Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар НҮБ-д санал өгнө

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар НҮБ-д санал өгнө

Монгол Улс 2009 оны тавдугаар сарын 13-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц, түүний нэмэлт протоколыг соёрхон баталсан билээ. Конвенцийн хэрэгжилтийн талаар 2011 онд Монголын Засгийн газар анхны тайлан илтгэлээ НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороонд илгээсэн бөгөөд энэ  оны дөрөвдүгээр сарын 8-9-нд Монгол Улсын анхны тайлан илтгэлийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 188, 189 дүгээр хурлаар авч хэлэлцэж, 2015 оны дөрөвдүгээр сарын 17-нд дүгнэлт, зөвлөмжөө гаргажээ. Энэ дүгнэлт, зөвлөмжөөр Монгол Улсын Засгийн газарт 37 зөвлөмж, гурван шаардлага, нэг хүсэлт хүргүүлсэн байна. Тухайлбал, 12 сарын дотор буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 17-ноос өмнө Монгол Улсын Засгийн газар Зөвлөмжийн 32, 46 дүгээр заалтыг хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээ авсан тухайгаа бичгээр хариу өгөхийг шаарджээ. Мөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хамруулж хоёр, гурав дахь тайлангаа нэгтгэж 2019 оны зургадугаар сарын 13-наас хэтрүүлэлгүйгээр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороонд хүргүүлэхийг хүссэн байна.

Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар “НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Монгол Улсад өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд үндэсний ТББ-уудын өгөх санал” сэдэвт уулзалт, семинарийг 2015 оны тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.  Уг төлөвлөгөө боловсруулахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжлийн бэрхшээлээс нь болж ялгаварлан гадуурхахгүй байх, мөн тэдгээр хүмүүсийг нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход боломжийг олгох “боломжит тохируулга”-ыг хангасан байхаар хийж байна. Тэд боловсруулсан төлөвлөгөөгөө ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст хүргүүлж, тодорхой шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Уулзалт семинарыг  Тэгш нийгэм  холбоо ТББ,  Европын холбоо,  АИФО олон улсын байгууллага, Оюуны инноваци ТББ хамтран зохион байгуулж байгуулсан байна.  

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж