Хүүхдийн баярыг “Хүй долоон худаг”-т тэмдэглэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баярыг “Хүй долоон худаг”-т тэмдэглэхгүй

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөнд холбогдох газрууд ямар санал тусгах талаар хэлэлцэж, уг саналуудыг тусган нэгдсэн төлөвлөгөөг батлахаар болсон юм.

Энэ жил “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг Хүй долоон худагт тэмдэглэх тухай мэдээлэл багагүй гарсан. Тэгвэл энэ мэдээлэл ташаа юм байна. Учир нь хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Их эзэн Чингис хааны талбайд зургадугаар сарын 1-ний өдрийн 11.00-16.00 цагийн хооронд болох гэнэ.

Баярын өдөр 1500 гаруй авъяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байна. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой болон Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнуудын хүүхдүүдэд бэлэг гардуулах юм байна.

Эрх зөрчигдөж буй хүүхдүүдийг голчлон анхаарна

Энэ жил нийслэлээс эрх нь зөрчигдсөн, зөрчигдөж буй хүүхдүүдэд онцгойлон анхаарч, баярлуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, хорих ангид ял эдэлж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, хүүхдийн байгууллагад эрх нь зөрчигдөн хандаж байсан хүүхдүүдтэй уулзах, баярын бэлэг гардуулах, урлагийн тоглолт толилуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар ажлын хэсгийнхэн шийдвэрлэлээ.

Улаанбурхан гарсан тул тус тусдаа баяр зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа

Улаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас албан байгууллагууд тус тусдаа арга хэмжээг өөрийн зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна. Улаанбурханы тархалтын хүрээ тэлж байгаа тул энэ сарын 15-наас 25-ны хооронд нийслэлийн таван сартайгаас есөн нас хүртэлх хүүхдүүдэд вакцин хийнэ гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат хэллээ. Мөн баярын хүрээнд дэлгүүрэд худалдаалагдах хүүхдийн бэлгэнд орсон хүнсний бүтээгдэхүүний чанар, хугацаа, найрлагад анхаарахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон юм.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж