Аудитын хуулийн төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Аудитын хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы  үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Засгийн газраас өргөн  мэдүүлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн төслүүдийн хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг  гишүүдийн олонх нь дэмжсэнээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн   юм.

2003 оны байдлаар нийт аж ахуйн нэгж байгууллагын 84 орчим  хувь нь 100 сая төгрөг хүртэлх, 3.8 хувь нь нэг  тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байгаа аж. Хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн тайлангаа жилд 1-2 удаа цахим хэлбэрээр илгээх,  15-аас дээш  жил үйл ажиллагаа явуулж байгаа санхүү, хүний нөөц, материаллаг баазын хувьд бэхжиж, Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу бүрэн биеэ даасан байдлаар үйл ажиллагаа явуулдаг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах зэрэг төрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлэх, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Аудитын олон улсын стандартын орчуулгыг хянан хэлэлцэх асуудлыг хариуцах Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороог Сангийн сайдын тушаалаар байгуулах зэрэг томоохн өөрчлөлт орох юм байна.

Мөн  Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрөл, хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд бүртгэлээ монгол хэлээр хөтөлж, санхүүгийн тайлангаа монгол хэлээр бэлдэх, санхүүгийн толилуулгын валют нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг байх,  татвар, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, аливаа тендерт оролцуулах, зээл авах, бусад аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хэлцэл хийх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, төрийн байгууллагатай хөрөнгө оруулалтын гэрээ хийх, хөрөнгийн биржид бүртгүүлэх зэрэг бүхий л тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг зөвхөн цахим хэлбэрээр хадгалагдаж байгаа мэдээллийн сангаас авдаг байх зэрэг шинэлэг зохицуулалт оржээ.

Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог орчин үеийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэл аудитын үйл ажиллагаанд олон улсын стандартыг мөрдөх, санхүүгийн тайланг хэрэглэгчид болох аж ахуйн нэгж байгууллагын гишүүд, хувьцаа эзэмшигчид, банк санхүүгийн байгууллагын болон төрийн санхүүжилтийг аж ахуйн нэгж байгууллагын санхүү, эдийн засгийн бодитой мэдээлэлд тулгуурлан хийдэг тогтолцоо бүрдүүлэх зэрэг олон асуудлыг тусган Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг шинэчилжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн  шинэчлэсэн найруулга батлагдан гарснаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзжээ. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,  холбогдох дүрэм, журмыг шинэчлэх аж. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж