Ж.Равдандорж цахилгаан тасалсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Ж.Равдандорж цахилгаан тасалсан уу?

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандоржийг Төрийн өмчийн хороо /ТӨХ/-оос хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дууссан шалтгаанаар тавдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2012 онд "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн даргын албан тушаалд томилогдсон байдаг.

Төрийн өмчит хуулийн этгээдэд хоёр жил тутам нэг удаагийн хяналт шалгалтыг  хийх ёстой аж. Энэ дагуу дээрх байгууллагад 2012, 2013 онд Төрийн өмчийн хорооноос шалгалт хийсэн ч одоог болтол дүнг нь ТӨХ-ны хурлаар албажаагүй байна. Шалтгаан нь Ж.Равдандорж байгууллагатаа хийсэн шалгалтын дүнг хурлаар оруулаагүй тухай ТӨХ-ны Бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од мэдээллээ. Тэрбээр "Хэрвээ "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-д хийсэн шалгалтын дүнг, ТӨХ-ны албан хурлаар оруулж баталгаажуулсан бол тухайн үед л Ж.Равдандорж хариуцлага хүлээх, цаашлаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх байсан"  гэлээ.   Улмаар энэ сарыннаймны өдөр  ТӨХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ш.Солонго "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК компанийг энэ сарын 11-нээс 22-ны хооронд шалгах шийдвэр гаргасан байна.

Ноцтой баримт ТӨХ-нд иржээ

Эх сурвалжийн мэдээлснээр Ж.Равдандорж нь өнгөрөгч тав дахь өдөр түр хороо байгуулсан байна. Мөн Ж.Равдандорж нь “Дарханыг найдвартай тоггүй болгоно, тэнд миний найдвартай холбогч байгаа” гэж хэлжээ. Үүнийг нь баримт болгон буулгаж байгууллага дотроос нь ТӨХ-нд авчирч өгчээ.

"Тамга, гэрчилгээ авч явсан" гэлээ

Өнгөрсөн Лхагва гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн дарга Ж.Равдандоржийг одоогоор хүн орлоогүй, "суудал" нь түр эзэнгүй байна. Өөрөөр хэлвэл Төрийн өмчийн хорооноос орны хүнийг нь томилоогүй байна. Гэхдээ ТӨХ-ны дэд дарга Б.Төмөрбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн бямба гарагт тус компани дээр очиж, байгууллагын тамга тэмдгээс нь бусдыг нь хүлээж авчээ. Ж.Равдандорж команийнхаа тамга, гэрчилгээг аван зугтсан тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тамга, гэрчилгээг ийн авч явах ямар шалтгаан байв гэдэг одоо ч бүрхэг хэвээр байна.

600 орчим сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК зөвхөн дөрөвдүгээр сард 600 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тухай ТӨХ-оос мэдэгдлээ. Харин өнгөрсөн ням гарагт улс даяар эрчим хүч саатахад чухам хичнээн төгрөгийн хохирол улсад учирсан бэ гэдэг тооцоо гараагүй болохыг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн юм. Өөрөөр хэлвэл ОХУ-ын Галуут нуурын цахилгаан дамжуулах сүлжээнээс хэдэн төгрөгийн цахилгаан импортлосон бэ зэрэг нарийн тооцоолол тодорхой болоогүй байна.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж