмүүст хариуцлага тооцож болохгүй байгаагийн цаад шалтгаан юу байна вэ гэдгийг байнгын хорооноос нягталж тодорхой болгох ёстой” гэсэн юм.

Онцлоход, Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн хүн амын тоогоор хөөж үзэхэд 2-3 нэгдсэн эмнэлэг шинээр барих шаардлагатай бол орон нутагт өрхийн эмнэлэг 10-20-ыг барих хэрэгцээ байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж