Төлийн тоо 2.2 саяар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

Төлийн тоо 2.2 саяар нэмэгджээ

Хүнс хөдөө аж ахуйн яам/ХХААЯ/-наас мал төллөлтийн явцын талаарх нэгдсэн дүн мэдээг тодрууллаа. Өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 54.4 хувь буюу 11670.8 мянга  нь төллөж,  11500.2 мянган төл буюу 25.3 мянган ботго, 92.2 мянган унага, 299  мянган тугал, 5895.6 мянган хурга,  5190  мянган ишиг хүлээн аваад байгаа аж. Мал төллөлт өмнөх  долоо хоногоос 2.2 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна.  Том малын зүй бусын хорогдол 170.2 мянга байгаа нь оны эхний нийт хорогдлын 0.3 хувийг эзэлж байна. мөн хорогдлын дотор өнгөрсөн цас, шуурганы улмаас Булган, Төв, Өвөрхангай, Увс аймгуудад нийт  113.9 мянган мал хорогдсон, зүүн аймагт гарсан түймрийн улмаас  Сүхбаатар аймагт 20 гэр, 40 өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, 1599 толгой мал, долоон бүл зөгий шатсан байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 18, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд говь талын нутгаар, 21-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурахаар байгаа аж. Тиймээс малчид, ард иргэд 18, 21-ний өдрүүдэд хол замд гарах, малаа бэлчээрлүүлэхгүй байх, гал түймрийн аюулаас болгоомжилж үнс, нурам, тамхины ишийг дутуу унтрааж хаяхгүй байх зэрэг өөрсдөөс хамаарах урьдчилан сэргийлэх арга хэмжээг байнга авч анхааралтай байхыг сануулж байна  хэмээн ХХААЯ-ны  хэвлэл  мэдээллийн албанаас мэдээлж байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж