Онцгой байдлынхныг шуурхай ажиллахыг үүрэг болголоо

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Онцгой байдлынхныг шуурхай ажиллахыг үүрэг болголоо

Энэ хавар 13 аймгийн 39 суманд 71 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний 35 нь Дорнод, Хэнтий Сүхбаатар аймагт гарсан байна.

Хэнтий  аймгийн Баян овоо сумын 1-р багаас баруун зүгт 30 км зайтай “Яруу” гэдэг газар 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр гарсан хээрийн түймэр тархан дэлгэрч Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумдыг хамран, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын чанх араас автомашины засмал замыг гурван хэсгээр даван сумын төв рүү чиглэн тархсан байна.

Тархсан түймрийг унтраахаар Сүхбаатар аймгийн ОБГ-ын 12 алба хаагчтай бүлэг сумын иргэдийн хамт трактороор зурвас татах, түймрийн өөдөөс цурав тавих зэрэг арга хэмжээ авснаар галыг сумын төвийн баруун  зүүн талаар гаргаж чадсан байна. 

Түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүргийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 30 минутад  Багануур дүүрэг,  Говьсүмбэр,  Дорноговь аймгийн ОБГ-аас  нэмэлт бүлэг гарчээ. Түмэнцогт суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас нийтдээ 140 албан хаагч, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын иргэд  ажиллаж байна. Цаашдаа салхины эрч улам ширүүсч, түймрийн тархалт нэмэгдэх хандлагатай  байгаа тул  шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Онцгой байдлын алба болон орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж