Оюутолгойгоос орох ашгийг ингэж тооцжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Оюутолгойгоос орох ашгийг ингэж тооцжээ

Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх эрх бүхий ажлын хэсэг сүүлийн гурван сарын турш эрчимтэй ажилласны дүнд Дубай хотноо энэ сарын 18-нд “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурж, хоёр талд санал зөрөлдөөнтэй байсан татвар, санхүүжилтийг ойлгомжтой болгож, далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх таатай нөхцлийг бүрдүүллээ гэж Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой аж. Далд уурхайг ашиглалтад оруулахад долоон жил шаардана. Түүгээр дамжиж орж ирэх хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ 20 тэрбум ам.доллараар яригдаж байна.

1.Хөрөнгө оруулалтын зардал

  • Эхний нэг дэх жилд 400 сая ам.доллар
  • Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Гурав дахь жилд 1.1 тэрбум ам.доллар
  • Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
  • Тав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Зургаа дахь жилд 1 тэрбум ам.доллар
  • Долоо дахь жилд 0.6 тэрбум ам.доллар

Нийт дүнгэрээ 6.8 тэрбум ам.долларын зардал гарах нь.

2.Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал

  • Нэг дэх жилд 300 сая ам.доллар
  • Хоёр дахь жилд 1.1 тэрбум ам.доллар
  • Гурав дахь жилд 1 тэрбум ам.доллар
  • Дөрөв дэх жилд 1.1 тэрбум ам.долллар
  • Тав дахь жилд 0.7 тэрбум ам. доллар
  • Зургаа дахь жилд 0.5 тэрбум ам.доллар
  • Долоо дахь жилд 0.1 тэрбум ам.доллар

Нийт дүнгээрээ 4.7 тэрбум ам.доллар болж байна.

3. Монгол Улсад шууд зарцуулах хөрөнгө оруулалтын тухайд

  • Нэг дэх жилд 1.1 тэрбум ам.доллар
  • Хоёр дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Гурав дахь жилд 1.2 тэрбум ам.доллар
  • Дөрөв дэх жилд 1.3 тэрбум ам.доллар
  • Тав дахь жилд 1.4 тэрбум ам.доллар
  • Зургаа дахь жилд 1.3 тэрбум ам.доллар
  • Долоо дахь жилд 1.3 тэрбум ам.доллар

Нийт дүнгээрээ 9 тэрбум ам.доллар аж.

Мөн Хөрөнгө оруулагчдын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдаагүй байсан Оюутолгой төслийн нийт өгөөжийн 54 хувийг Монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулж, Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаа болон санхүүд Монголын тал хяналтыг тавьж ажиллах тогтолцоог бий болгож чадсан. Менежмэнтийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 3 хувь болгосон байна.


Дээрх мэдээллийг өгсний дараа Уул уурхайн сайд Р.Жигжид сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-Оюутолгой төслийн ТЭЗҮ-г дахин шинэчлэх асуудал яригдаж байгаа. Байнга ТЭЗҮ-гээ шинэчлэх нь зөв юм уу, түүнийг дагаж Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал өсч орж ирээд байгаа?

-Оюутолгой төслийн ТЭЗҮ-ийг 2010 онд Эрдэс баялгийн зөвлөлөөс баталсан байдаг. Дахин шинэчлэх болж байгаа нь илүү бодит нөхцөл байдалтай нь уялдуулахын тулд хийж байгаа алхам гэж харж байгаа. ТЭЗҮ гэдэг хөдөлшгүй тогтмол байгаад байдаг зүйл биш. Нөхцөл байдалтай уялдуулаад сайжруулж өөрчлөх ёстой.

Бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар цаашдаа Монголын тал “Оюутолгой”компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, тогтмолжуулах, Удирдлагынх нь аудитын хороог Монголын тал удирдах зэрэг тодорхой заалтууд ороод явсан юм билээ. Цаашдаа зардлын хэтрэлт хяналтан дор ил тод байна.

Төслийн тухайд Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай тохироод гарын зүсэг зураад баталгаажуулчихсан төсөл. Хэрвээ бид төслийг гацаагаад байх юм бол эдийн засаг талдаа сөрөг нөлөө үзүүлж байгаа. Ирээдүйгээ хараад асуудлыг шийдээд цаашид хамтран ажиллах нь зүйтэй юм аа гэсэн байр суурьтай байна.

-Санхүүжилтийн төлөвлөгөө хэр бодитой вэ?

-Хоёр талаас санхүүгийн шалгалт хийгээд, түүнд үндэслэж, бүтээн байгуулалтын төлөвлөгөөндөө хөрөнгө оруулалтын зардлууд, болон бусд асуудлыг тусгасан.

-Монгол Улс Оюутолгой төслөөс хэзээнээс ашиг хүртэх вэ. Ашиг хүртэх хугацаа хойшиллоо гэж яриад байгаа?

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилнэ. Энэ төсөлд Монгол 34 хувь эзэмшдэг, 34 хувиа ногдох ноогдол ашгаар төлнө. Түүний дараа ашиг хүртэнэ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж