Шигшээ багийнхан МЧБХ-нд шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Шигшээ багийнхан МЧБХ-нд шаардлага хүргүүллээ

Чөлөөт бөхийн хүрээнийхэн, дасгалжуулагчид, шигшээ багийн тамирчид нэгдэн “Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах Түр хороо” байгуулжээ.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар болон шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ “Монгол ньюс” төвд мэдээлэл хийж, МЧБХ-ны ээлжит бус их хурал хуралдуулах зэрэг асуудлыг хөндсөн шаардлагыг тус холбоонд хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Шаардлагад МЧБХ болон түүний удирдлагуудтай холбоотой ноцтой асуудлуудыг дурьдаж, хариулт хүсчээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван тамирчнаа хуурамч визний асуудлаас болж оролцуулж чадаагүй явдлаас үүдэн МЧБХ-г тойрсон олон сэдэв хөндөгдөж, тус холбоог тэргүүлж буй их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг дүрэм зөрчиж ерөнхийлөгч болсон, холбоог удирдах хугацаанд ёс зүйн болон санхүүгийн алдаа дутагдал гаргаж байсан гэх асуудлыг дасгалжуулагч, тамирчид зоригтойгоор хөндөн ярих болсон юм.


Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын яриаг хүргэе:

-“Бид хүний муу үзэх гээд юм уу, өөрсдөө холбоо удирддаг хүмүүс болох гээд энэ тухай гэнэт хөндөн ярьж байгаа хэрэг биш юм аа. Өмнө нь тулгарч байсан асуудал, бэрхшээлийг бид олон удаа холбоонд тавьж, хэлж ирсэн. Бичгээр өг гэхээр нь бичиг цаасыг нь ч зөндөө явуулсан. Удаа дараа бид нар “Олгой хагаравч тогоон дотроо” гэж бодоод, хүлээцтэй хандаж ирсэн. Аргаа барсандаа ингэж болох, болохгүйгээ ярьж байгаа юм шүү.

Тэрнээс бид нар зохион байгуулалттайгаар холбоо руу дайрч давшилж, тэрийг энийг холбоо удирдуулна гэсэн зорилготой яваа хүмүүс биш. Үүнийг ард түмэн маань, спорт сонирхогчид маань ялгаж салгах биз ээ. Дөрвөн жилд нэг удаа болдог, хугацаандаа хийгээгүй их хурлаа албан ёсоор хийе. Хурал нь хэнээр холбоог удирдуулахаа шударга шийдье. Олимп хаяанд ирлээ. Энэ эмх замбараагүй, ёс зүйгүй, үл ойлголтой байдлаа больё гэдгийг л хүсч байгаа юм.

Үнэнийг хэлэхэд, биднийг энэ Түр хороо байгуулсан тухай мэдээлэл гарснаас хойш, тодруулбал өчигдрөөс хойш маш их дарамт ирж байгаа. Энд би нэг зүйлийг зориуд хэлье гэж бодож байна. Хэрвээ энд байгаа тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүс эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирвол одоогийн Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, биднийг эсэргүүцэж байгаа хүмүүс хариуцлага хүлээнэ. Тамирчдад маань, бидэнд маш их айдас хүйдэс байгаа. Их хүнд характертай хүмүүсийн эсрэг бид нар зориглон үг хэлж байна. Гэхдээ бид хамгийн гол нь баримттай юм ярьж байгаа. Их спортынхоо буяныг бодож хэдэн багш, тамирчид маань буруу зүйлийн төлөө буруу үйлдэл хийхгүй ээ”.


ШААРДЛАГА

“МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-НООС МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНД

Шаардлага хүргүүлэх тухай

Монголын чөлөөт бөхийн холбоо( МЧБХ)-ны одоогийн хууль бус удирдлагууд 2012 оны Олимпын наадмын дараагаас эхлэн удаа дараа дүрэм журмаа зөрчиж, баг, тамирчид, дасгалжуулагчдыг бэлтгэл сургуулилт хийх хэвийн нөхцлөөр хангахгүй, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсаар байна. Энэ байдлаас болж байнгын айдас хүйдэстэй явсан багш, дасгалжуулагчид, тамирчдын тэвчээр барагдсан тул ийнхүү зохион байгуулалтад орж шударга ёсны төлөө тэмцэх болсноо албан ёсоор мэдэгдэж байна.

МЧБХ хоёрхон жил гаруйн дотор маш олон алдаатай буруу үйл ажиллагаа явуулж, хариуцлага алдлаа. Тэр болгоныг дурдаж барагдахгүй тул цөөн хэдэн баримтыг дэлгэж байна. Тухайлбал:

1. МЧБХ-ны 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Их хурлаар баталсан дүрмийн 2.2-т заасан: Их хурлыг “4 жилд 1 удаа, Олимпын наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор багтааж хуралдуулна” гэсэн заалтыг зөрчиж, өнөөдрийг хүртэл Их хурлыг хуралдуулаагүй байгаа нь хууль бус.

2. Их хурлыг хуралдуулаагүй боловч “дүрмийн бус аргаар” хэзээ, ямар дүрмийн ямар заалтыг үндэслэн, хэний гаргасан ямар шийдвэрийн дагуу, хэн сонгосон нь чөлөөт бөхийн хамт олонд мэдэгдэхгүйгээр Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгч болгосон нь хууль бус.

3. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр МЧБХ-ны дүрмийг дур мэдэн өөрчилж, МЧБХ-ны Их хурлын шийдвэргүйгээр, хууль бусаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нь бас хууль бус.

4. МЧБХ-ны 2013 оны санхүүгийн тайланд Өсвөрийн ААШТ-ээс МЧБХ-д орсон орлогыг тусгаж тайлагнаагүй. Гадаадаас 400 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч ирж оролцсоноос хүн тус бүрээс хоногийн байр, хоолны зардалд 130 швейцарь франкийг доод тал нь 4 хоногоор тооцож, нийт 208,000 гаруй швейцарь франк авсан. 1 швейцарь франк 2,000 төгрөгийн ханштай бөгөөд энэ нь 416.0 сая төгрөг юм.

5. МЧБХ -ны 2014 оны санхүүгийн тайланд Залуучуудын ААШТ-ээс МЧБХ-д орсон орлогыг тусгаагүй байна. Гадаадаас 450 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгч ирж оролцсоноос хүн тус бүрээс хоногийн 180 швейцарь франк, доод тал нь 4 хоногоор тооцож, нийт 324,000 гаруй швейцарь франк авсан. 1 швейцарь франк 2,000 төгрөгийн ханштай бөгөөд энэ нь 648.0 сая төгрөг юм. Үүнээс гадна тус тэмцээнийг зохион байгуулалтын зардалд Улсын төсвөөс гаргасан 200.0 сая гаруй төгрөгийн тайланг одоо болтол гаргаагүй байна.

6. Ер нь Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгч болгосон гол зорилго нь юу юм бэ? МЧБХ-д тулгардаг мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болно гэж л оруулж ирсэн байж таарна шүү дээ. Яг үнэндээ Д.Дагвадоржоос ямар ч менежмент гарахгүй гэдэг нь ойлгомжтой. Түүнд байгууллага удирдах боловсрол, арга барил, ур чадвар, сэтгэл зүрх, харилцааны наад захын соёл байхгүй болохыг өнөөгийн бодит байдал бэлхнээ харуулаад байна. МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар өөрийг нь олон жил тэтгэж байсан дүүгээ сумогоос хөөгдөхөд нь “зөөлөн буулт’ хийлгэж чөлөөт бөхтэй ямар ч хамаагүй хүнийг МЧБХ гэдэг айлд оруулж ирсний гай өнөөдөр ийнхуү тодорч байна. Мөнгө санхүүгээр дэмжинэ гэж айлд дайрч орж ирээд хүүхдүүдийг нь ад үзэж байх суух газаргүй болгож, дэмжиж туслах нь байтугай Улсын төсөв, хандивын мөнгийг нь юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийж байна.

7. 2014 оны ААШТ Казахстан улсад зохион байгуулагдсан. Энэ тэмцээнд манай баг нэг алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртснээр багаараа мөнгөн цом авахаар болж бөөн баяр болсон. Ингээд багийн дасгалжуулагч Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар шагналын тавцанд гарах гэтэл Д.Дагвадорж шууд дуудан болиулж, дарамтлан цамцыг нь тайлуулан авч хэн нь мэдэгдэхгүй огт танихгүй Казахстан хүнд өмсүүлэн шагналын тавцанд гаргаж бүхэл бүтэн Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжилсон. Ингэж Монголын баг тамирчдын нөр их хөдөлмөрийн үр шимээрээ олж авсан баяр бахдалыг дээрэмдэж дарамталсан. Хожим тэр Казахстан хүн Д.Дагвадоржийн Казахстан дахь наймааны найз гэдэг нь тодорхой болсон. Энэ арай хэтэрч байгаа бус.

8. МЧБХ-ны 2014 оны санхүүгийн тайланд 929 сая төгрөгийн орлогоос Д.Дагвадорж өөрөө хувиасаа 352 сая төгрөг оруулсан гэж худлаа тусгасан. Энэ нь баримтаар нотлогдохгүй байна. Улмаар гадаад тэмцээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж ор үндэсгүй худал тайлагнасан. Гэтэл эрэгтэй шигшээ багт 2014 онд ердөө 2 тамирчин 1 дасгалжуулагчийг Азарбейджан Улсад болсон олон улсын тэмцээнд оролцох зардлыг гаргасан байдаг ба үүнийгээ 15 сая төгрөг болсон шүү гэж тайлбарласан. Иймэрхүү маягаар хувиасаа чөлөөт бөхөд маш их хөрөнгө оруулалт хийж буй дүр эсгэж, өөрөө түүндээ хэт итгэж, би ийм “том гавьяа”-тай юм чинь яасан ч яадаг юм, намайг хэн ч яаж ч чадахгүй гэсэн байдлаар өөрт нь үнэн үг хэлж, шударга хандсан дасгалжуулагч, тамирчин, шүүгчдийг хараан загнаж, заримыг нь үүрэгт ажлаа хийх ямар ч боломжгүй болгож хүний эрхийг хохироодог дарангуйлагч юм. Энэ нь спортын эрхэм дээд зарчим болсон Олипын Хартанд хатуу хориглосон хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг үзлийг уландаа гишгэсэн үзэгдэл болж байна. Чөлөөтийнхөө хамт олонд ингэж ханддаг мөртөө сайд дарга, эсвэл гадныхантай гайхмаар эелдзг нялуун харьцаж, өөрийгөө маш сайн хүн, монголын чөлөөт бөхийг аврагч мэтээр ойлгуулж огт ичихгүйгээр хоёр нүүр гаргаж чаддаг, бялдууч юм.

9. 2014 оны тайлангийн хурлын дараа Д.Дагвадоржоос тамирчдын гадаад арга хэмжээний зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэдэг тайлангийн задаргааг нь лавлаж асуухад Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нь “470 сая биш юм шиг байна аа, 170 сая юм аа” гэж хэлсэн, тэгэхээр нь оффисын ажилтнаас лавлахад “Эхлээд тайланг 170 сая төгрөгөөр гаргасан, гэтэл Д.Дагвадорж үзээд “Дэндүү бага тоо тавьсан байна, 470 сая төгрөг болго” гэж хэлсэн, тэгээд 470 сая төгрөг болгосон” гэсэн болно. Гэтэл тайлангийн хурлын дараа “Хэл ам татлаад байна, 270 сая төгрөг болгочих” гэж өөрөө хэлсэн байна. Ингэж л Д.Дагвадорж гэдэг хүн дур зоргоороо аашилж, бусдыг дэндүү дээрэлхэн дарамталж, ямар ч баримтгүй, амандаа орсноо хэлж явна. Энэ юу болж байна вэ?

10. Харин ССАЖЯ-ны харьяа Спорт Бэлтгэлийн Төвөөс 2013, 2014 онуудад чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багт нийт 1 тэрбум 200 сая орчим төгрөгийн санхүүжилт гаргасаар баг тамирчид бэлтгэл сургуулилт хийж, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцон 2013, 2014 оны ДАШТ-ээс Монголын эрэгтэй эмэгтэй бөхчүүд 10 медаль хүртэж, 2 жил дараалан дэлхийн шилдэг 8 багт шалгарлаа. Энэ бол сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт, түүний арга технологийг боловсронгуй болгон бэлтгэл сургуулилтандаа өөрчлөлт, шинэчлэл хийж ажилласан чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

11. Гэтэл МЧБХ-ны 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн тайлангийн хурал дээр Д.Дагвадорж мэдэгдэхдээ: “ДАШТ-ны медалийг эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид та нар сайндаа авчихсан юм биш, Дэлхийн Бөхийн Холбооноос Монголд ирсэн хүн тус бүрт би хамгийн багадаа 10.0-20.0 мянган доллар халаасанд нь хийж өгч байсан” хэмээн Дэлхийн медалийг бөхчүүд жинхэнэ хүч чадлаараа аваагүй, Д.Дагвадорж хахуулиар авч өгсөн болгон зарлаж, тамирчид, дасгалжуулагчдын хөдөлмөрийг шууд үгүйсгэн гутаан доромжилсон. Энэ ер нь юу гэсэн үг вэ? Ийм юм байдаг юм уу?

12. 2015 оны УАШТ-ийг зохион байгуулахдаа тэмцээн явагдаж буй заалны чимэглэл 100 хувь “Yokohama” гэсэн дугуйны рекламын самбараар дүүрсэн байсан. Мөн “Yokohama” дугуйтай холбоотой хэмээн нэгэн япон хүн өдөр бүр тавцанд гаран шагналын үйл ажиллагаанд оролцож, “рекламдуулж” байсан. Гэтэл МЧБХ-ны 2014 оны үйл ажиллагаанд 31,3 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн компанийн ганц ч реклам байгаагүй. Тэгэхээр 31,3 сая төгрөгөөр дэмжихэд ганц ч “үсэг” тавигдахгүй байгаа юм чинь, 100 хувь битүү рекламдуулж байгаа “Yokohama” дугуйны компаниас доор хаяхад 300 сая төгрөгийн дэмжлэг ирэх байлгүй дээ гээд харж суутал, энэ “Yokohama” дугуйны компани нь Д.Дагвадоржийн өөрийнх нь компани болж таарлаа. Ингэж л зөвхөн өөрийнхөө хувийн ашиг хонжооны төлөө, япон түншдээ таалагдаж, “мундаг”-аа харуулахын тулд МЧБХ-г бүхлээр нь дайчилж чадаж байна даа.

13. Улмаар 2015 оноос УАШТ-ийг зохион байгуулах менежмент хийлгүйгээр тэмцээнд оролцож байгаа тамирчдаас авдаг хураамжийг огцом өсгөж өсвөрийн 600 хүүхдээс 15 мянган төгрөг, 500 орчим залуучуудаас 18 мянган төгрөг, 400 орчим насанд хүрэгчдээс 20 мянган төгрөг, бүгд 30 шахам сая төгрөг хураачихаад насанд хүрэгчид, залуучуудын тэмцээнд медаль авсан тамирчдад ямар нэгэн шагнал өгөөгүй. Хураасан мөнгөнийхөө зарцуулалтын тайланг тавиагүй.

14. 2015 оны ААШТ-д оролцох эрэгтэй багийн гурван бөхийг хуурамч визний асуудалд оруулан, тамирчид дасгалжуулагчдыг эд мөнгө, сэтгэл санаа, эрүүл мэнд, эрх чөлөөгөөр нь хохироож, олон улсын тавцанд МЧБХ-ны төдийгүй Монгол Улсын нэр хүндийг унагаж Монголын ард түмнийг бухимдуулчихсан мөртлөө твиттер хуудсаараа өөрийгөө өмгөөлсөн, үнэн бодит байдлыг нуун дарагдуулсан мэдэгдлүүд хийж байгаа нь хэзээ ч буруугаа хүлээдэггүй, өөртөө дүгнэлт хийдэггүй, засаршгүй этгээд болохоо харуулж байна.

15. Мөн өнгөрсөн долоо хоногт Архангай аймагт болсон өсвөрийн тэмцээний үеэр Д.Дагвадоржийн томилсон нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр: “Зарим бөхийн холбоо барилдах гэж байсан хүүхдийг “алчихсан” мөртлөө нэг их хэл ам хийхгүй байхад манайхан хоёр гуравхан хоног хоригдчихоод сүртэй юм яриад” хэмээн уурсан ярьсан нь өөрсдийн хийсэн буруутай үйл ажиллагааг үл тоон харин ч зөвтгөж байгаа санаа биш үү?

16. Түүнчлэн Д.Дагвадоржийн томилсон МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Төмөрбаатар 2015 оны 3 дугаар сард Улан-Үд хотод болсон тэмцээний үеэр Монголоос залуу охидыг дагуулан очиж, гадаадын шүүгч нарт зарж биеийг нь үнэлүүлэн тэр үйл явдал нь олон нийтэд ил болсоор байтал хариуцлага тооцож эрүүгийн хэрэгт татахын оронд харин ч өөхшүүлж 2015 оны ААШТ-д явуулсан. Дубайд манай гурван тамирчин дасгалжуулагчтайгаа хуурамч визний асуудлаар хоригдоод тарчилж байхад тэр хүн яг хажуугаар нь юу ч болоогүй юм шиг өнгөрч тавласан үйл явдал болсон. Уг нь МЧБХ-ны гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч хүн шүү дээ Ийм xvн холбооныхоо гадаад харилцааг хариуцуулж болдог юм уу?

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг цаг алдалгүй арилгаж, чөлөөт бөхөө аврахын тулд чөлөөт бөхийн халуун фронтод ид ажиллаж буй дасгалжуулагчид, тамирчид, шүүгчид болон дэмжигчид “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороо"-г байгуулан, МЧБХ-ны дүрмийн бус, хууль бус, боловсрол мэдлэг, соёл хүмүүжилгүй, бүдүүлэг дээрэнгүй, ах дүүгээрээ нэг гэр бүлийн удирдлагуудыг тав хоногийн дотор ямар нэгэн тайлбаргүй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, МЧБХ-ны тамга тэмдгийг Түр хороонд хүлээлгэн өгөхийг шаардаж байна.

Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах Түр хороо тамга, тэмдгийг хүлээж авсны дараа хугацаанд нь хуралдаагүй 3 жил болсон “Ээлжит бус их хурал”-ыг хуралдуулан, МЧБХ-ны шинэ удирдлагуудыг сонгож ажиллах болно.

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН:

“МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООГ ШИНЭЧЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ХОРОО”-НЫ ГИШҮҮД:

  1. Ц.Цогтбаяр
  2. Б.Баяраа
  3. О.Пүрэвбаатар
  4. Л.Энхбаяр
  5. Г.Мандахнаран
  6. Э.Ням-Очир
  7. Д.Цогтбаатар
  8. Э.Бэхбаяр
  9. Б.Номин
  10. Т.Түвшинтулга
  11. Б.Анхбаяр
  12. П.Өнөрбат
  13. П.Өсөхбаатар
  14. Н.Золбоо
  15. Д.Гомбодорж
  16. Б.Баянмөнх
  17. Г.Идэрхүү
  18. Б.Батмагнай
  19. Н.Лхамгармаа
  20. Д.Хүдарбулга
  21. Д.Алтанхуяг
  22. О.Үйтүмэн
  23. Ж.Чулуунбат
  24. Ц.Хосбаяр
  25. С.Батболд
  26. Г.Отгонбаатар
  27. З.Мөнхзолбоо
  28. Б.Өсөхбаяр

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж