Ц.Мөнхтөр: Галын шалтгааныг ойрын үед тогтооно

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхтөр: Галын шалтгааныг ойрын үед тогтооно

Төрийн ордны хоёрдугаар давхарт байрлах Засгийн газрын хуралдааны танхимд гарсан галын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Галыг бүрэн унтраасан байна, харин гал юунаас болж гарав гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтооно. Урьдчилсан байдлаар галын шалтгаан тодроогүй байгаа гэдгийг тодотголоо. Өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдаан товлогдсон байсан бөгөөд саатаагүй, тус хуралдаан Төрийн ордны дөрвөн давхарт Нутгийн удирдлагын танхимд эхэлж байгаа гэх мэдээллийг өглөө. Засгийн газрын хуралдааныг Шадар сайд У.Хүрэлсүх удирдана. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж, эзгүй байгаа тул Засгийн газрын хуралдааныг Шадар сайд удирдах аж. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэх юм байна.


Дээрх мэдээллийг өгсний дараа Ц.Мөнхтөр зөвлөх сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Цахилгааны гэмтлээс гал гарсан гэх яриа байна. Хэр бодитой юм бол?

-Магадлан шалгаж байна. Мэргэжлийн дүгнэлт ойрын үед гарна.

-Гал гарах үед хуралдаан зохион байгуулагчид Засгийн газрын хуралдаан болох танхимд байсан уу. Хүмүүс гайгүй юу?

-Цөөн тооны хүмүүс байсан гэсэн, тэднийг гаргасан.

-Засгийн газрын хуралдаан болдог танхим бүхэлдээ шатсан гэх мэдээлэл байна. Үүнийг юу гэх вэ?

-Үүдний өрөө рүү орсон, бага зэрэг шатсан байна лээ. Гэхдээ цаашаа орж харах боломжгүй байсан.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж