Хан-Уул дүүрэг, АПУ компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг, АПУ компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хан-Уул  дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, АПУ ХК-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг нар 2015 оны 5-р сарын 11-ний өдөр нийгмийн хариуцлагын  хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг байгуулснаар компанийн зүгээс хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх замаар нийгмийн сайн сайхны төлөө хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. АПУ компанийн үйл ажиллагааны бодлого нь компанийн засаглалыг бэхжүүлэх, хүнээ хөгжүүлэх, технологийн дэвшил, нөү-хауг нэвтрүүлэхэд чиглэгддэг. Ерэн жилийн түүхтэй компанийн хувьд улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засаг, нийгэм  болон хүн, байгалиа хамгаалахад томоохон хувьд нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгосоор ирсэн.

Өөрөөр хэлбэл, хүний хөгжлийг дэмжих, байгаль экологио хамгаалах, өв соёлоо өвлүүлэх түгээн дэлгэрүүлэхэд олон талт, шат дараалсан цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. АПУ компани өнөөдөр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилт ололтыг дэмжих, мэргэжил чадварыг дээшлүүлэх, хүний хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллагсдынхаа их, дээд сургуульд сурч буй хүүхэд, мөн мэргэжил дээшлүүлэн сурч буй ажилчиддаа жил бүр тэтгэлэг, урамшуулал олгохын зэрэгцээ  “Компанийн хөгжилд бидний хувь нэмэр төслийн уралдаан”, АПУ академи зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Түүнчлэн байгаль экологийн чиглэлээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Европын холбоо, Нидерланд улсын засгийн газар, “Жайка” зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд үндэснийхээ соёл, өв сангаас судлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хамаг Монгол” язгуур урлагийн наадмыг зохион байгуулаад байгаа билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж