Хэлмэгдсэн сайд нарын баримтыг судалж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Хэлмэгдсэн сайд нарын баримтыг судалж эхэлжээ

Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдаан өнөөдөр “Blue Sky” цамхагт боллоо.  Хуралдаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын Холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэ удаагийн хуралдаанаар комиссын 1992-2015 оны хамтын ажиллагаа, хамтран ажиллах протоколуудын биелэлтийг дүгнэж, “Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.

Энэ үеэр Архивын ерөнхий газрын дарга И.Саруулаас тодруулга авлаа.

-Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж байгаа гол асуудлууд юу байгаа вэ?

-Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комисс анх 1992 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 21 дэх удаагаа хуралдаж байна. Энэ хамтын ажиллагаа эхэлснээс хойш хоёр орны холбоотой ОХУ-ын архивт байгаа материалуудыг авч эхэлсэн. Жишээ нь хүмүүсийн анхаарлыг их татдаг хэлмэгдүүлэлтийн үеийн нэлээд их материалыг авсан. 1953 оноос хойшхи ОХУ-ын нууцын зэрэглэлд байсан материалуудыг нууцын зэрэглэлээс гаргаж, нээлттэй болгоод байна. Эдгээр баримтуудаар хамтарсан эмхэтгэлүүд гаргаж эхэлж байна.

Үүнд өмнө нь хаана ч хэзээ ч тавигдаж байгаагүй цоо шинэ материалууд дэлгэгдэж буйгаараа давуу талтай.

-Нууцын зэрэглэлээс гарч буй материалууд дундаас анхаарал татсан ямар баримт материал байгаа вэ?

-Маш өргөн хүрээг хамарсан баримтууд байгаа л даа. Хоёр орны Соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай, Халх голын дайны тухай, Эдийн засгийн харилцаа, “Эрдэнэт” үйлдвэрийн тухай гээд маш их баримтууд байгаа. Ер нь энэ нээлттэй болсон материалын 90 хувь нь өмнө нь хэзээ ч дурьдагдаж байгаагүй цоо шинэ баримтууд байгаа гэдгээрээ их өндөр ач холбогдолтой.

-Хэлмэгдүүлэлтийн үед ОХУ-д цаазлагдсан Монгол Улсын Ерөнхий сайд нарын мэдээлэл нууцын зэрэглэлд байдаг гээд эрдэмтэд судлаачид үзэж чаддаггүй байсан. Одоо энэ  нууцлалаас гаргасантай холбоотой энэ чиглэлийн материалуудыг үзэх боломжтой болж байгаа гэсэн үг үү?

-Хэлмэгдүүлэлтийн үеийн баримт материалууд нээлттэй болсон. Эрдэмтэн судлаачид очоод үзээд эхэлчихсэн.

-Энгийн иргэд сонирхсон баримт материалаа ОХУ-ын архиваас хуулбарыг нь Монгол руугаа авчруулаад үзэх боломж байгаа юу?

-Иргэд хүсэлтээ Архивын ерөнхий газарт гаргавал бид ОХУ-ын архивын газарт хандан хуулбарыг нь авах бүрэн боломжтой.

Хамтарсан комисс нь өнгөрсөн хугацаанд Монгол-Оросын төрийн архивуудад хадгалагдаж байгаа урьд өмнө далд, хаалттай байсан түүхийн чухал баримт бичгүүдийг судлах, сурвалжлах, хуулбараар солилцох, хамтарсан ном, эмхэтгэл хийх, архивын ажлын туршлага солилцох, мэргэжлийн боловсон хүчнийг сургаж, бэлтгэх, Монгол-Оросын харилцааны түүхийн чухал сэдвээр архивын баримт бичгийн үзэсгэлэн гарган олон нийтэд таниулах зэрэг тодорхой чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Тухайлбал, ОХУ-ын төрийн архивуудад хадгалагдаж байгаа Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг хуулбарлан авснаар Үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулахад томоохон ахиц гарсан бөгөөд Оросын талаас нийтдээ 8 мянган хуудас архивын баримтыг шилжүүлэн өгсөн байна.

Мөн комиссын ажлын хүрээнд Монгол Улсын Архивын Ерөнхий газар, Оросын Холбооны Архивын Агентлаг хамтран “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа” эмхэтгэлийн дэд боть болон “Халхын голын дайн” баримт бичгийн эмхэтгэл зэргийг хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгожээ.

Н.ЦЭНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж